БАКУД ИЛХАМ АЛИЕВЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА
Хөрш зэргэлдээ Арментай газар нутгийн маргаантай байгаа Азарбайжан улсад Ерөнхийлөгчийн сонгууль сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 11-нд болох гэж байгаа билээ. Тэгвэл хөрш Армениас тэдний нийслэл Ереван хотыг булаан эзэлж “Түүхийн газар нутгаа эргүүлэн авна” хэмээх болсон одоогийн Ерөнхийлөгч Илхам Алиевыг эсэргүүцэгчид эсэргүүцлийн томоохон жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэнийг “Эхо Москва” мэдээлэв. Мөн түүнчлэн Баку хотын Цагдаагийн газар өнөдржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хүч хэрэглэх боломжтой гэдгийг ч анхааруулжээ.
Хэдийгээр эсэргүүцлийн жагсаал хийхийг зөвшөөрсөн боловч өчүүхэн төдий л өдөөн хатгалга мэдрэгдвэл цагдаа нар хүч хэрэглэнэ гэдгийг Баку хотын Цагдаагийн газрын дарга мэдэгдэж, танхайрагчдыг бүгдийг нь баривчлах болно гэдгээ ч зарлажээ. Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг Ардчилсан хүчний үндэсний зөвлөл зохион байгуулах бөгөөд энэ нь Азарбайжаны сөрөг хүчний хамгийн том холбоо гэнэ. Өнөөдрийн эрх баригчдыг эсэргүүцэгчид Азарбайжан дахь авилгал, үнийн хэт өсөлтийг эсэргүүцэж, улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсаар байгаа ажээ. Гэхдээ өнөөдөр болох эсэргүүцлийн арга хэмжээний гол уриа нь “Хаант бус засаглалын төлөө” байх гэнэ. Учир нь Азарбайжан улсад ганцхан гэр бүл сүүлийн 100 гаруй жилийн турш төрийн эрх мэдлийг гартаа атгаж байгаа аж. Урьд нь Ерөнхийлөгч байсан Гайдар Алиев дээрх албан тушаалыг эцгээсээ өвлөж байсан бол өнөөдрийн ерөнхийлөгч Илхам Алиев ч энэ албан тушаалыг ааваасаа өвлөн авч сүүлийн 15 жилийн турш Азербайжан улсыг тэргүүлж байгаа билээ. Одоо тэрээр Ерөнхийлөгчийн албанд дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа нь сөрөг хүчний зүгээс байнгын эсэргүүцэлтэй тулгардаг байна. Барууны ажиглагчид түүнийг Азарбайжан улсыг дарангуйллын аргаар удирддаг гэж үздэг бөгөөд хэвлэл мэдээлэлд ч ихээхэн халгаатай ханддаг нэгэн гэнэ.
Тэрээр өөрийн орны ард иргэдээс ганцхан зүйл дээр л ихээхэн дэмжлэг хүлээдэг нь хөрш зэргэлдээ ч байнгын газар нутгийн маргаантай явсаар ирсэн Арментай хүч түрэх байдлаар харьцаж, нийслэл Ереван хот байгаа газар нутгийг нь “Азарбайжаны түүхэн газар нутаг. Бид удахгүй энэ нутгаа Армениас булаан эзлэж, буцаан авах болно” хэмээдэг хүч түрсэн үйлдэл нь гэнэ. Тэгээд ч Илхам Алиевыг дэлхийд цэрэг зэвсгийн хүчээр эхний 10-т эрэмбэлэгддэг Турк улс байнга дэмжсээр ирсэн нь түүнийг ийнхүү Азарбайжан улсыг хугацаа хязгааргүй захирахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Д.Түвшин
http://www.24tsag.mn/a/160255
URL: