ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 435 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаснаас 11 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Харин орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй аж.
Зам тээврийн осол, хэргийг авч үзвэл явган зорчигчийг гэмтээсэн зургаан осол, мөргөлдсөн 11, үл хөдлөх буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн хоёр, онхолдсон нэг осол тус тус гарсныг Замын цагдаагийн алба шалгаж байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 3700 гаруй зөрчил илрүүлснээс 93 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Хөдөлгөөнд оролцогсод тэр дундаа жолооч нарын гаргаж буй зөрчлийн дийлэнх нь хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэх, гэрэл дохио зөрчих зөрчил эзэлж байна. 60 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч 1 секунд анхаарал алдахад 32 метр замыг харалгүй туулдаг бол жолооны ард мессеж бичихэд жолооч 2-3 секундын анхаарал алдаж 48 метр замыг харалгүй туулдаг байна. Иймд жолооч нарт өөрийнхөө болоод бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Ж.Батсайхан
URL: