Анхбаяр ба Анхбаяр

yNOGP93441e072c7958581a3f7553ae2b9667dfe29452-550x300Сүүлийн хоёр хоногт АТГ хоёр ч томоохон дуулиан тарьсны нэг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт холбогдуулан хорьсон гэх.

Харин нөгөөх нь олон нийтэд төдийлөн танил бус С.Анхбаяр гэх залуу. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дуулианд Ц.Нямдоржийн хуурай дүү IV цахилгаан станцын захирал гэдгээр эчнээ танина.Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүү болон хуурай дүү гэсэн хоёр Анхбаяр бий.

Б.Хурц: Ц.Нямдорж хуурай дүү С.Анхбаяраар дамжуулж “Эрдэнэт”-д 42  сая ам.долларын шахаа хийсэн

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буухын өмнөхөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шахаа, хууль бус мөнгөний асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байв. Тэрээр Орос хэл дээр бичигдсэн олон хуудас гэрээ тарааж  “Ц.Нямдоржийн хүүхэд Ц.Анхбаяр, түүний хуурай дүү С. Анхбаяртай холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажил гурван сар болж байна.  “Эрдэнэт”-тэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Ц.Нямдорж  Анхбаяр гэдэг Увсын залуугаар дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг. Энэ гэрээг Н.Алтанхуяг Эрдэнэтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. Энд нэг сонин зүйл байдаг. Ханхуур, Хаанхуур гэж компани бий. Эндээс санхүүгийн залилангийн юм харагдана. Улсын бүртгэлийн газар Ц.Нямдоржийн Анхбаяр гээд хүүхэд нь байдгийг та бүхэн мэдэх байх. Ханхуур, Хаанхуур гэж хоёр Анхбаяртай компани байсан юм шиг байгаа юм. Тэр байтугай хуурай дүү Анхбаярынх нь талаар оффшортой холбоотой асуудал байгаа. Мөнгө угаасан энэ хэргийг шалгахаар сүүлийн гурван сар прокурор, АТГ-т хандаад үр дүнд хүрч чадахгүй байгаа. Намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор хөдлөх байх” хэмээн мэдэгдэж байсан юм.

Ц.Нямдорж: С.Анхбаяр миний багшийн хүүхэд

Харин түүнийг мэдээлэл хийснээс дараахан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “”Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа хийж, намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ.  Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг олон нийт мэдэж байгаа” гэсэн байдаг.

Тэгвэл уржигдар АТГ-ын байцаагчид Дөрөвдүгээр цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярын гэрт нэгжлэг хийснээс харахад Тагнуулын дарга асан Б.Хурцын хэлснээр хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн бололтой.

С.САРУУЛ

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих