ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ БОЛСОН ХӨРСНИЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЦГЭЭЕ
Гадаа урин дулаан цаг ирж хүн малын зоо тэнийгээд сайхан байна. Гэвч сайны хажуугаар саар зүйл бас байна. Хаврын цагаар хөрсний бохирдол байгаа хэмжээнээс хэтэрдэг. Үүнээс үүдээд янз бүрийн өвчлөл ихэсдэг. Тухайлбал, цусан суулга, сальмонеллёз, энтеровирусын халдвар зэрэг халдварт өвчнүүд нэмэгдэх хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Мөн шар усны үер ч их болдог. Учир нь өвлийн цагт иргэд угаадас болон бохирдлоо хамаагүй гудамжиндаа асгадаг. Энэ нь дулааны үеэр хайлж хөрсний гүнд шингэж зарим хэсэг нь шар ус болон урсдаг. Иймэрхүү бохирдолтой газрыг нийслэлийн гэр хорооллын гудамжаар явахад шууд харагдана.
Ийм л нөхцөл байдлаас болоод гэдэсний халдварт өвчин болон амьсгалын замын гээд төрөл бүрийн өвчин гардаг. Энэ талаар МУИС-н ГГС-н Газарзүйн тэнхимийн ахлах багш доктор Д. Даваадорж “Хөрсөнд нефть шингэж задардаг, задрахдаа эвгүй үнэр ялгаруулдаг. Удаан хугацааны турш бохирдсон газар хүн амьдрах юм бол мэдрэлийн системийн сааталд орж эхэлдэг юм. Мөн 2005, 2006 онд ШУА-ын Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотын гүний усны судалгааг Гачууртаас Амгалан хүртэл хийсэн. Үүнээс хэрэгцээний усыг хангадаг 15 худаг байдаг, эдгээрээ 150 метрийн гүнээс шинжилгээ хийхэд гэдэсний өвчин үүсгэгч бактери илэрч байсан” гэсэн байдаг.
Мөн одоогоос зургаан жилийн өмнө эрдэмтэд Улаанбаатарын хөрсөнд шинжилгээ хийхэд хөрсний бохирдол 95 хувьтай, нянгийн бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10-16 дахин их байсан нь үнэхээр эмзэглэмээр. Үүнээс хойш энэ хэмжээ буураагүй нь лавтай. Харин ч улам ихэссэн байх.
Ер нь хөрсний бохирдол үүсгэж буй нэг хүчин зүйл нь үерийн нэртэй бохирын далангууд. Тухайлбал Бөмбөгөр захын хажуугаарх үерийн даланд тэр хавийн айл өрх шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгана. Энэ бүхэн нь зуны цагт элдэв үнэр танар ялгарч хөрснөөс гадна агаар бохирдуулна. Харин энэ талаар тус хорооны Засаг дарга “Гандангийн дэнжийн хөрс дагтаршсан цэвдэгтэй учир айлууд бохирын цооног, “00” ухах боломжгүй. Тиймээс үерийн далан руу бохир ус, зарим нь бохироо хийх нь ч бий. Дээр нь “Бөмбөгөр” худалдааны төвийн наймаачид хог хаягдлаа байнга асгадаг” хэмээж байсан байгаа юм. Тэгэхээр энэ бүх бохирдолтойгоо төрийн анхан шатны нэгж болох хороо багийнхан нэгдсэн байгаа юм.
Мөн гэр хорооллын айл өрхийн ихэнх хувь нь стандартын бус 00-той. Энэ ч хөрсний бохирдлыг бий болгож байгаа нэг үндэс болж байгаа юм.
Үнэндээ Улаанбаатарчууд бид өвөлд нь утаанд хордож, зун нь хөрсний бохирдолд дарлуулж элдэв өвчний үүр уурхай болж байгаа нь өнөөдрийн бодит төрх.
Уг нь иргэн хүн бүр бохир усаа ил задгай асгахгүй, ойр орчноо цэвэр цэмцгэр байлгаж, зүлэгжүүлэх зэргээр хөрсөө бохирдуулахгүй байх нь өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт болох юм.
Чимээгүй тахал болсон хөрсний бохирдлоос ирээдүй хойч үе болон өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж хөрсийг бохирдуулж байгаа зүйлсээс сэргийлцгээе.
Г.Сүрэн
olloo.mn
URL: