Спортын түүхэн дэхь эмгэнэлт 10 осол

b87f5fa6045c5a2c24570354d20ccb21Хүний мэдэрч болох бүхий л сэтгэл хөдлөлийг спортоос авч болно. Ялалт ялагдал, баяр гуниг, бахдал цөхрөл, итгэл найдвар, хүлээлт, харуусал гээд… спортын амт өчнөөн янз.

Хөлбөмбөгийн наймааны цонх нээгдэхэд “хэн хаачив” гэдгийг анхааралтай ажиж, NBA-ын драфтаар аль коллежийн залуу авьяастан “акулууд”-ын эгнээнд нэгдэхийг таамаглаж, дэлхийн аваргын сугалаа гарахтай зэрэгцээд тэр тэднийг хожиж, тэгж ялах тухай ам булаалдан ярилцаж, сарын цалингаараа мөрий тавиад туучихдаг.

Олимпийн мөсөн талбай дахь уран гулгалтын гоёмсог үзүүлбэрийг, Усаин Болт хэрхэн хурдалж, шинэ рекорд тогтоосныг, жүдогийн татами дээр монгол тамирчдынхаа ялалтын буухиаг, сумогийн дохёнд монгол аваргууд хэрхэн аархаж буйг харж, бахдах бид дуртай.

Харамсалтай нь, спортын түүх үргэлж гоёор бичигдээгүй. Нүд ирмэхийн төдийд болж өнгөрсөн эмгэнэлт ослууд спортын түүхэнд хар толбо үлдээсэн тохиолдол ганц нэгээр хязгаарлагдахгүй.

Олон шилдэг залуусын амийг авч одсон спортын эмгэнэлт 10 осол юу байв…


10

“ШУЛМЫН ХАРААЛ”

1998 оны аравдугаар сард Конго улсын Касаи мужид дотоодын лигийн “Бена Цхади” ба “Басанга” гэх хоёр клубын тоглолт аянга, хүчтэй цахилгааны улмаас саатжээ. Харамсалтай нь, аянгад ниргүүлж 11 тоглогч талбай дээр амиа алдсан байв. Залуу нь 20, ахмад нь 35 настай. Мөн 30 хүн их, бага хэмжээгээр түлэгджээ.

Хамгийн хачирхалтай нь, талбайд зочлон ирсэн “Басанга” клубын нэг ч хүн байгалийн гамшигт үзэгдлийн хохирогч болсонгүй. Амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүс бүгд өрсөлдөгч багт хамаатай байжээ.

Эцэст нь, “Басанга” шулмын хараал хийсэн “хэрэгт унав”. Төв ба баруун Африкийн багууд өрсөлдөгчийнхөө үнэн эсэх нь эргэлзээтэй хараал жатгаас хамгаалахын тулд шулмын увдистай гэх эмч домч хөлслөх болсон гэдэг.


09

2010 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН ЧАРГАНЫ ОСОЛ

“Ванкувер-2010” өвлийн олимп нээлтээ хийдэг тэр өдөр олимпын түүхийг харлуулсан эмгэнэлт осол гарсан юм. Гүржийн чаргачин Нодар Кумариташвили бэлтгэлийн үеэр осолдож, медалийн тавцан хүчтэй мөргөсний улмаас амиа алдав. Тэр дөнгөж 21-хэн настай байжээ. Осол гарах үед тэр чарганы замаар 144 км/цагийн хурдтай “нисэж” байсан гэдэг. Өмнөхөн нь Кумариташвили аавдаа олимпын чарганы уралдаан замаас эмээж буйгаа хэлж байжээ.

Залуу тамирчны үхлийн дараа уралдааны замыг хурд сааруулах эргэлт бүхий арай тохиромжтой байдлаар засаж, янзалжээ. Харин 2014 оны олимпоос тамирчдын аюулгүй байдлыг хангахын тулд тусгай хэмжилт хийдэг болсон байна.


08

УЧИР БИТҮҮЛЭГ ОСОЛ

70-аад жил өнгөрсөн ч Жек Ловлокийн үхлийн шалтгаан оньсого таавар хэвээр байна. 1936 оны олимпын хөнгөн атлетикийн 1500 метрийн гүйлтийн аварга Дэлхийн II дайны үед Эзэн хааны армийн эмнэлгийн корпуст ажиллаж байв. Дайны сүүдрээс салж чадаагүй байсан 1949 оны арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн өдөр Жек ажлаасаа эхнэр рүүгээ залгажээ. Бие тавгүй байгаа тул эртхэн гэртээ харих тухайгаа дуулгасан гэнэ. Ингээд тэр Бруклин дэх Сүмийн өргөн чөлөөний метроны буудалд галт тэрэг хүлээж зогсохдоо зам руу унаж, амиа алджээ.

Зарим нэг нь үүнийг золгүй явдал байсан гэдэг. Харин зарим нь амиа хорлосон гэж итгэдэг юм.


07

МӨСӨН ДЭЭРХ ҮХЭЛ

Канадын хоккейчин Билл Мастертон. Денверийн их сургуулийн хоккейн багт дөрвөн жил зүтгэж, залгуулаад дотоодын жижиг лигт зургаан жил тоглосны эцэст “Миннесота Норт Старс” багийн бүрэлдэхүүнд багтаж, NHL-д хөл тавьжээ. Үндэсний хоккейн лигт ердөө 38-хан тоглолтод оролцсон залуу тоглогч 1968 оны нэгдүгээр сарын 13-нд “Калифорния Сийлс” багийн эсрэг талбайд гарав. Гэвч мөсөн дээр унахдаа толгойгоороо хүчтэй мөргөжээ. Хоёр хоногийн дараа Мастертон 29 настайдаа амьсгал хураав.

Тэрээр NHL-ын түүхэнд мөсөн талбай дээрх гэмтлийн улмаас амиа алдсан цорын ганц тоглогч юм. Лигийн удирдлага түүний дурсгалыг мөнхөлж, жил бүр хоккейн спортын төлөө зүрх сэтгэлээ зориулсан шударга тоглогчид Мастертоны нэр бүхий дурсгалын цом гардуулах болжээ.


06

“БАСБИГИЙН ХҮҮХДҮҮД”

1958 оны хоёрдугаар сарын 6. Югославт “Црвена Звезда” багтай 3:3 харьцаатай тэнцчихээд, гэрийн зүг хөдөлсөн “Манчестер Юнайтед” багийнхны суусан онгоц түлш сэлбэхээр Мюнхенд буудаллав. Хөөрөх гэж гурвантаа бүтэлгүй оролдлого хийгээд онгоц нисэх зурвасыг хэтэрч, байшин, мод, агуулах байр мөргөөд зогсжээ. Ослын улмаас 23 хүн үрэгдсэний найм нь “Манчестер Юнайтед”-ын тоглогчид байв.


Glamour cashmere


05

ЯК-42 ОНГОЦНЫ ОСОЛ

ОХУ-ын мэргэжлийн хоккейн лигийн “Локомотив” клубын тамирчдын сууж явсан онгоц Ярославль хотын нисэх буудлаас холгүй осолдсон юм. Онгоцонд 45 хүн зорчиж явсны хоёроос бусад нь амь үрэгдэж, нэг нь ослоос хойш долоо хоногийн дараа амьсгал хураав. Онгоцонд гаднын 11 хүн, бусад нь бүгд багийн тоглогчид, арын албаныхан байсан гэдэг.

2011 оны есдүгээр сарын 7-нд болсон тэр эмгэнэлт ослоор Шведийн “онооны машин” Стифан Лив, NHL-ын дасгалжуулагч Брэд МакКримон, Чехийн хоккейчин Йозеф Васичек, Латвийн Карлис Скрастинс, Руслан Салей, Павол Демитра гээд олон шилдэг тамирчин амь үрэгджээ.


04

БАГИЙГ БҮХЭЛД НЬ СҮЙРҮҮЛСЭН АЙМШИГТ ОСОЛ

1970 оны арваннэгдүгээр сарын 14-нд АНУ-ын Маршалл их сургуулийн америк хөлбөмбөгийн багийнхны суусан онгоц Хойд Каролинаас Баруун Виржиния хүрэх замдаа осолджээ. Онгоц нисэх буудлаас ердөө хоёрхон бээрийн зайд өндрөө хасах үедээ мод шүргэсний улмаас сүйрсэн юм. Онгоцонд сууж явсан 37 тоглогч, дасгалжуулагч, эмч, Маршалл их сургуулийн спорт хариуцсан захирал, хөгжөөн дэмжигчдийн багийнхан гээд 75 хүн бүгд амь үрэгджээ.


03

ХИЛЛСБОРОГИЙН ЭМГЭНЭЛ

“Ливерпуль”-ийн төдийгүй Английн хөлбөмбөгийн фанатуудын хувьд 1989 оны дөрөвдүгээр сарын 15 хар өдөр байсан. Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний их шөвөгт учирсан “Ливерпуль” болон “Ноттинхам Форрест” багийн тоглолт дундын талбай болох “Хиллсборо”-д болохоор товлогджээ. Харамсалтай нь, цэнгэлдэхийн суудалгүй үзэгчдийн хэсэгт хэт их үзэгч орж зогссоны улмаас даацаа дийлэлгүй нурж, улмаар 94 хүн амь үрэгдэж, 766 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан юм.


02

ЛЕ-МАНЫ ОСОЛ

Мото спортын түүхэн дэх хамгийн эмгэнэлт осол 1955 онд гарсан юм. Тамирчдын тэсвэр тэвчээр, хатуужлыг чинээнд нь тултал сорьдог “Ле-Маны 24 цаг” уралдаан эхлээд хэдхэн цаг өнгөрч байв. Британийн тамирчин Майк Хауторнэхний пит-стопруу орж ирэхдээ огцом эргэлт хийсний улмаас ард нь явсан Austin-Healey-гийн жолоочийн зам хазайж, Mercedes хөлөглөсөн франц тамирчин Пьер Леветэй мөргөлджээ. Austin-Healey хашлага мөргөж, харин Mercedes агаарт шидэгдэж, хэдэн хэсэг хуваагдав. Машины сэг, үлдэгдэл үзэгчдийн хэсэг рүү шидэгдэж, гэм зэмгүй олон хүн эмгэнэлт ослын хохирогч болжээ. Осол чухам хэдэн хүний аминд хүрсэн нь тодорхойгүй. Гэхдээ 1980-аад онд нийтлэгдсэн мэдээ, сурвалжлагад Ле-Маны ослоор 130 орчим хүн амь үрэгдсэн гэж бичсэн байдаг.


01

АНДЫН НУРУУНЫ ОСОЛ

1972 оны аравдугаар сарын 13. Сантьягогоос Монтевидео орохоор хөөрсөн “Олд Кристианс” регбийн багийнхны онгоц Андын нуруунд осолдов. Ослын үеэр 12 зорчигч амиа алдаж, хэдэн цагийн дараа дахиад таван хүн амьсгал хураажээ. Долоо хоног дараа дахин нэг зорчигч шархаа даалгүй нас барав. Ослоос хойш 17 хоног өнгөрөхөд цасан нурангид дарагдаж, найман хүн үрэгджээ.

Хүнд хэцүү нөхцөл, хоол хүнсний гачигдал, дээр нь эрлийг зогсоосон тухай радиогоор мэдээ хүлээн авсны дараа ослоор амь гарсан зорчигчид амь аврагдахын тулд хөрж амжаагүй цогцсоор хооллох тохиолдол ч гарч байсан гэдэг.

Ослоос амьд үлдсэн хүмүүсийн хоёр нь болох Др.Роберто Канесса, Нандо Паррадо нар цас, мөсийг туулж, 10 хоног явган алхсаны эцэст тусламж олж чаджээ. Ослоос хойш 72 хоногийн дараа, 1972 оны арванхоёрдугаар сарын 23-нд аврагчид үлдсэн 16 хүнийг аварсан байна.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих