Барын амнаас барын ам руу буюу Багануурын ордыг “49-ийнхэн” чадахгүй бол “Голомт” авна гэв үү?
Монгол Улсын стратегийн ордын нэг, нийслэл Улаанбаатар түүний орй орчмыг эрчим хүч, дулаанаар хангах ажлын гол тулгуур бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Багануурын ордыг тойрсон асуудал өнгөрсөн 2017 оноос эрчимтэй яригдаж байна.
Багануурын ордын өрөм гэхээр хэсэгт анх хайгуулын лицензийг “Алтай констракшн”-ийн Х.Бат-Эрдэнэ “Алтай голд” гэдэг ХХК-иараа авсан. Ганцхан жилийн дараа ашиглалтын лицензтэй болгож, улмаар “Алтайн гянт” ХХК-д лицензээ худалдсан. Тэр “Алтайн гянт” ХХК-ийнх нь удирдлагад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авсан “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин байж таарав. Ц.Пүрэвтүвшингийн нэр гараад ирсэн учраас “49-ийнхэн” гэж энэ талыг нэрлэх болоод байгаа юм.
Өдгөө “Алтайн гянт” ХХК, АМГТГ, Багануурын уурхай гэсэн гурвалсан асуудал Дээд шүүх дээр шийдвэрээ хүлээж байна.
Иймэрхүү мэдээлэл хэвлэлүүдээр цацагдах болсон юм.
Хэдхэн хоногийн өмнө “Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн, сэтгүүлч Ч.Мөнхбаярын “Багануураас салхилах бодит аюул” гэдэг гарчиг бүхий нийтлэлийг хэвлэлүүд түгээжээ. Ч.Мөнхбаярын тэр нийтлэлд “…Бидний санаанд оромгүй газраас ноцтой аюул заналхийлнэ гэж хэн санах билээ. Хамар доор орших Багануураас шинэ аюул гэтэж байна.
…Багануурын ДЦС төсөлд учирч буй дараагийн нэг эрсдэл нь нүүрсний хангамж ! Том ордын дэргэд байгаа юм чинь гэж тайвшрах хүн байгаа бол дараах асуудалд анхаарахыг хүсье.
Стратегийн ангилалд орсон Багануурын ордын нөөцтөй талбайн 60 гаруй хувийг (530 сая тонн) нэгэн хувийн компани эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж байна. Та бидний сайн танил Эрдэнэтийн 49 хувийг худалдан авагч өнөөх Цоожийн Пүрэвтүвшин энэ компанийн захирал юм. Тэрээр “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч. Энэ хүн Эрдэнэтийн 49 хувийг гартаа оруулсан шигээ тодорхойгүй байдлаар Багануурын уурхайн нөөцийн 60 хувийг эзэмших болсноор Багануур ДЦС-ын нүүрсний хангалт найдваргүй байдалд орчихоод байгааг огт ярихгүй байна. “Багануур” ХК-ийн зүгээс гаргасан гомдлын дагуу 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. “Алтайн гянт” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа өнгөрснөөс 3 жилийн дараа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Гэсэн ч “Алтайн гянт” ХХК хөөцөлдсөөр байгаад нэхэмжлэл гаргах эрхээ 2016 онд сэргээлгэж чаджээ. Одоо тэд Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа нь ДЦС-ын нүүрсний хангамж, үнэд хүндрэл үүсэх урьдач нөхцөл болж байна.
Багануурын ДЦС-ын төсөл нь анхнаасаа маш эргэлзээтэй хүмүүсийн гараар орсон, Ч.Сайханбилэг, М.Сономпил, Д.Эрдэнэбат, Д.Зоригт гээд улс төрчид маш их дэмжиж, хүчээр зүтгүүлсэн төсөл юм. Эд нараас сайд асан М.Сономпилийг АТГ шалгаж байгаа бөгөөд гадуур тархсан мэдээллээр бол хятадын компаниас их хэмжээний авлига авч, 16 давхар зочид буудлын барилга бариулсан, барилга дээр нь хятад компанийн ажилчид ажиллаж байсан нь тогтоогдсон гэж байгаа.
Зарим эх сурвалжийн баттай бус мэдээллээр Багануурын ДЦС-ын концесст ялсан хятадын компани 60 сая орчим долларыг “тендерт ялахын тулд зарцуулсан” гэх яриа байгааг холбогдох хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, шалгаж үзэх ёстой. Станц барих үнэ өндөр байгаа, хожим цахилгаан нийлүүлэх нөхцөл, үнэ тариф ч монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, дээр нь нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, аюулгүй байдлын болон тогтвортой байдлын шаардлага хангахгүй ийм төсөл бидэнд огт хэрэггүй.
Эрчим хүчний яамны одоогийн удирдлага, эрчим хүчний системийн удирдах ажилтнууд ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төслийг эртхэн зогсоох, монгол улсын техникийн боломж шаардлагад нийцсэн төслүүдийг илүүтэй дэмжих ёстой болоод байна. Та бүхэн үүргээ эс биелүүлбэл хожмын өдөр буух хариуцлага чанга байх болно гэдгийг сана.
Багануурын ДЦС төсөл нь үндэсний эрх ашигт нийцэхгүй, дутуу боловсруулсан, эсвэл санаатайгаар эрсдэл учруулахаар байгааг Засгийн газар, холбогдох яамд, АТГ, тагнуулын байгууллага нь анхааралдаа авах шаардлагатай байна” гэж бичжээ.
Чухамдаа энэ нийтлэлийн гол санаа нь Багануурын ордын шүүх дээр явж байгаа асуудалд хуулийн байгууллага, олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн байгаа юм.
Ингэж болно оо. Үр дүнд нь “Алтайн гянт” ялагдаж, Багануурын уурхай, АМГТГ ч ялж болно.
Гэхдээ энэ сацуу анхаарал татах нэгэн мэдээлэл гадуур дотуур яригдаад эхэллээ.
Тэр юу гэвэл, “Алтайн гянт”, Ц.Пүрэвтүвшин буюу хүмүүсийн ярьдгаар Худалдаа хөгжлийн банк энэ маргаанд ялагдал хүлээж лиценз нь цуцлагдвал дараа нь энэ орд руу дайрах, тэрхүү лицензийг өөрийн болгохоор хүлээж байгаа хүмүүс байгаа гэнэ. Тэр нь “Голомт” банк гэж байна.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол “…Хөөрхий, Багануурын ордын зарим хэсэг барын амнаас гараад барын аманд л орох юм байна” гэх яриа газар авч эхлэв.
Гэвч нэг зүйлийг бодох хэрэгтэй. Ийм том маргааны ард эрх ашгаа хамгаалах томоохон далд тэмцэл заавал явдаг билээ.
Эх сурвалж: www.news1.mn
URL: