ҮНЭГҮЙ ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХУГАЦААГҮЙ БОЛГОНО
Энэ дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас сунгах тухай хүсэлтийг хүргүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэнэ. Мөн үүнтэй холбоотой Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэлийн газрын албанд “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс хугацаанд шахагдан нийгмийн болон инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, зураг төсөлгүй, байгаль, газар зүйн нөхцөлийн хувьд хүн амьдрах таатай орчин, нөхцөл бүрдээгүй байршилд их хэмжээгээр газар өмчлүүлэн иргэдийг хохироохгүй байх, цаашид зөвхөн инженерийн дэд бүтцийн төлөвлөгөө, төсөв тооцоо, зураг төсөл бүхий газар зохион байгуулалтын болон хот төлөвлөлтийн баримт бичгийг үндэслэн газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхийг анхаарна уу. Дээрх чиглэлийн дагуу орон нутгийн удирдлага болон иргэдийг заавар, зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллана уу” гэсэн чиглэл өгчээ. Газартай холбоотой маргаан цаг ямагт байсаар байдаг. Газрын албанаас цахимаар иргэдэд газар олгосон билээ. Ингэхдээ 44 байршилд 69636 иргэнд газар эзэмшүүлсэн. Гэвч иргэд тухайн газартаа нүүж очихгүй байгаа юм. Үүнийг дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун учирлаж байлаа. Мөн хуулийн хугацаа дуусах гэж буйтай холбогдуулан иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх аяныг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэв. Аяны хүрээнд 13463 нэгж талбарыг өмчлүүлэх гэнэ. Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191 мянган иргэнд 10 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа юм байна. “Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой” гэдгийг Газрын албанаас мэдээллээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 ам.метр, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 ам.метр, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 ам.метр, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 ам.метр газрыг өмчлөх боломжтой байдаг аж. Нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухайн орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ очих гэнэ. Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна. Өнгөрсөн оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт 35 мянган иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна.
Иргэд “Газар өмчлөх, эзэмших болон газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхэд удаашралтай байдаг” хэмээн гомдоллодог. Тэгвэл “Газрын харилцаатай холбоотой эцсийн шийдвэрийг аливаа шатны Засаг дарга гаргадаг. Гэрээ сунгах, нэр шилжүүлэх зэрэг асуудлыг тухайн дүүрэг, нийслэлийн газрын алба “Газрын эрх шийдвэрлэх” хурлаа хийгээд Засаг даргад шийдвэрийг нь танилцуулдаг. Засаг дарга хянах шатандаа газартай холбоотой асуудал удаашралтай болдог. Үүнийг нуух зүйл байхгүй. Ер нь иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын хариуг өгөхгүй удсан зүйл нь газрын алба мэт харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ Засаг дарга хариуг өгч, шийдвэр гаргадаг юм. Нийслэлийн Засаг дарга 14 хоногт нэг удаа газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж байсан. Тиймээс дүүргийн Засаг дарга нар ч иргэдийн өргөдөл, гомдлыг нэн даруй шийдвэрлэж байх учиртай юм” гэдгийг албаныхан тайлбарлаж байлаа. Газрын талаар мэдээлэл өгөхөд өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, өмчийн газраа сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, иргэн өөрийн өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглах, газар тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглодог байна. Хэрэв ингэсэн тохиолдолд шүүхийн журмаар газрыг нь хураан авч болдог талаар Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд заажээ. Харин Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарснаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр иргэний газар өмчлөх эрх дуусгавар болно. Иргэд эзэмшил газраа өмчлөхийн тулд газар өмчлөхийг хүссэн өргөдлийн маягт бөглөнө. Хорооны Засаг даргын тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг хавсаргахаас гадна иргэний үнэмлэхийн хуулбар, газрын кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримт зэрэг материал бүрдүүлэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн онд 304.11 га талбай эвдрэлд орсон гэж тоологджээ. Үүнээс 19 аж ахуйн нэгж байгууллага 38.06 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 4.66 га талбайд биологийн нөхөн сэргээлт, нийт 42.72 га талбайд нөхөн сэргээлт хийсэн аж. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар Сонгинохайрхан дүүрэгт “Наран гол тоосго”, “Шинэ тоосго” ХХК, Хан- Уул дүүрэгт “Ядам од”, “Элит гурван багана”, “Боржигоны тал”, “Жи эс, эн ди”, “Минжийн хангайн төгөл”, “Ялгуусан” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулж улсын төсөвт 84 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн онд нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 сая төгрөг төвлөрүүлэхээс 28.9 сая гаруй төгрөг төвлөрүүлжээ.
http://www.undesniishuudan.mn/content/read/156765.htm?series=211&page=5
URL: