Боловсролд тэгш хамруулах төсөл хэрэгжиж эхэллээ
“Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт БСШУСЯ, Япон Улсын Элчин сайдын яам болон Хүүхдийг Ивээх Сангийн төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурлаа. Япон Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжих энэхүү төслийг гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Ховд, Өвөрхангай аймагт энэ сараас хэрэгжүүлж эхлэх юм байна. .
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода төслийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байгааг онцолсон юм. Үүнд, нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулиудад тэгш хамруулан сургах боловсоролын тогтолцоог бүрдүүлэх, хоёрдугаарт, нНасан туршийн боловсролын төвд суурилан, сурагчдыг сургуульд нь эргэн оруулж, шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд үндсэн бүтцийг нь сайн бүрдүүлэн, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, гуравдугаарт, эдгээр хүчин чармайлтыг олон нийтээр дэмжүүлэхийн тулд эцэг эх, боловсролын ажилтнуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, дөрөвдүгээрт, гарсан үр дүндээ үндэслэн, бодлого боловсруулагчдад зориулсан зөвлөмж гаргах явдал юм.
Төслийн үр дүнд Монгол Улсад тэгш хүртээмжтэй боловсрол бий болгохын тулд, хөгжлийн бэрхшээлтэй болон бусад төрлийн хүнд нөхцөл байдалд байгаа сурагчид болон сургуульд сураагүй хүүхдүүдэд чанартай боловсрол олгох боломжтой болж байна. Монгол Улсын Засгийн газар тусгай сургуулийг нэмэгдүүлэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжийг өргөжүүлэх чиглэл барьж байгаа. Ердийн ангид эдгээр хүүхдүүдийг хүлээн зөвшөөрөхүйц тэгш хамруулан сургах боловсролыг дэмжих шаардлагатай байна. Харин энэхүү төсөл нь энэ зорилтыг биелүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдэгт Хүүхдийг Ивээх Сангийнхан итгэлтэй байгаагаа энэ үеэр дурдаж байлаа.
Б.Энх
URL: