Рио Тинто манай төрийг атгасан юм биш биз
УИХ-аас баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд өөрчилж, Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх асуудлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгаж байгаа тухайгаа Авлигатай тэмцэх газар мэдэлсэн. Парламентын 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан намынхан янз бүрийн шалтаг, шалтгаанаар АТГ-ын үүдийг сахих болсон.
Энэ удаад экс Ерөнхий сайдыг шалгах болсон шалтгаан нь тэрбээр Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцсон нь ийнхүү АТГ-ын үүдэнд дуудагдах нэг шалтаг болжээ.
Болсон хийгээд бодит явдлыг эргэн сөхвөл Ч.Сайханбилэг Дубайн гэрээ гэгчтэй холбогдох болсон үнэндээ Ц.Сэдваанчигийн ‘Рио Тинто’-д бичсэн захидлаас эхтэй бөгөөд үүний улмаас Монголын Засгийн газар болон Рио-Тинтогийн дунд үл ойлголцол үүсч, Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил гацан, 2000 хүнийг Оюутолгой шалтгаангүйгээр ажлаас нь халж байв. Энэ мэт эдийн засаг, хөрөнгө оруулалтад таагүй нөхцөл үүсгэсэн олон хүлээлттэй асуудлыг шийдэхийн тулд Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулагчидтай багагүй хугацаанд хэлцэл хийсний эцэст Дубайн гэрээг байгуулсан юм. Энэ талаар ‘Эрдэнэс Оюутолгой’-н захирлаар ажиллаж байсан Да.Ганболд тухайн үед ‘Дубайн гэрээг хийснийх нь төлөө Ч.Сайханбилэгт Монголын төр хүрэл хөшөө босгоход ч буруудахгүй’ гэж байв. Гэвч Ч.Сайханбилэгт хүрэл хөшөө босгох нь бүү хэл У.Хүрэлсүхийн засаг түүнийг сүхдэхээр шийдсэн бололтой.
Хоёрдугаар сарын 20-нд Төрийн ордонд мэдээлэл хийсэн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь хууль зөрчсөн тул Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар уг гэрээг цуцалсан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгаж, Ч.Сайханбилэгийг шалгуулахаа ч давхар мэдэгдэж байв.
“Оюутолгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна” гэсэн хариу тайлбар өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ батлагдсан цагаас хойш хөрөнгө оруулагчидтай “ноцолдох” болсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ба манай эх орончид камерын өмнө Монголын төлөө уйлж, камерын ард Рио-Тинтод эрх ашигт үйлчилж байна уу гэсэн асуултыг тавихад хүргэж буй юм. Ингэж хардах шалтгаан нь эх орончид Рио Тинтотой холбоотой мэдэгдэл, мэдээлэл хийх бүрт Монголын Засгийн газраас илүү Рио-Тинтод ашигтайгаар тусдаг. Иймээс л Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг У.Хүрэлсүхийн засаг цуцалсан нь үндсэндээ Риогийн захиалга байсан юм биш биз дээ гэсэн хардлага төрж буйг нуух юун.
URL: