25 мянган долларын шагналтай Монгол туургатны шатрын тэмцээн эхэллээ

Чин ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” 21 дэх удаагийн шатрын тэмцээн өнөөдөр ГХЯ-нд болно. Манай улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа учраас энэ удаагийн тэмцээнийг Дэлхийн шатрын холбоо болон “Дэлхийн монголчуудын чуулган”-ы ивээл дор илүү өргөн хүрээнд зохион байгуулах юм. Монгол туургатны эв нэгдлийн илэрхийлэл болж буй уг тэмцээнд Турк, Казахстан, Буриад, Халимаг, ӨМӨЗО-ы 20 гаруй шатарчин ирэх бөгөөд нийтдээ 130-аад хүн оролцох аж. Шагналын санг нь энэ жилээс эхлээд 25 мянган доллар болгон нэмж, Дэлхийн шатрын холбооноос энэ мөнгийг гаргаж байхаар болсныг зохион байгуулагчид өчигдөр мэдээлэв.  “Дээр үед “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит олон улсын шатрын тэмцээн манайд болдог байсан. Түүнээс хойш анх удаа олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохиох гэж байгаад Монголын шатарчдын өмнөөс ГХЯ-ныханд баярласнаа илэрхийлье. Энэ тэмцээнээс шатрын их мастер болон олон улсын хэмжээний мастер төрнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатар ярилаа. Долоо хоног үргэлжлэх уг тэмцээнийг А, Б хоёр ангиллаар зохионо. Дашрамд дурдахад, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов тус тэмцээний нээлтэд оролцох байсан ч ажлын улмаас ирэх хугацаагаа хойшлуулж, энэ сарын 17-нд болгожээ.

Л.Ганчимэг


URL:

Сэтгэгдэл бичих