Утаагүй түлш, халтиргаа нийслэлийнхний асуудал болоод байна

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн захиргаа хавиар онц гойд юм болсонгүй. Ганц нэг хотын төлөөлөгч ирж, нийслэлийн орлогч нартай уулзсаныг эс тооцвол. Харин ганцхан том үйл явдал болсон нь гэр хорооллын төлөвлөлтийн талаарх гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулсан явдал байв.

Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх долдугаар хорооллыг барилгажуулах төслийн нэгж, Германы “Гёте” институтын суурин төлөөлөгчийн газар болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хотын хөгжлийг дэмжих” хөтөлбөр хамтран зохион байгуулсан билээ.

Үзэсгэлэн ч яах вэ, болдгоороо л болсон. Харин албаны хүмүүс үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хот байгуулалтын энэхүү түүхэн үйл явцыг баримтжуулснаар Улаанбаатар хотын нэгэн гэр хороолол болох Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллыг иргэдийн оролцоотойгоор орон сууцжуулах түүхэн үйл явцын эхлэл болгохоор зорьсон. Одоогоор тус хорооллын 80 орчим өрх газраа чөлөөлж нөхөн төлбөр авсан бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн үндсэн дэд бүтцийг барьж байгуулах ажил ид өрнөж байна” гэж хэлсэн нь анхаарал татаж байлаа.

Ерөнхийдөө бодит байдлыг харахад ажлын явц удаашралтай харагдаж байгаа. Гэхдээ албаны хүмүүс мэдэж байгаа юм байлгүй. Ямар ч байсан тэдний хэлж буйгаар долдугаар хорооллын ажил эхлэхэд бэлэн болчихсон бололтой. Аль ч талаас нь үзсэн сайхан л мэдээ. Гэхдээ үнэн бол. Энэ бүхний хажуугаар нийслэлийнхний асуудал нь түлэх түлш, замын халтиргаа болж хувираад байна.

Нийслэлийн дөрвөн хорооны 50 орчим хороонд нүүрс түлэхийг хориглож, хязгаарлалтын бүс тогтоогоод байгаа. Гэтэл эдгээр хороонд түүхий нүүрс үнэд орж, шахмал түлшин дээр иргэд “дайн” зарлаж байна. Уг нь нийслэлээс хоёр компанитай гэрээ хийж ажиллаж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээсээ хэд дахин бага байсаар л.

Утаагүй түлш хязгаарлалтын бүсэд жинхэнэ асуудал болж хувираад байна. Энэ талаар өнгөрсөн долоо хоногт манай сонин газар дээрээс нь сурвалжлага хийсэн. Тэгэхэд хүмүүс ч зовлонгоо тоочиж байсан. Үүнээс гадна замын халтиргаа асуудал болоод байгаа. Дээрийн орсон цас одоо мөстөөд, осол аваар ихээр нэмэгдэхээр онцгой нөхцөлд оччихсон байна. Гэтэл ойрын хоногуудад дахиад цас орох тухай цаг уурчид мэдээлсээр л.

Нөгөө цас арилгах цохиур нь хаана байна. Хэн хэрэглэж байгаа нь мэдэгдэх юм алга. Хайрга, давс, бодисоо ч хаагуур цацаад байгаа нь мэдэгдэхгүй л байна. Уг нь нийслэлийнхэн 100 санхүүчийг чуулуулж, алдарт Марко Пологийн хөшөөг сүндэрлүүлсэн зэрэг ажил хийсэн. Өнгөрөгч долоо хоногт шүү дээ. Үр бүтээлтэй л ажил. Гэхдээ л асуудал бүтээн байгуулалтаа дарах хэмжээнд хүрчихэж.

Н.Болд


URL:

Сэтгэгдэл бичих