Улстөрчид булхайгаа хэвлэлийнхэнд үүрүүлэхээр улайрч байгааг таслан зогсооё

Улстөрчид өөрсдийнхөө булхай, хууль бус үйлдлийнхээ хариуцлагыг хэвлэлийнхэнд үүрүүлэхээр шийдэж байгааг сэтгүүлчид таслан зогсоохыг уриалж байна. Тодруулбал тэд сонгуулиар бие биенээ баруун солгойгүй гүтгэж доромжилчихоод, үүнийхээ хариуцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үүрүүлж, өөрсдөө цэвэр сугарч үлдэх тохироогоо хийж байна.

Ийм эрх зүйн зохицуулалтыг Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад бат бэх гэгч нь суулгаж аваад, энэ хэвээр нь батлахаар яарцгааж байгаа эрхэм гишүүд хэдхэн хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Сонгуулийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн төрийн албан хаагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэгт санал нэгдсэн.

Энэхүү шударга бус заалттай мэргэжил нэгт нөхөд маань үзгэн зэвсгээрээ багагүй тэмцсэн билээ. Зарим улстөрч ч уг заалт шударга бус байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

Үүний үр дүнд Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлэгт энэ заалт өөрчлөгдсөн гэж найдаж байв.

Ийм итгэл найдвар тээсээр Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлэгт шилжихэд бэлэн болсон хувилбарыг авч үзлээ. Дээрх заалтад өөрчлөлт орсонгүй, харин ч “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх” гэснийг 5-10 сая төгрөг хэмээн тодотгож тусгажээ.

Хуулийн төслийг 37.6-д “Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал иргэнийг 150 000-200 000 төгрөгөөр, албан тушаалтныг 250 000-300 000 төгрөгөөр, нам, эвслийг 5 000 000-10 000 000 төгрөгөөр, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагыг 5 000 000-10 000 000 төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Энэ заалтаас үзэхэд хэвлэлээр хэн нэгний нэр хүндэд халдсан материал гарсан тохиолдолд тухайн сонин, телевиз 5-10 сая төгрөгийн буюу их хэмжээний торгууль төлөх нь. Гэтэл бусдыг гүтгэсэн, доромжилсон иргэн, албан тушаалтанд ердөө 150-300 мянган төгрөгийн торгууль оногдох юм байна. Өрсөлдөгчөө гутаан доромжлох, гүтгэх, нэр хүндийг нь унагах ажиллагаагаа сонгууль болохоор улам идэвхжүүлдэг улстөрчид өөрсдийгөө иргэн эсвэл албан тушаалтанд хамруулж байгаа нь ойлгомжтой. Улстөрчид булхай, хууль бус үйл ажиллагаагаа хэвлэлийнхэнд үүрүүлээд, өөрсдөө дорвитой шийтгэлгүй үлдэх гэж байгааг энэ заалтаас харж болохоор байна.

Мөн хуулийн төсөлд МҮОНРТ-ээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй явуулж нэвтрүүлж болох хэдий ч төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа хоногт нэг цагаас хэтрэхгүй байхаар тусгажээ. Ингэхдээ нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нэвтрүүлнэ гэжээ. Үүнийг нь мөрдөхгүй бол телевиз, радиог мөн л 5-10 сая төгрөгөөр торгоно гэж хуулийн төслөөрөө дамжуулан дарамталж байна.

“Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно” гэсэн утгатай заалт хуулийн төсөлд мөн орсон байна. Үүнийг зөрчсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 5-10 сая төгрөгийн торгууль оногдуулахаар тусгажээ. Харин бүртгүүлж, үнэмлэхээ аваагүй хэрнээ сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоогоогүй нэр дэвшигчид ямар хариуцлага оногдуулах талаар энэ хуулийн төсөлд алга. Уг нь нэр дэвшигчийг хүсээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэдний сонгуулийн сурталчилгааг явуулна гэж баймааргүйсэн.

Ийм шударга бус, өөрсдийгөө өмгөөлж, хэвлэлийнхэнийг золионд гаргасан хуулийн төслийг батлахаар зэхэж буй УИХ-ын эрхэм гишүүд төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулсан сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулсан, шашны зан үйл ашигласан, сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, сонгуулийн бус олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан нэр дэвшигчийг ердөө 200-250 мянган төгрөгөөр торгохоор хуулийн төсөлдөө тусгажээ.

Үүнээс үзэхэд нэр дэвшигчид бол яаж ч авирлаж болно гэж энэ хуулийн төсөл хэлээд байгаа юм биш үү. Төрийн хөрөнгийг ашиглан, сонгогчдыг татах ажил хийчихээд, бас хэвлэлийнхэнд зориулсан хуулиа өөрсдөө баталж, өөрсдөө зөрччихөөд ердөө 250 мянган төгрөгийн торгууль төлөөд өнгөрнө гэдэг шударга ёсонд нийцэхгүй. Тэгсэн атлаа хэн нэгний өгсөн мэдээллийг дамжуулсныхаа төлөө хэвлэл мэдээллийн байгууллага үүнээс 20-40 дахин өндөр торгууль төлнө гэдэг шударга явдал биш шүү дээ.

Сонгуулийн хуулийн шударга бус заалт үүгээр дуусахгүй. Хэвлэлийнхэн рүү хандсан дахиад нэг дарамт байна.

“Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллага мөн л 5-10 сая төгрөгийн торгууль төлөх нь ээ.

Хэвлэлийнхэн бид үнэний талд зогсож, бодитой мэдээлэл түгээхийг л хүсдэг. Харамсалтай нь тухайн цаг үед гарч байсан мэдээлэл, хэсэг хугацааны дараа худал болж хувирах нь бий. Үүнээс үүдээд хэвлэлийнхэн мэдээлэл дамжуулсныхаа төлөө торгуульд унах заалтыг Сонгуулийн хуульд оруулжээ.

Ийнхүү худал мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгөн торгуулиудаас хамгийн өндрийг нь оноож байгаа атлаа сонгуульд оролцож буй аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулж, санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг байж боломгүй үйлдэл гаргасан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг 250-300 мянган төгрөгөөр торгох нь ээ.

Мөн заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, баримт бичиг дутуу, эсхүл хуурамч нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250-300 мянгаар, гишүүнийг 200-250 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Улстөрчид өөрсдийгөө хаацайлаад зогсохгүй сонгуулийн үеэр хамгийн хариуцлагатай ажиллах учиртай сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хүртэл толгойг нь илэх бэлгэдлийн чанартай торгуулийг хуулийн төсөлд тусгасан нь энэ.

Хуулийн төсөлд бас нэгэн “сонирхолтой” заалт байна. Одоо батлах гэж буй хуулиар бол сонгуулийн ажиглагч нь ажиглалтын тайлангаа нийтэд тавих, хэвлэн нийтлэх үүрэгтэй аж. Ажиглагч нь худал, хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэсэн тохиолдолд түүнийг 150-200 мянган төгрөгөөр торгоод, ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хурааж авах юм байна. Хэвлэл мэдээллийн байгууллага худал мэдээлэл тараавал 5-10 сая, ажиглагч худал мэдээлэл тараавал 150-200 мянгыг төлнө.

Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Нэр дэвшигчид ажиглагчаар дамжуулж худал мэдээлэл тараалгачихаад 200-хан мянган төгрөгийн торгууль төлөөд өнгөрдөг, мэдээлэл дамжуулах үүрэг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл 5-10 саяар торгуулдаг байж болох уу. Иймээс сонгуулийн булхайгаа хэвлэлийнхэнд үүрүүлэхээр улайрч байгаа улстөрчдийн увайгүй үйлдлийг таслан зогсооё.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

Улстөрчид булхайгаа хэвлэлийнхэнд үүрүүлэхээр улайрч байгааг таслан зогсооё


URL:

Сэтгэгдэл бичих