НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИХОД ТОРГОХ НЬ ХУУЛЬ БУС БАЙСНЫГ ШҮҮХЭЭР НОТОЛЛОО

be513ffc71fe25cbbigСонгинохайрхан дүүргийн эрүүгийн шүүх иргэн О.Санжаагийн гаргасан эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг өчигдөр хэлэлцсэн байна. Тодруулбал, О.Санжаа шүүхэд “Миний бие Өвөрхангай аймгийн Бүрд суманд 14 хоногийн хугацаагаар ажилласан.

Энэ хугацаанд буюу 2018 оны нэгдүгээр сарын 15-нд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй болно. Харин энэ өдөр манай аав миний машиныг жолоодож явсан. Тиймээс миний нэр дээр хууль бусаар бичигдсэн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Тэрбээр шүүх дээр “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм” болон Зөрчлийн тухай хуульд үндэслэн нэгдүгээр эгнээгээр зорчиж болохгүй гэсэн эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг баталж, заргаа авсан байна.

Мөн шүүхээс “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн наймдугаар зүйлд тээврийн хэрэгсэл байрлан явах үед баримтлах хориглосон болон зөвшөөрсөн журмыг тогтоосон хэдий ч үүнд тээврийн хэрэгслийн төрөл, зориулалтаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон, хязгаарласан хэм хэмжээ алга, Цагдаагийн байгууллагаас шуудангаар хүргүүлсэн зөрчилд оногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас нь “Шийтгэлийн хуудасны маягт’’-ын шаардлагыг хангахгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн зэрэг арав орчим үндэслэлээр дээрх торгуулийн хуудсыг хүчингүй болгосон байна.

Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Шүүх хурлын шийдвэр манай дээр ирээгүй байна. Тиймээс шийдвэртэй танилцсаныхаа дараа мэдээлэл өгье” гэлээ. Мөн гомдол гаргагчид Нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох нь хууль бус байсныг нотоллоо. Тиймээс нийслэлийн удирдлага болон Замын цагдаагийн алба уг шийдвэрээ эргэн харах хэрэгтэй хэмээн цахим хаягтаа бичжээ.

Тус шүүх хуралд оролцсон СХД-ийн иргэн П.Цэвэгмидээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр цахим орчинд Замын хөдөлгөөний дүрэм болон стандартын талаар тогтмол мэдээлэл бэлтгэж оруулдаг.

-Та өөрийн цахим хуудсандаа “О.Санжаагийн “нэгдүгээр” эгнээний торгуулийг шүүхээр хүчингүй болгуулж чадлаа” хэмээн нийтэлсэн байсан. Та шүүх хуралд ямар үүрэгтэй оролцсон бэ?

-Би шүүхэд гомдол гаргасан О.Санжаа гэдэг залууд замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар буюу хариуцсан алба нь буруу тэмдэг тэмдэглэгээг, зохисгүй газар байршуулсан талаар зөвлөгөө өгсөн. Энэ асуудалд би шүүмжлэлтэй ханддаг. Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлж байсан. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж ил захидал бичсэн.

Уг захидалдаа “2012-2016 оны үед Замын цагдаагийн газрын олон талын мэдлэггүй мэргэжилтнүүд дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ зэрэг гадаадаас хуулсан санаачилга гаргаж, Нийслэлийн захиргааны шийдвэр болгуулан гаргуулсан. Гэсэн ч хариуцлагаа дааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг нь хийж чадаагүйгээс өнөөг хүртэл жолооч нарыг хилсээр торгодог болоод таван жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хотын удирдлага болон Замын цагдаагийн алба замын тэмдэг, тэмдэглэгээг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хийгээгүйгээс маргаантай байдал үүсгэсээр өдийг хүрснийг дурдсан.

-Та өөрт ирсэн торгуулийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байсан уу?

-Миний хувьд 70 км цагийн хурдтай явж хурд хэтрүүлсэн гэсэн торгуулийн хуудас ирүүлснийг хүчингүй болгуулж байсан. Мэргэжлийн хүний хувьд би буруугүйгээ нотлон энэ мэтээр өөрийгөө хамгаалж чадна. Гэвч өөрийн буруугүйг нотолж, тайлбарлах мэдлэггүйгээс болж дугаарын хязгаарлалт зөрчсөн, нэгдүгээр эгнээгээр явсан, хурд хэтрүүлснийг камераар илрүүлсэн гэх олон будлиантай шийтгэврийн дагуу хилсээр торгуулсан иргэдийн тоо одоо давхардсан тоогоор 1.5 сая болсон.

Би иргэний үүргээ биелүүлж, хөдөлгөөн зохион байгуулалтын техник хэрэгсэл болох буруу тэмдэг тавьсныг шүүмжилдэг. ЗЦА-ны зарим удирдлага буруу тавьсан хэд хэдэн тэмдгийг эргүүлж, буулгаснаар иргэний мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч алдааг засаж болдгийг харуулсан.

Өглөөний сонин
Б.Билгүүн


URL:

Сэтгэгдэл бичих