АТГ “Жаст”-ын Ш.Батхүүг баривчилж, С.Анхбаярын гэрт нэгжлэг хийлээ

18649

Төрийн өмчийг буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уржигдар Ш.Батхүүг баривчилж, цагдан хорьсон байна.

 Энэ хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрч, хэргийн цар хүрээ нэмэгдсэн тул түүнийг цагдан хорих шаардлагатай болжээ. Тухайлбал, “Стандарт” банкнаас авсан зээлийн асуудал “Эрдэнэт”-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан үндэслэлээр түүнийг баривчилжээ.

АТГ-аас Ш.Батхүүг зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан мөнгөө юунд зарцуулсныг шалгаж байгаа. Үүнээс гадна уржигдар Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ойрын дүү гэх IV Дулааны цахилгаан станцын С.Анхбаярыг саатуулж, АТГ-ын байцаагчид гэрт нь нэгжлэг хийжээ.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц С.Анхбаярыг Ц.Нямдоржийн тусламжтай “Эрдэнэт үйлдвэр”-т 42 сая ам.долларын шахаа хийсэн хэмээн олон нийтэд мэдээлсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Анхбаяр манай багшийн хүүхэд.

Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ажиллагаа хийж, тагнасан” хэмээн сэтгүүлчдэд тайлбар өгч байсан юм.

Б.БИЛГҮҮН, ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих