Кобальтын эрэлчид Монголыг чиглэх үү
Газрын ховор элементгүйгээр машин, гар утас гээд л бидний өдөр тутмын хэрэглээ бүтэх боломжгүй. Хүн бүрийн мэдээд байдаггүй элементүүд нь цахилгааны төгс дамжуулагч болж чаддагаараа чүдэнзний хайрцагнаас ч жижигхэн “iPod”-ooc эхлээд дэлхийн тодорхой хэсгийг эрчим хүчээр хангаж буй цөмийн реакторууд хүртэл XXI зууны дэвшилтэт технологийн бүхий л бүтээгдэхүүний салгаж боломгүй нэг бүрэлдэхүүн хэсэг, заримдаа зүрх нь ч болдог байна.
Газрын ховор элементүүдээс хамгийн ергөн хэрэглэгддэг нь кобальт. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо ч бий. АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40 орчим хувь нь Хятадад үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг байна.
Гол хэрэглэгч нь АНУ, Япон, Франц, Герман зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч орнууд. Хятадын дарга асан Дэн Сяопин нэгэнтээ “Ойрх Дорнод газрын тостой бол Хятад газрын ховор элементүүдтэй” гэж хэлж байсан удаатай гэдэг. 2009 онд л гэхэд дэлхийн хэмжээнд 124 мянган тонн газрын ховор элемент зах зээлд нийлүүлсний 120 мянгыг нь Хятадад олборложээ.
Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улс экспортын хэмжээгээ эрс хумьж, ховор элементийн зарим уурхайнхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлжээ. Энэ зорилгынхоо хүрзэнд газрын ховор элементүүдийн экспортын татварыг өсгөж, томоохон уурхайнуудаа хаагаад байгаа.
Үүний үр дүнд дэлхийн зах зээл дээрх зарим ховор элементийн үнэ ганцхан жилийн дотор даруй гурав дахин өссөн байна. Зөвхөн кобальтын ханш л гэхэд сүүлийн 18 сарын хугацаанд гурав дахин өсөж, тонн тутамдаа 80 мянган ам.долларт хүрээд байна. Дэлхийн нийт кобальтын эрэлт хэрэгцээний гуравны хоёр нь Африкийн Ардчилсан Конго Бүгд Найрамдах Улсаас нийлүүлдэг. Гэвч энэ улсад байнгын үймээн самуун болж байдаг тул кобальтын олборлолт тогтмол бус байдаг аж.
Мөн Австралид нэг сая тонн, Куба 500 мянган тонн, Филиппин 290 мянган тонн, Канад 270 мянган тонн, Замби 270 мянган тонн, ОХУ 250 мянган тонн кобальтын нөөцтэй аж. Хэдийгээр ховор металлын асар их нөөцтэй ч Хятад Улс өнгөрсөн оны эхний өсөн сарын хугацаанд 1 2 тэрбум ам.долларын өртөг бүхий кобальт Конгоос импортолсон байна. Хятадын хийж буй энэ алхмыг зарим ажиглагч Хятад Улс ирээдүйдээ зориулан нөөцөлж байна гэж тайлбарлаж байгаа бол өөр бусад нь энэ зах зээлд монополь байдлаа ашиглан газрын ховор элементүүдийн үнийг өсгөх гэж байна гэж шүүмжилж байгаа.
“IPhone”, “iPad’’ зэрэг төхөөрөмжийн батарейг үйлдвэрлэх гол түүхий эд кобальтын нөөц дэлхий даяар багасаж байгаагаас үүдэн “Apple” компани анх удаагаа байгалийн ховор эрдэс болох кобальтыг шууд олборлогчоос нь худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн цахилгаан хөдөлгүүртэй автомашины хөгжил кобальтын эрэлтийг улам нэмэгдүүлэхээр байгаа юм. Түүнчлэн дэлхийн хүн ам асар хурдацтай өсөж, хэдхэн жилийн дотор долоон тэрбумд хүрчхээд байхад кобальтын хэрэглээ нь дагаад өсөх нь ойлгомжтой байна.
Тиймээс АНУ, Герман, Канад, Австрали зэрэг улс шинэ нөөц хайж, уурхай нээх аянд мордоцгоосон бол Япон Улс цахилгаан машин, салхин сэнс үйлдвэрлэхэд ордог газрын ховор элементүүдийнхээ хэмжээг бууруулах, орлуулах эх сурвалж бий болгох ажилд ханцуй шамлан оржээ. Японы Засгийн газар энэ ажилдаа хэдийнээ нэг тэрбум ам.доллар төсөвлөсөн байна.
Гэсэн ч энэ арга зам нэг л бүтэлтэй болохгүй байгаа бололтой. “Тоёота” компанийн мэдээлснээр, “Prius” машины батарейг үйлдвэрлэхэд 5-20 килограмм кобальт ордог байсан бол уг автомашины шатахууны хэрэглээг илүү багасгахын тулд кобальтын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болоод байгаа гэнэ. Ингээд бодохоор дэвшилтэт технологи, автомашин, электрон барааны үйлдвэрлэл дээр тогтдог Японы хувьд газрын ховор элементийн төлөө үхэн хатан зүтгэх нь ойлгомжтой.
Тэгвэл АНУ газрын ховор элементгүй бол Цахиурын хөндийд юу болох бол. Дэвшилтэт технологийн талбарт тоглогч бусад орны хувьд ч газрын ховор элементүүдийн хойноос хөөцөлдөх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Эрдэмтдийн тооцоолсноор, эдүгээ ашиглагдаж байгаа дотоод шаталтат хөдөлгүүртэй бүх машиныг цахилгаан хөдөлгүүртэй машинаар сольё гэвэл 14 сая тонн буюу дэлхий дээр тогтоогдоод байгаа нөөцөөс хоёр дахин их кобальт хэрэгтэй болох гэнэ.
Тэгвэл тэдгээр эрдэнэсийн эрэлчдийн хараандаа авсан газрын нэг нь Монгол Улс, Манай улсын нутаг дэвсгэрт 60 гаруй газарт ховор элементүүдийн орд илрээд байгаа аж. Хэдийгээр нийт хэмжээг хараахан нарийн тооцож гаргаагүй байгаа ч хамгийн том нь болох Өмнөговийн Мушгиа худаг хэмээх орд Өвөрмонголын Баян-Овоогийнхтой бараг дүйцэхүйц буюу 200 сая орчим тонн газрын ховор элементүүдийн хүдрийн нөөцтэй юм байна.
Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: