АРХИНЫ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД 431 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-ын мэдээгээр эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 2017 онд 32 259 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Үүний 12.4 хувь нь буюу 4012 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Тэр дундаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ саатуулагдсан иргэдийн 6.3 хувь нь эмэгтэйчүүд, 0.3 хувь нь өсвөр насныхан байгааг албаныхан хэллээ.
Тиймээс архидан согтуурах явдлыг бууруулах үүднээс Цагдаагийн ерөнхий газар олон ажил өрнүүлж буй аж. Тухайлбал Цагдаагийн байгууллагын санаачлагаар архи хэтрүүлэн хэрэглэгч 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулсан байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээ бүртгэлийн хэлтсийн судалгаанаас үзэхэд 2017 онд 356 хүн архины хордлогоор нас баржээ. Энэ нь өмнөх оноос 15.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ж.Батсайхан
URL: