МАЛ МАЛЛАХАА МАРКСИЗМААР ЗААЛГАХГҮЙ
НАМЧИРХАЛ БУЮУ НАМ ГЭЖ МАМ
Үнэхээр орон нутгийн амьдрал ахуйд улс төрийн намууд тус болохоосоо ус болоод 20 гаруй жил болж байна.
Намаар талцаж хуваагддаг явдал орон нутагт иргэдийг ахуй амьдралаас нь холдуулж, сум, дүүргүүд хийрхсэн хэрүүлийн голомт болж байгааг бид бүгд харж байна.
Албан тушаал, шагнал, урамшуулал, төсөл хөтөлбөр, халамж, дэмжлэгт хамрагдах явдал ялсан намд хамаатай асуудал бөгөөд бүгд намын харъяаллаар шийдэгддэг. Энэ боломжоо хадгалах эсхүл олж авахын төлөө намууд дөрвөн жил тутамд нийгмийн баялаг, ард түмнийхээ хуримтлалыг тараан цацаж сүйтгэдэг ийм л гэнэн солиорол, сүйтгэлийн үе нөмөрчээ. Сөрөг хүчин байсан нам нь ялах бүрд орон нутгийн хөгжлийн бодлого өөрчлөгдөж, өмнөх засгийн хийж байсныг санаатай зогсоож, устгаж шинээр эхэлнэ. Сонгуулийн дараах халаа сэлгээ ёс болж, нам дагасан, дарга дагасан тохиолдлын шинжтэй бэлтгэгдээгүй хүмүүс төрийн албанд шургалах, ялагдсан намд сонгуульд ажилласан хүний ажил алба, бизнес шахалт хавчлагад өртөх, нутгийн зөвлөлөөсөө эхлээд, мах, ноолуурын холбоо хүртэл, дэлхийн банкны төслөөс цэцэрлэгийн цэвэрлэгч хүртэл өөрчлөгддөг ийм тахалын нянг Дэлхий эздийн зохиосон “Хуваан захирах” онол гэдэг. Үр дүнд нийгмээрээ талцан хуваагдаж, хойч үеийн залуучууд нь эрдэмтэй хүний номтой цүнх барихын оронд эрх мэдэлтэй хүний мөнгөтэй цүнх зөөх сонирхолд автдаг зүй тогтолтой.
60 ТЭРБУМ
Өнөөдөр МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН, БНН, ЭХ Орон Нам, ХҮН гээд орон даяар нэг сая хүн 28 намаар дамжин улстөржиж байна. Сонгуулийн насны хоёр сая иргэдээс нэг сая нь улс төрийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцдог боллоо.
Сонгуульд ялсан нам засгийн эрхийг барихдаа намынхаа гишүүдийг албан тушаалд томилохыг урьтал болгодог. Томилогдсон хүмүүсээрээ дамжуулан намаа санхүүжүүлнэ. Үндэсний сүлжээ байгуулсан нам 2000-аад баг, 200-д хороодын 8000-10000 хүнийг тогтмол санхүүжүүлэх шаардлага гардаг байна. Чухам ийм шаардлага намуудыг 60 тэрбумыг олох эрэлд хөтөлдөг.
Намын санхүүжилтийг хоёр замаар хийж байна. Эрх барьж буй нам гишүүдээ төрийн албанд томилж эрх мэдлээ ашиглан хөрөнгө босгох үүрэг хүлээлгэдэг. Энэ нь улсын хөрөнгийг завшуулах, тендерүүдийг намын гишүүддээ хуваарилах үүрэг гүйцэтгэнэ. Эрх мэдэлтэй хүмүүсээр дамжуулж санхүүжилт босгох нь намаар хамгаалагдсан авилгын сүлжээг бий болгодог.
Намын сүлжээг санхүүжүүлэх нөгөө нэг хэлбэр нь хөрөнгө чинээтэй хүмүүс юм. Тэрбумтанууд намыг санхүүжүүлснээр өөртөө хэрэгтэй төсөл, тендерүүдийг авах, намын удирдлагуудыг худалдан авдаг. Нам нь энэ боломжийг олгохгүй бол чинээлэг хүмүүс хувийн нам байгуулдаг.
Том гэгдэх намууд олон зуун мянган гишүүдийнхээ нэр нүүрээр халхавч хийж, сүлжээ, бүтцээ санхүүжүүлэх нэрээр ард түмний хөрөнгийг идэж уудаг, төрийн мөнгийг хуваан завшиж, шамшигдуулдаг нэгэн төрлийн хар бизнесийн сүлжээний мафууд болж төлөвшлөө.
Нам, төрийн албыг тойрсон авилгын сүлжээ олон мянган гишүүдийнхээ ард нуугдаж, хамгаалалтад орж байна.
Намуудын гишүүд олон байх тусам авилгачдын хамгийн найдвартай нуувч болж, ард түмэн өөрийн мэдэлгүй улаан хамгаалагчид болж хувирч байгааг ойлгох ухаарлыг олох хэрэгтэй юм.
ТӨРИЙН СҮЛД ГУДАЙЖ БАЙНА
Ялагдах болгондоо хийдэг сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг муулах зохион байгуулалттай үйл ажиллагаанууд Монгол төрийг тасралтгүй гутааж байна. Эрх баригчдын үйл ажиллагааг сайн муугүй муулах нь сөрөг хүчний хамгийн дуртай ажил бөгөөд эрх баригч нь ТӨР байдгийг хэзээ ч умартаж болохгүй.
Иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод бүгдийг намууд залгиж, шахаж, нөлөөлөлдөө оруулах шамбалын дайнд мордсон байна. Энэ бүхэн даамжирсаар төрийн бус байгууллагууд, шашны байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашиглах сонирхол нь уламжлалт бус шашны олон зуун сүм хийд, цуглааныг байгуулж, нийгмээ соёлын дайны талбар луу чирж байна.
ЭВДЭРЧ ХЯМРАХ БУС ЭВЛЭРЧ ХӨГЖИХ ЗАМ
Орон нутагт ард түмэн намчирхлаасаа ангижирч, хүлээсээ тайлан, бүтэн цул болж, эв санааг нэгтгэн төр, удирдагчид руугаа харах аваас одоо Ардчилсан намын ард түмэнд харагдаад байгаа Ардын намын аймшигийн амьтад, урьд нь Ардын намын ард түмэнд харагдаж байсан Ардчилсан намын үл бүтэх нөхдүүд бүгд л нэг л өнгөөр харагдах бөгөөд тэдний эсрэг нэгэн хүчээр зогсож, шахаж, шаардаж, ажиллуулж чадах нь мадаггүй билээ. Эс бөгөөс бид хоосон хуурмаг үзлүүдийн илд бамбай болон мөнхөд зөрчилдсөн сөрөг ард түмэн болж, амьдрал ахуй нь хоцорч, ядууран, өрийн тулам болж, хэрүүлийн голомтоо өрдөн суух тавилан л хүлээж байна. Монголд 30 нам байна гэвэл, ард түмэн 30 хуваагдах ийм улс төр, нийгмийн орчинд аж төрж байна.
АЙМГИЙН ХОРИН СУМ ХӨГЖЛӨӨРӨӨ УРАЛДАХ АТАЛ, АН, МАН ХОЁР НАМ ҮХЭЛДЭН ТЭМЦЭЛДЭХ БОЛСОН ШАЛТГААН
Ийм болсны учир шалтгаан нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиудад орон нутгийн сонгуульд улс төрийн нам оролцохоор Үндсэн хууль зөрчин хуульчилсан нь өнөөгийн хоосон намчирхлын вирусыг түгээсэн урхагтай.
Уг нь манай Үндсэн хуулийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай IV бүлгийн 59-р зүйлийн 59.1-д “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.”, 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, … мөн.” гэж заасан үүнийг Бирагийн Чимид Үндсэн хуулийн эрх зүйн тайлбар толиндоо /168х/ Орон нутгийн өөрөө удирдах ёс гэдгийг “Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн олон салаа мөчирт нийгмийн байгууллагаар илэрдэг засаг төр гэдэг нийгмийн давхраа сүндэрлэж байх сацуу, тэрхүү эрх мэдлийн ундарга болж, эцсийн дүнд түүнийг “мэдэж” байдаг Монголын иргэд нийлээд “иргэний нийгэм” гэж байгууллагыг бүрдүүлдэг. Иргэний нийгмээ дарангуйлдаг төр байх уу?, Төрөө мэддэг иргэний нийгэм байх уу? гэдэг бол ардчиллын гогцоо асуудал бөгөөд жич яривал зохих төвөгтэй асуудал гэдгийг дурьдахын ялдамд иргэний нийгэмд тус тус хамт олны амьдралын асуудал бас буйг цохон тэмдэглүүштэй. Тийм асуудлаа төрийн дарамтгүйгээр өөрсдөө шийдэхийн тулд төрийн бус өөрсдийн байгууллагаа бий болгодог, түүнийг ИТХ, ИНХ гэж нэрлэсэн хэрэг. Иймд эдгээр хурал “иргэний нийгэмд” шууд хамаардаг учир иргэний байгууллага мөн.”гээд \192х\ 4.1.1-д Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ялангуяа сум/-ын сонгуульд төвөөс, намаар дамжин төрөөс хутгалдан, дарамт үзүүлдгийг хориглож хүмүүс нутаг дэвсгэрийн хамт олны гишүүн-улсынхаа иргэнийхээ хувьд өөрсдөө зохион байгуулж, мэдэж, өөрсдийн хүссэн хүнээ төлөөлөгчөөрөө сонгодог нөхцөл бүрдүүлэх нь чухал.
НАМ ТӨВТ ТӨР БА ИРГЭН ТӨВТ ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА
Хэл зүйн хувьд үгчилэн тайлбарлавал “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.” гэж заасны “хослуулах” гэдэг үгийг Монголчууд “Хар цагаан”, “шар ногоон”, “эр эм”, “арга билэг” гэх мэтээр эрс тэс бус ч ижил төстэй бус гэдгээр хоёр өөр зүйлийн хамтаар орших хэлбэр гэж ойлгож ярьж ирсэн байна. Энэ нь байгуулагдах арга хэлбэрийн хувьд өөр байна гэсэнтэй агаар нэг юм. Төр улс төрийн намаар дамжин байгуулагдахаар Үндсэн хуулинд хуульчлагдсан, тэгвэл хослох байгууллага нь намгүйгээр байгуулагдах ёстой гэж ойлгох ёстой болж таарна. Мөн холилдож болохгүйг онол, түүх, номлол хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намын дарга, гишүүд төрийн төлөөлөл ЗД, иргэдийн төлөөлөл ИТХ хоёрыг хоюуланг нь эзэгнэж болохгүй гэдгийг хэлж байна гэж ойлгож болно.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нам орон нутгийн хуралд орж ирсэнээр нутгийн шинжээ бүрэн алдаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-г намын төлөөлөгчдийн хурал гэж хоёрдмол утгаар ойлгох боломжгүй билээ.
“Иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэдгийг түүхчилж /угчилж/ тайлбарлавал:
Иргэний нийгмийн тухай үзэл санааны анхлан сэдэгчид, төрийн үндэс суурь, бас түүний дур зоргыг хязгаарлан тогтоогч хүч, иргэний нийгэм хувийн ашиг сонирхлыг, төр нийтлэг ашиг сонирхлыг уриа болгодог, хувийн болон нийтлэг ашиг сонирхол дан ганцаар хэзээ ч үл оршино, үл хэрэгжинэ гэсэн нэгдмэл байр суурьтай байсныг төвөггүй харж болно.
Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндсийг тавихад Д.Морган, А.Токвиль, Л.Штейн, Р.Гнейст нарын эрдэмтэд чухал үүргийг гүйцэтгэсэн гэж үздэг. Эрдэмтэн А.Токвиль өөрийн бүтээлдээ “Засаглалын анхдагч үндэс нь төр улс, тэр ч байтугай ард түмэн биш, харин өөрсдийн хувийн хэргийг өөрсдөө зохицуулж, сайн дурын үндсэн дээр нэгдсэн бие хүмүүс мөн” хэмээн тэмдэглэсэн байна.
XIX зууны эхний хагаст эрх чөлөөт хүй элгэний /нутаг усныхны/ тухай онол илүү нөлөөтэй байлаа. Уг үзлийг баримтлагчид нь “нутаг усныхны өөрийн ажил хэрэг, ахуй амьдралаа эрхлэх нь хүний эрх чөлөөний нэгэн адил зүй ёсны ангижруулшгүй шинжийг агуулж байдаг ба хүй элгэний удирдлага нь
• төрийг удирдахаас ялгаатай
• төрөөс бус иргэд дотроосоо бий болох
• хуулийн хүрээнд ажиллах ба гагцхүү хуулиар төрөөс тусгаарлагдана” хэмээн үзэж байв.
Суурин соёл иргэншилтэй орнуудын хувьд өөрөө удирдах ёсны эрх олж авах үзэгдэл анх хот суурин газруудад эхэлж бий болсон байдаг.
Манай орны хувьд нутгийн өөрөө удирдах ёсны зарчим анх албан ёсоор хуульчлагдсан хэлбэрээр бус ч гэсэн зан заншлын хэлбэрээр эрт үеэс хөдөө орон нутагт үйлчилж байсан гэж үзэх үндэстэй. Энэ нь эхэн үедээ цусан болон ураг төрлийн харилцаанд цаашдаа шашин, зан заншил, орон нутгийн аж ахуй эрхлэх буюу хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэргээр соёл, уламжлал, аж ахуйн нилээд өргөн нийтлэгт тулгуурласан нэгэн нутаг усны хүмүүс хамтын зохион байгуулалтад орж өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, өөрсдийн хүчээр үйл хэргээ явуулах зайлшгүй шаардлагаар нөхцөлдөж байсан. Ингэж хүмүүс байгалийн жам ёсны байдлаас иргэний нийгэмд шилжиж эхэлсэн байна.
Нийгмийн болон төрийн онолын үүднээс НӨУЁ-ны тухай Английн философич Джон Локк “…улс төрийн болон иргэний нийгэм хоёул нийгмийн гэрээний үр дүн” гээд иргэний нийгмийг төрд тэдгээрийг сөргүүлэн тавьж, засгийн газар, иргэний нийгмийн хоорондын ялгааг тодруулахыг оролдсон байна. /www.philosophybasics.com/
Германы философич Гегель хувийн ашиг сонирхлыг хувь хүн, иргэний нийгэм, харин нийтлэг ашиг сонирхлыг төр, улс төрийн нийгэм, төлөөлдөг учир, төр, иргэний нийгмийн хоорондын хил хязгаарыг хатуу тогтоох санаачилга гаргасанд түүний гавъяа оршдог гэж үздэг. Мөн Гегель “иргэний нийгмийн хөгжил төрийн хөгжлөөс хоцорч байдаг хэдий ч иргэний нийгэм бол гэр бүл, төрийн хоорон дахь ялгарал мөн. Тэрхүү ялгарлын мөн чанар нь төр байх ёстой байр суурь дээрээ бие даан орших явдал ” гэсэн нь гэр бүлээс эхлэн иргэний нийгмийн институтууд төрөөс хараат бус байх тухай асуудал юм. /Арсений Гулыга Философийн намтар 1994 “Гегель” 3-р бүлэг, 62-66х/
Иргэний нийгэм, төр нэгдэлтэй оршихын хамт харилцан бие биеэ хянаж, тэнцвэржиж байдаг нийгмийн жам ёсны хоёр хүч мөн. Төрийг Левиафан (далайн домгийн амьтны нэр, монголоор Мангас) болгочихгүй сөрөн зогсож чаддаг цорын ганц хүч нь иргэний нийгэм юм. Нөгөө талаас, иргэний нийгэм өөрөө хувийн ашиг сонирхлын үндсэн орчин учраас хүмүүсийн байгалиас заяасан тэгш бус ашиг сонирхлын туйлшралаас ангид байж эс чадна. Энэ байдал хяналтгүй үргэлжилвэл нийгмийн үндэс эвдэрнэ.
Иймд хувийн ашиг сонирхлын туйлширлаас сэргийлэн хамгаалах хүч бол төр бөгөөд энэ нь эрх зүйн аргаар зохицуулах цорын ганц зөвшөөрөгдсөн субьект юм.
Иймээс төр, иргэний нийгэм нэгдэлтэй төдийгүй, зөрчилтэй оршдог сөрөг хүчин юм.
Иргэний нийгмийн хүч хэт давамгайлвал нийгэм анархизмд, төр /нам/ хэт хүчирхэгжвэл тоталитаризмд хүрнэ. Бие биеэ хуулийн хүрээнд харилцан хянах нь хамгийн зохист зам юм. Үүнд төр, иргэний нийгмийн нэгдэл (ашиг сонирхлын) ба зөрчил (хүчний) оршино. Төр хийгээд иргэний нийгмийн энэхүү шүтэн барилдлага ардчилсан нийгэмд тэнцвэртэй байж, хоорондын харилцааны эрх зүйн механизм нь төлөвшсөн байдаг бол ардчилсан бус улсад иргэний нийгэм идэвхгүй, аймшгийн сэтгэл зүйд автсан, эсхүл төрийн эсрэг хэт сөрөг хүчин болж хувирдаг.
/Төрийн онол 2005 Н.Лүндэндорж 109-111х/
Монгол улсад төр, иргэний нийгэм хоёул улс төрийн намаар байгуулагддаг нэг л эх сурвалжтай болоод удаж байна. Төрийн эрх мэдлийн төлөө уралддаг нь улс төрийн намуудын гол зорилго бөгөөд үүнийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж хэлбэржиж, хуульчлагдсан байдаг. Харин иргэний нийгмийн байгууллагууд улс төрөөс ангид байж, бие даан, тогтвортой хөгжих нь Кантын иргэний нийгмийн тухай сургаальдаа тодорхойлсноор эрх чөлөө, нийгмийн хөгжлийн жам ёсны төлөв байдалтай холбон үзэх хэрэгтэй болдог. Монголчууд бидний арга билэг, түүний зохицол лугаа адил юм.
НИЙГМИЙН ТАЛЦАЛ, ҮНДЭСТНИЙ СОЁЛЫН МӨРГӨЛДӨӨН
Иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийн тухай 20 гаруй жил яриад, хэлбэржиж, хөгжиж, төлөвшиж чадахгүй байгаа юм. Учир нь төрөөр бэхжсэн намуудын хүчирхийлэл дор иргэний нийгмийн байгууллага хөгжих боломжгүй байдаг байна. Шалтгаан нь маш энгийн бөгөөд бизнес, аж ахуй, үйлдвэрлэлийг ч тэр, ардчиллыг ч тэр, иргэний нийгмийн байгууллагуудыг ч тэр хөгжүүлье л гэвэл улс төр, намуудын зохист хэмжээнээсээ давсан оролцоог хязгаарлах ёстой аж. Ийм оролдлого европын болон бусад олон оронд байнга өрнөдөг гэнэ. Нийгмийн хөгжлийн иргэншсэн төлөв байдлыг иргэний нийгэм, эрх чөлөөний орчин гэж Ж.Руссо тов тодорхой тодорхойлсон байдаг. Энэ шалгуураар дүгнэвэл Монгол Улсад иргэний нийгэм хөгжөөгүй төдийгүй, эрх чөлөөний орчин эргэлзээтэй байна гэж үзэж болохоор байгаа юм. Сонгуулийн эрх чөлөө намуудын хэт оролцоогоор үгүй болсон гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг нь үүний тод жишээ юм.
Орон даяар хавтгайрсан улс төржилтийг саармагжуулж, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг тогтвортой, залгамжтай болгох, улс төрийн намууд сүлжээндээ түшиглэх бус бодлогодоо төвлөрдөг болгож төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийг хийрхсэн улс төржилтөөс ангид байлгаж, ахуй амьдралдаа анхаардаг болгох, тогтвор суурьшлыг баталгаажуулах, намуудын зөрчилдөөнөөс бизнес эрхлэгчдийг хамгаалах, сонгогчдын гишүүнчлэлдээ баригдсан бус эрх чөлөөт сонголтыг дэмжих, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодыг улс төрөөс ангид жинхэнэ утгаараа хөгжүүлэхийн тулд орон нутгийн намчирхлыг намжаах нь юу юунаас чухал байна. Үүний тулд орон нутгийн удирдлагуудыг зургаагаас доошгүй жилээр томилж, зөвхөн чадахгүй, болохгүй байгааг сольдог тогтолцоонд шилжих, орон нутгийн сонгуульд улс төрийн нам үл оролцох байдлаар хуульчлах шаардлага тулгарч байна.
Цөөхөн Монголчууд бид задарч хуваагдах бус зангиран урагш тэмүүлэх учиртайг болгоон соёрхоно уу.
URL: