Сүхбаатарчууд Засаг дарга З.Энхтөрийг Р.Эрдэнэцогтоор солив
Орон нутгийн сонгуулиас хойш өнөө хүртэл засаглалын хямралтай, ирц хүрэхгүй шалтгаанаар хурлаа хийж чадахгүй явж ирсэн Сүхбаатар аймгийн ИТХ өчигдөр хуралдав. Хаалттай хийсэн ээлжит тавдугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулах шийдвэр гаргажээ. Орон нутгийн улстөржилт, сонгуулийн луйвар булхайн асуудал, ИТХ дахь МАН-ын шударга бус шийдвэр, боловсон хүчний халаа сэлгээний асуудал тус аймагт газар авсан. Аймгийн АН, гишүүд, дэмжигчид, иргэдийн хамтаар энэ асуудлаар удаа дараа жагсаал, тэмцэл хийж, нийслэлд хөдөлгөөн зохион байгуулж, Ерөнхийлөгчид хүртэл хандаж байсан удаатай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат асуудлыг шийдэхээр биечлэн очиж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын өмнө очиж нөхцөл байдалтай танилцсан. Ингэхдээ хоёр талыг ойлголцолд хүрч тохиролц гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл ИТХ дахь МАН, АН-ын бүлэг ямартай ч гацаад байсан хурлаа товлон хуралдуулж 32 төлөөлөгчийн олонх болох 20 хүний саналаар Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Залгуулаад аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүн, 2004-2008 онд тус аймгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлснийг олонхийн саналаар дэмжиж, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Сүхбаатар аймагт 2008 оны орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулж, цэнхэр тойрог болсноос хойш хөгжил, бүтээн байгуулалтаараа улсдаа жишигт тооцогдож ирсэн ч З.Энхтөрийн үед сүүл мушгих болсон. Тэгвэл энэ удаа Р.Эрдэнэцогтыг томилуулах гэж байгааг 2004 он руу ухарсан шийдвэр гаргалаа гэж хэлэх хүн ч цөөнгүй байна. Р.Эрдэнэцогт нь УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрон хүрээлэгчдийн нэг гэж хэвлэлээр бичигддэг.
Л.БЭХ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: