Төсөл төөрч, зээл зэсэрч, хөтөлбөр хөөс болдог зуршил
Юм үзээгүй байсны л үр дагавар
Их дээрээс эхэлсэн дээ, ийм зуршил. Ерэн оны ардчилсан хувьсгалаас ойш бол ёстой баруун солгойгүй урсгасан байдаг. Доллар моллар халааслах нь битгий хэл хараа ч үгүй хүн ихэнх нь байсан юм чинь. Баян гол зочид буудлын дор байх ганц долларын дэлгүүрээс ганц доллараар шил архи авчихсан нөхөр “До” яаманд дуудагдан шоронд орох дөхөж байсан тухай мэдэх юм. Америкуудыг атомын бөмбөг тэвэрсэн эрүү сахалтай, бортгон малгайтай, унжуу хамралсан этгээдээр төсөөлнө. Японыг бол дээд урууландаа тэвэг сахалтай, үүдэн хоёр шүд нь туулайнх шиг сөрдийсөн, махир сэлэмтэй самурай л гэж ойлгох. Гитлерийг хамгийн сайн мэднэ. Тоншуул мэт шонхор хамар дорхи хар сахал, буруу тийш самнаж нэг нүдээ даран унжуулсан халимаг, урагшаа сунгасан гар бүхий фашист яргачин байдлаар шоглоно доо.
Тэднийг нийлүүлээд жирийн иргэдийг гинжилж байгаад боолчилдог гурав дахь ертөнцийн дайснууд хэмээн нэг нүдээрээ ч харахыг зөвшөөрөхгүй. Ямар сайндаа л англи хэл сурсан хүнийг хөрөнгөтний хэл ямар зорилгоор сурав хэмээн шалгаж, буруутгаж байхав. Тийм байсан улсад гэнэтхэн энд тэндээс, ихэвчлэн нөгөөх дайснуудаас маань голдуу шүү, санаанд багтахааргүй их доллар, иен, фунт ороод ирдэг. Хэл устай л бол хэн ч байсан төсөл хөтөлбөрийн удирдагчаар томилогддог байсан цаг. Цаад талдаа албан ёсны харагдуулахын тулд хариуцсан яамных нь сайдыг ерөнхий зохицуулагчаар тохооно. За тэгээд ёстой баян Намсрай шиг л загнана даа. Мөнгө өгсөн газрынхан шалгахаар ирвэл сайдтай уулзуулна. Сайд улсын төсвөөр, эсвэл өөр төсөл, хөтөлбөрөөр хийсэн ажлуудаа хамаж чимэж байгаад үзүүлчихнэ. Зээл тусламж нь үр дүнд хүрснийг сонссон болохоор дараагийн тусламжаа нэмэгдүүлж өгнө. Зээл тусламж, хөтөлбөр төсөл нэмэгдэж, сайд ганцдаад ирмэгц яамныхаа газар, хэлтсийн дарга нарыг зохицуулагч болгоно. Сүүлдээ яамны бүх ажилтнууд ямар нэг төсөл хөтөлбөр хариуцах нь байх л ёстой үзэгдэл болно. Нэг хэсэг өдгөө ч гэсэн дээ бүх яам тамгын ажилтнууд үндсэн ажлаа хийхээ больж нөгөөх унацтай төсөл хөтөлбөртөө гол анхаарлаа хандуулж, завсар чөлөөгөөр нь үндсэн ажлаа оромдоно. Рекламны завсраар кино үздэг шиг л гэсэн үг. Бага зэрэг хэтрүүлсэн байж магадгүй. Гэхдээ л бараг үнэн дээ. Өнгөрсөн жил нэг яамны газрын дарга хэвлэлд ярьсан байсан. Тэр даргад гадны 100 гаруй төсөл, хөтөлбөр хариуцуулсан учир үндсэн ажлаа хийх зав олдохгүй байна гэж.
Манай төсвөөс гарч байгаа биш яаж ч үрж болно
Олон улсын байгууллагууд их баян. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй том орнууд жил бүр хэдэн тэрбум долларын татвар төлдөг. Тэр мөнгийг ядуу буурай орнуудад хувиарлан төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж, зээл хэлбэрээр тараадаг юм. Ийм эрх бүхий байгууллагынхан аль болохоор ядуу буурай, хүн ам нь боловсрол нимгэн, хяналт, шалгалт сул, хэл ам татлаад байхааргүй улсыг л сонгож тусламжаа илгээх дуртай. “Юм үзээгүй” даргад нь ахиухан цалин, бэлэг дурсгал өгөөд өөрсдийн сонирхолоо шургуулна даа. Жишээ нь ДОХ-той тэмцэх хөтөлбөр Монголд хэрэгжүүлэхээр боллоо гээд 100 сая долларын хөтөлбөр хэрэгжүүллээ гэж бодьё. Хойноос нь хөтөлбөрөө тайлбарлан таниулах сургалт явуулах баахан дэд хөтөлбөр дагалдуулна. Тэр сургалтыг нь заах багш гээд хэсэг “эрдэмтэн” нэр цохон бичсэн байх төдийгүй цаг тутамд хэдэн долларын цалин өгөхийг ч хатуу заана. Нөгөөх багш нар хамгийн үнэтэй буудалд байрлаж, тусгай унаа хүлэглэн, сайн хоол идэх нь ойлгомжтой. Ингэж ингэж төсөл хөтөлбөр манай мэдэлд ирэхэд талаас илүү хувь нь буцаад гадагшилсан тохиолдол цөөн биш. Үлдсэн 50 саяаасаа сайдын, зөвлөхийн, өөрсдийн багш нарын, орон нутгийн төсөл хөтөлбөр удирдагчдын цалин урамшуулал гэх мэтчилэн хуваагдсаар 25 сая үлдэнэ. Бас болоогүй ийм төсөл хөтөлбөр хэрэгжиж, тэр сайд, энэ гишүүн сургалтыг нээлээ, тууз хайчиллаа, сургалт явагдлаа гэх мэтээр бүх хэвлэл мэдээллээр сурталчлана. Дараа нь тайлангаа тавихад чухал хэрэгтэйгээс гадна, ийм төсөл хөтөлбөр манай аймаг, суманд хэрэгжих гэж байгаа юм байна гэдгийг дуулгаж байгаа нь тэр. Уг арга хэмжээнд дор хаяж 10 сая нь зарцуулагдаж таарна. Аа тийм, нөгөө хөтөлбөр, төслийн дээд газраас олон мянган бэлгэвч үнэлэгдэн ирнэ. Бэлгэвч үйлдвэрлэдэг компанийн шахаас гэдэг нь ойлгомжтой. Бэлгэвчийг үнэгүй тараах учиртай. Тэр жил төв талбайд нисдэг тэргээр ачиж авчраад цацаагүй юу. Хүүхэд хөгшид хэн ч бай хүссэн хүнтэйгээ бэлгийн харьцаанд орж болно. Гэхдээ энэ бэлгэвчийг хэрэглээрэй гэсэн агуулгатай юм. Цүнх барьдаг хүн бүр хоёроос доошгүй бэлгэвч хийж явах ёстой тухай Эрүүл Мэндийн сайд эмэгтэй телевизээр цүнхээ нээн бэлгэвчүүдээ харуулж байгаад сурталчилсныг санаж байгаа биз. Эдгээр бэлгэвчүүд үлдсэн 15 саяын лавтайяа 10 саяыг авч одно. Ингээд хамгийн сүүлийн 5 саяаа сумдад хувиарлахаар нэг суманд хэдэн хайрцаг бэлгэвч, “Бэлгэвч таныг найдвартай хамгаална” гэсэн утгатай зурагт хуудаснууд, зөрүүлж зангидсан улаан туузнуудтай хамт хүргэгдсэнээр төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусна. Дараагийн төсөл хөтөлбөр эхлэнэ дээ. Жишээ болгож хамгийн ойроор нь ДОХ-ын хөтөлбөрийг сонгосон юм шүү. Яам агентлаг болгон дээр ийм жишиг тогтсон байгаа.
Санхүүжилт нь зогссон учир “ЗА” гэхээ больсон
Дотоодод ч гэсэн төсөл хөтөлбөр дээр дурдсан жишгээр жинхэнэ эзнээсээ холдсон. Цөөнгүй төсөл хэрэгжиж буй нэрээр ганц хоёр хүний түрийвчинд орох энүүхэнд. Хүүхдээсээ эхлье л дээ. “Хүүхдийн төлөө бүхнийг ЗА” гэх арга хэмжээ тун сүртэй эхэлсэн шүү дээ. Одоо хар л даа. Ээж ааваас нь өөр “за” гэж байгаа хүн байна уу. Зарим эцэг эхчүүд юун “за” бүр ил цагаан “үгүй” гээд төрүүлсэн хүүхдээ хогийн саванд хаядаг болсон. Тоож байгаа газар ч алга. Уг нь Хүүхдийн төлөө Үндэсний Төв, Хүүхдийг ивээх Сан, Хүүхэд асран хамгаалах Төв, Хүүхэд асрамжийн газар, хүүхэд хамгаалах нийгэмлэг …хүүхдийн …хүүхдийн гэсэн агентлаг, Төрийн бус байгууллага хангалттай олон бий. Дээр нь жирэмсэн эхчүүдийг харж хагаалах эмнэлэг, байгууллага тоогоо алдсан. Эрүүл мэндийн тухай хуулинд ч жирэмслэлттэй холбоотой бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй байх тухай тодорхой заалт байдаг. Харамсалтай нь түүнийг хэрэгжүүлдэг газар хаана ч байхгүй.
Хүүхэд төрүүлсэн эхчүүдээс асуугаад үзээрэй. Хяналтанд орохын тулд ямар урт зам туулж, хичнээн мөнгө төллөө ч эмч нарын шаардсаныг гүйцээж амжилгүй төрөхөд түргэнээр хүргэгдэж очдог тухай бараг бүгд хэлнэ дээ. Нэгэнт тавьсан шаардлагыг гүйцээгээгүй учир төлбөр төлөхөөс өөр аргагүй болно. Зөвхөн энэ ч биш. Яаралтай мэс засалд орох шаардлагатай өвчтөнөөс хүртэл мөнгө нэхээд хөдлөхөө больсон тухай сонссон. Цөсний чулуутай нэг хүний чулуу нь бөглөрч хүндрээд түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн чинь дурангаар авхуулах бол 300 мянга, хагалуулж авхуулах бол 200 мянгийг төл гэж шаардсан гэсэн. Байдал л ийм л болчихож. Ажилгүй, мөнгөгүй, дээрээс нь хүсээгүй жирэмсэлсэн тохиолдолд өлгий авч чадсан нь гандангийн хүрдэн дээр, чадаагүй нь бие засах газар, буудлын өрөөнд гэхчлэн хаяхаас аргагүйд хүрдэг бизээ. Асуудлын гол нь амаржих газар дутсандаа ч биш л болов уу. Төр засгаасаа эхлээд хүүхдийн төлөө “ЗА” гэхээ больсонтой л илүү хамааралтай. Эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийнх нь мөнгө дууссан болохоор “ЗА” нь ч хамт дуусан байх. Хажуугаар нь төсөл төөрч, зээл зэсэрсэн нь нөлөөлдөг л байж таарна. Саявтархан Мянганы сорилтын Сангийн эрүүл мэндийн нэг хөтөлбөрийн зохицуулагч нарын тухай цухасхан бичигдээд мартагдсан. Тэд төслийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан нь хөндлөнгийн шалгалтаар илэрчихээд байхад үрсээр л байсан юм билээ. Гадны хяналтынхан төслийн удирдагчид хэлээд нэмэр болоогүй учир арга барагдахдаа Ерөнхий сайдад хандсан байдаг. Арга хэмжээ авахгүй бол МСС-ийн дараагийн санхүүжилтийг зогсоолоо хэмээн мэдэгдэж байж нэг юм толгой дохиулсан шүү. Хөрөнгө мөнгө буруу зарцуулсан дарга нарыг зүгээр л халсан болоод л өнгөрсөн байна лээ. Хариуцлага алдсан тухай огт дурьдалгүй, өөрсдийнх нь хүсэлтээр хэмээн аргацаасан тухай хэвлэлд бичигдсэн. Бодвол өөр нэг төсөл хөтөлбөрт оччихсон цохиж яваа биз. Энэ сэдвээр үргэлжлүүлж бичих учир ингэсхийгээд дуусгая.
Олхонууд ШААБАР
URL: