“Айвенхоу”, “Петрочайна”-гийн хувьцааны ханш дахин өслөө

Лондоны металлын биржид өнгөрсөн долоо хоногт 7100 ам.доллар болтлоо унасан зэсийн ханш өчигдөр 7800-д хүрч өсчээ.

АНУ-д ажилгүйдэл төсөөлж байгаагүйгээр буюу есөн хувиас 8,6 хувь болтлоо буурсан байна. Энэ мэдээний дараа Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 700 ам.доллараар өссөн бол тонн цайрын ханш долоо хоногийн өмнөхөөсөө 200 “ногоон”-оор нэмэгджээ.

АНУ-ын ажилгүйчүүдийн тоо буурах нь тэд өрийнхөө асуудлыг шийдэх боломжтой болоход ойр байгаа мэдээг хөрөнгө оруулагчдад дуулгасан хэрэг юм. Вашингтоны өр Европын хямралаас дутахааргүй анхаарал татсан хэрэг болоод байгаа билээ. АНУ-д ажилгүйдэл буурахад ” Boeing Co” зэрэг компани ажиллах хүч авахаа мэдэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ өсөлт нь зөвхөн металлын зах зээлд нөлөөлөөд зогсохгүй хөрөнгийн биржүүдийн ханшийг ч өсгөжээ.

“ПЕТРОЧАЙНА” ХУВЬЦАА ГУРАВДУГААР САРЫН АМЖИЛТАА ДАВТААГҮЙ Ч…

Хятадын газрын тос, шатахуун, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч “Петрочайна” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид өндөр өсөлттэй үнэт цаасны нэг. Өнгөрсөн дөрөвдүгээp сард тус компанийн хувьцааны ханш 150 ам.доллар давж байлаа. Тухайн үед зэсийн ханш 9000 ам.доллар давж, гадаад зах зээл дээр металл, ашигт малтмалын эрэлт үлэмж их байсан юм. Түүнээс хойш буюу энэ оны хоёр, гуравдугаар улирлаас өнөөдрийг хүртэл бага багаар унасан.

Тухайлбал, тавдугаар сард 134, зургадугаар сард 140, наймдугаар сард 132, есдүгээр сард 120 ам.доллар зэргээр ханш нь хэлбэлзсээр байжээ. Харин өчигдрийн байдлаар энэ ханш 128 ам.доллартай байлаа.

“АЙВЕНХОУ МАЙНЗ” ХУВЬЦААНЫ ХАНШ 30 АМ.ДОЛЛАР ДАВЖ БАЙВ

Өмнийн говийн алт, зэсийн том ордыг “Рио тинто”-той хамтран олборлохоор ажиллаж буй “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш янз бүр байна. Нью-Йоркийн хөрөнгийн биржид “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш гуравдугаар сард 30 ам.доллар давж байсан юм. Түүнээс хойш мөн л бага багаар ханш нь буурч байлаа. Ингэхдээ тавдугаар сард 24, наймдугаар сард 22, есдүгээр сард 21, сүүлдээ 16 ам.доллар болтлоо унасан юм. Энэ ханш өчигдрийн байдлаар 20,18 ам.доллар болжээ.

Ж.Цогзолмаа


URL:

Сэтгэгдэл бичих