“Эрдэнэт”-ийн луйвар бол хувалзнуудаас салах боломж юм

5e0545f1152a15a27277ce78ef4e4712АН дахь 65-ын бүлэг үзэл бодол, байр сууриараа хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг дагагч “33-ын бүлэг”, Ж.Эрдэнэбатын “32-ын бүлэг”-ийнхэн хоорондоо ил цагаан талцаж байна. Энэ хоёр бүлэглэлийн бие биеэ унагаах гэсэн тэмцлээр “Стандарт” банкинд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан асуудал илэрлээ.

Зүйрлэвэл, босгоод тавьсан даалуу яг л нурж байгаа аятай үйл явдал өрнөж байна. Хэдэн метр урт босгож өрсөн даалууны нэгд нь дөнгөж хүрэх төдийд тэр чигээрээ ханаран нурдаг. Үүн шиг МАН-ын бүлэглэлүүд нэгийгээ унагаж байна. Тэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар хувьчилсныг ч бас дэлгэсэн. Төрийн томчууд нэг нэгийгээ намнахдаа хонин холбоос хөвөрдөж байгаа мэт зохион байгуулсан хэргүүдээ түмэнд зарлаж байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг банкинд барьцаалж мөнгө босгосон арга бол хуучин технологи. Эндээс манай төрийн дээд удирдлагуудын зохион байгуулдаг танил технологи шууд харагдаж байгаа юм. Тэд гадаадын банкнаас зээл авдаг. Тэрийгээ төрийн өмчит том компаниар батлан даалгадаг. Авсан зээлээ зориудаар төлөхгүй луу унждаг. Ингэхээр цаад газар нь Арбитр буюу олон улсын шүүхэд ханддаг. Арбитр хамгийн барьцтайгаар нь батлан даасан төрийн том компаниас мөнгөө дайчлан гаргуулдаг. Эндээс нөгөө луйварчид л завшиж баяждаг. Учир нь тэдний өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг юм. Яг энэ замаар “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж, луйвар хийсэн бололтой байна. Ийм хэргүүд урьд нь манайд өчнөөн л гарч байсан.

Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэгт тухайн үеийн том эрх баригчид болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан байгаа хүмүүс, тагнуулынхан оролцсон гэж МАН үздэг. 49 хувийг авсан үйлдэл бол төрийн мөнгөөр тус үйлдвэрийг хувьдаа худалдаж авсан гэж УИХ үзсэн. Тэд тайлбарлахдаа төрийг удирдаж байсан хүмүүс Эрдэнэтийн худалдан авалтын порцедурыг мэдэхийн дээдээр мэдэж байсан ч хориглоогүй, бас зарим нь эс үйлдлээрээ улам дэмжсэн урхагтай гэдэг. Тиймээс “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйварт төр оролцсон хэмээн тухайн үеийн эрх баригчдыг хамаатуулан хэлээд байдаг. Харин 51 хувийн луйврын үйл ажиллагаа явагдаж эхлэхэд тэр үеийн Ерөнхий сайд нь мэдэж байсан ч зориудаар өр тавьсан гэдэг юм билээ. “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч саалийн үнээ. Ийм том хөрөнгө дээр эзэн суухыг хэн бүхэн хүсэх нь мэдээжийн хэрэг. Тэр тусмаа төрд гарсан хүмүүс “Эрдэнэт”-ийг хамгийн түрүүнд онилдог юм байна. Эдгээр он цагуудад Ерөнхийлөгч байсан, байгаа, Ерөнхий сайд байсан, байгаа, УИХ-ын дарга байсан, байгаа бүх хүн “Эрдэнэт”-ийг бүрэн луйвардсан хэрэгт холбогдох төлөвтэй байна.

Гэхдээ энэ том луйварын сүлжээнд сайн тал бас байна. Сүүлийн арваад жил Монголыг удирдаж байсан, байгаа, одоо төр засгийг залж яваа дээрх эрх мэдэлтнүүдээс энэ хоёр нам салах бололцоо нээгдэж байгаа юм биш үү. “Эрдэнэт” үйлдвэр дээр элээ шиг эргэлдсэн эрх мэдэлтнүүдийн хулгайн хэрэгт ердөө УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёроос бусад нь оролцсон гэхэд хилсдэхгүй байна. Одоо тэд баяжаад Монголын том хувалзнууд болсон. Арваад жилийн өмнө эдгээр хувалз хачиг төдий байхдаа “Эрдэнэт”-ийн хүзүүнд зүүгдээстэй улс төрд орж иржээ. Тэр үед мэдэгдэж, анзаарагдаагүй байсан хачиг өнөөдөр бөндийсөн том цагаан хувалз болж, хүн бүхэнд ил харагдах боллоо. Энд жижиг тайлбар хэлэхэд, хувалз бол мал, амьтны биед шимэгчлэн амьдардаг цус сорогч юм. шигдэж орсон амьтныхаа цусыг хэдий чинээ удаан сорно тэр хэрээр томорно гээч. Хэмжээгээрээ 0.1-5 мм хачиг мал, амьтны биед нэг наалдвал арав дахин том болдог юм. Ингэж таргалахаараа хувалз болж гэдэс нь цүндийгээд хөл нь ч мэдэгдэхээ байдаг. Залгих амнаас өөр юмгүй болсон ийм хувалзнаас салах амархан. Тэгвэл төрд шигдсэн дээрх хувалзнуудаас салах хэрэгтэй байна. Хоёр намын дэвшилтэт залуус энэ тал дээр зоримог шийдэмгий ажиллаж намаа цэвэрлэх ёстой. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Энхболд, Х.Нямбаатар нарын залуус МАН-ын “дэвшилтэт холбоо” байгуулж, “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар зоригтой дуугарч эхлэв. Мөн тэд 100 жилийн түүхтэй намынхаа өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг ч ярьдаг. Тэд хэлэхдээ “Манай намын 25 жилийн нэг мөчлөг дуусаж шинэ мөчлөг эхэлж байна. бид энэ үе рүү шинэ бодлоготой намтай орох ёстой” гэж тодотгож байсан. Энэ бол үнэн. МАН-ын дэвшилтэт залуус намынхаа удирдлагын хуучинсаг, явуургүй арга барилыг шүүмжилж, залуучуудын эрин үе ирснийг сануулж байна. АН-д бас тэдэн шиг дэвшилтэд залуус бий. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.батзандан, б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг дурдаж болно. Нийгмийн төлөө зоригтой дуугарч байгаа та бүхэн төрд хөвөрсөн гогцооноос татаж, энэ хүсэл зорилгодоо тууштай бодлогоор явж намаа цэвэрлэх хэрэгтэй байна. Нам дотроо хүчээ авчихвал жинхэнэ хувьсгал гэгч нь тэр болж чадна. Эдгээр шинээр гарч ирж байгаа дэвшилтэт залуус энэ хоёр нам, мөн Монголын улс төрийг цэвэрлэхгүй бол ард түмний итгэл алдарч, хүмүүсийн уриалаад байгаа бослого тэмцэл бий болоход ойртжээ.

“Эрдэнэт”-ийн асуудал бол Монголын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Энэ үйлдвэрийн 49, 51 хувь дээр нэр нь холбогдсон намуудын удирдагч нар ямар өлөн, шуналтай, увайгүй хүмүүс гэдгээ харуулж байна. Монголын сэтгүүл зүйн салбарынхны бичээд байдаг хоорондоо түрүүвчээрээ сүлбэлдсэн асар том бүлэглэл гэгч нь энэ лав мөн биз ээ. Луйврын хулгайн асуудал нь шүүхээр яваад шийдэгдчих байх. Харин улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН “Эрдэнэт”-ийн хэрэг дээр дөрөөлж, өөр өөрийн намын удирдлагын дээд хэсэгт байсан төр засгийн өндөр дээд албан тушаал удаа дараа хашдаг нэр бүхий нөхдөөсөө салах сайхан боломж байна. Олон жил Монголын төрийг мөлжиж ирсэн хувалзнуудаас салж, улс төр өөр өнгөтэй болох хэрэгтэй.

М.МӨНХЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ : ӨДРИЙН СОНИН


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 March 2018

АН д байгаа адгуудыг нэрлэж гэнэ. Доош нь хийгээд аан

Нэр: ZOCHIN Огноо: 2 June 2018

элбэгдоржийн ХАМСААТНУУД ИНГЭЖ ХУДЛАА ЧАЛЧИХ ХЭРЭГГҮЙ. ҮНЭМШИЛГҮЙ БАЙНА, ХУДЛАА ЮМ БИЧИЖ ТАРХИ УГААХГҮЙ. ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЗАВШИХАД З.ЭНХБОЛД ОРОЛЦООГҮЙ ГЭВЭЛ ХҮН БАЙТУГАЙ МОНГОЛ, ХЯТАД, ОРОС ГЭХ МЭТ НОХОЙ Ч ҮНЭМШИХГҮЙ

Сэтгэгдэл бичих