А.Долгор: Хүн эцэг, эхийнхээ сэтгэлийг зовоохгүй л амьдрах ёстой юм

maxresdefault

“Аргалд явсан ээжий минь та

Арай дэндүү удлаа шүү дээ

Аагтай цайг чинь санан санасаар

Ангаж явна даа муу хүү чинь…” хэмээн энэ орчлонгийн хамгийн нандин, хайр хүрэм эх хүнийг санан дурсаж, үгүйлсэн сэтгэлийг илэрхийлсэн сайхан уран бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор дуулснаар хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг. Түүний “Аргалд явсан ээж” хэмээх дууг онцолсны учир нь бид энэ удаад зөвхөн уран бүтээлчийн ээжийнх нь талаар дурсан ярилцсан юм. Тэрбээр “Мартын 8”-ны баяраар тоглолт хийж ээждээ “дуун суварга” бүтээдэг болсноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ жил ч гэсэн Монголынхоо ээжүүдийг баярлуулахаар “Эгшиглэнт” уран бүтээлийн цэнгүүнээ “The Сorporate hotel and convention centre”-ийн концертын танхимд ганцхан удаа толилуулахад бэлэн болоод байна.

-Таны урын сан ээжийн сэдэвтэй дуугаар баялаг. Мөн хэчнээн олон жилийн өмнө үзэгч сонсогчдод хүрсэн ч өнөөдрийг хүртэл оршин байгаа уран бүтээл танд олон. Магадгүй ийм учраас хүмүүс таны тоглолтыг хуруу даран хүлээдэг байх?

-Би бие даасан 33 дахь тоглолтоо хийх гэж байна. Гэхдээ нэг тоглолтыг олон дахин тоглоогүй. Тоглолт бүр өөрийн гэсэн утга агуулгатай. 33 дахь тоглолтоо “Эгшиглэнт” хэмээн нэрлэсэн. Таван жилийн өмнө хийсэн тоглолтоо ч мөн ингэж нэрлэж байв. Учир нь, Төв аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчнээр орсноос хойш 45 жил өнгөрчээ. Соёлын ордны дагалдан жүжигч­ нээс Хөгжим бүжгийн коллеж, Сверд­ ловскийн Хөгжмийн дээд сургуульд сурсан. Дараа нь Италид нэг жил мэргэжил дээшлүүлсний дараа эх орондоо ирж УДБЭТ, СУИС-д багшилсан гээд миний амьдрал урлагтай салшгүй холбоотой байсан юм. Энэ бүхнийг бодолцож “Эгшиглэнт” хэмээх нэрийг Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав гуай оноож өгсөн. Би энэ удаагийн тоглолтдоо Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай “Зүрх­ ний хайртай эх орон”, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Ха­ранга” хамтлагийн дуучин Х.Лхагва­ сүрэнтэй “Энхтайван”, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй “Эх үрийн дуу”, “Сэтгэлд мөнхөрсөн ээж” дуугаа дуулна. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг надад “Дууны хорвоо”-г хамтран дуулах санал тавьсан. Бид энэ дууг мөн дуулна. Би өмнөх тоглолтууддаа эмэгтэй уран бүтээлчидтэй дуулсан уран бүтээлээ хүргэж байсан. Харин энэ удаа эрэгтэй дуучидтайгаа хамтран дуулсан бүтээлээ Монголынхоо ээжүүдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Уран бүтээлийг тань үргэлж­ лүүлэн өндөрт авч явах олон шавь танд бий. Тэдний төлөөлөл тоглолтод дуулах уу?

-Өөрийн гэсэн өнгө аясаа олоод уран бүтээл хийж яваа шавь нар маань миний тоглолтод оролцоно. Цаашдаа уран бүтээлээ шавь нартаа өвлүүлэх бодолтой байна. Би Ардын жүжигчин болчихоод Монголын таван оркестр, зургаан удирдаачтай хамтран тоглолт зохион байгуулж байсан. Энэ удаагийн тоглолтдоо хоёр оркестртой дуул­ на. Ер нь фонограммтай тоглолт хийхгүй байхыг хичээдэг. Гэхдээ оркестрт ноот нь байхгүй дуунууд бий. Тэдгээрийг яалт ч үгүй фоно­ граммтай дуулах байх. Морин хуу­ рын чуулга, Улсын филармонийн симфони найрал хөгжим тоглолтод оролцоно. 200 гаруй хүн оролцсон сайхан тоглолт болно гэж бодож байна.

-Эмэгтэйчүүд, ээжүүдийн бая­ рын өдөр үзэгч сонсогчдодоо шинэ уран бүтээлээр бэлэг барих уу?

-Хүмүүс миний шинэ гэхээсээ хуучин дуунуудад илүү дуртай, сонсохыг хүсдэг. Тоглолтод 20 гаруй дуу дуулдаг. Тэр дундаас “Эр хүн”, “Бодлын цагаан хун”, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Аргалд явсан ээж” зэрэг дууг заавал дуулахгүй бол болдоггүй. Саяхан дүрсжүүлсэн “Нутгаа санахаар” дуу болон “Өнө мөнхийн орон”-ыг СУИС-ийн найрал дуучидтай дуулна. Мөн тоглолтын шигтгээ болгож хоёр сонгодог бүтээл оруулахаар зэхэж байна.

-Хүн бүхэн л ээжийгээ баяр­ луулахыг хичээдэг. Баярын өд­ рөөр та ч гэсэн ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацааг дурсан санадаг болов уу?

-Ээж минь тэнгэрийн оронд очоод олон жил болжээ. Би залуудаа ээжээсээ хагацсан. Ямар ч хүн баяртай үйл явдал болоход хамгийн түрүүнд аав, ээждээ хэлмээр санагддаг шүү дээ. Үүний нэгэн адил миний амьдралд сайхан зүйл тохиолдоход тэдэнтэйгээ уулзаж ярилцмаар санагддаг л юм. Гэхдээ мөнх бус хорвоод хүн бүр энэ замыг дайрдаг. Тиймээс би аав, ээж маань намайг тэнгэрийн орноос харж байгаа гэж боддог. Ер нь миний урын санд ээжийн тухай дуу олон бий. Уран бүтээлчид надад ээжийн тухай дуу өгөхөд татгалзаж чаддаггүй. Аав, ээждээ уран бүтээлээрээ “дуун суварга” бүтээж байна хэмээн боддог. Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Эмээ маань нь ч их сайхан дуулна. 85 насныхаа найран дээр уртын дуу дуулж байсан юм даа. Эмээ, ээжээс минь улбаалсан авьяасаар би өдий болтол ард түмэндээ уран бүтээлээ хүргэж байгаа нь эцэг эхээс заяасан өгөгдөл юм. Насаар минь тэжээх авьяасыг аав, ээж, багш гурав минь өгсөнд баярлаж явдаг.

-Таны ээжийг нутаг усандаа нэртэй дуучин байсан гэдэг?

-Ээж минь “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд дуулж байсан. Түүнийг эмээ маань үзээд охиноороо бахархсан гэж ярьдаг байсан юм. Ингээд бодохоор ээж маань сургуулийг нь төгсөөгүй мөртлөө авьяастай хүн байжээ гэж боддог. Өвөө маань бас их сайхан хуурддаг хүн байлаа. Урлагийн ийм авьяастай учир өвөө, эмээ хоёрыг айлууд найрандаа урьдаг байсан гэдэг. Ямар сайндаа нутаг усныхан нь тэднийг “Бөмбөгөр ногоон театрт очиж шалгуул” гэж байхав дээ. Нэг сонин зүйл хэлэхэд, дуурийн театрыг барихад миний аав цэрэгт байсан гэсэн. Бас л их сонин хувь тавилан байгаа биз. Аав маань ч их сайхан дуулна. Надад гэр бүлээрээ концерт хийж байсан бичлэг одоо хүртэл байдаг. Дээхнэ үед айл болгон шугамын радиотой байлаа. Түүнийг л бид сонсч өссөн. Радиогоор сайхан дуу цацахаар эмээ, ээж хоёр минь “Энэ дууг дуулж сурах юмсан” гэж суудагсан.

-Ээжийнхээ ямар занг дуурайсан гэж боддог вэ?

-Манай ээж их амгалан хүн байсан. Энэ зангаараа ээжтэйгээ адилхан. Нуруу, бие хаагаараа ч ээжийг дуурайсан. Ерөнхийдөө дүр төрх, царайгаараа эмээтэйгээ төстэй. Ааваасаа авсан зан чанар ч надад бий. Дээхнэ үед одоогийнх шиг гоёно гэх биш. Ээж минь гоё алчуур, ээмэг зүүх дуртай хүн байсан юм. Би бас гялгар юманд дуртайгаараа ээжтэй адилхан юм байна.

-Эмээ, ээждээ зориулж шүлэг бичсэн удаа бий юү?

-Ёстой чадахгүй юм чинь л тэр дээ. Ээждээ зориулж хүмүүсийн зохиосон сайхан дуунуудыг л дуулж байна. “Аргалд явсан ээж” дууг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бид хоёр ярилцаж байгаад хийсэн. Тухайн үед хоёулаа ээжээсээ хагацсан байсан даа. Энэ дууг анх хоолой зангираад дуулж чаддаггүй байлаа. “Аргалд явсан ээж”-ийг дуулах болгонд ээж минь бодогддог. “Ээждээ бичсэн захидал” гээд уралдаан болдог. Түүнд захиа бичиж өгөхөөр ээжийнхээ нас барсан оноос хойш болсон бүх үйл явдлаа бичих гэсэн ч уйлаад чадахгүй юм билээ. Гэхдээ л бичиж дуусгаад захиагаа явуулсан ч уншсан эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Ээжээсээ хагацаад 30-аад жил болж байгаа ч нас ахих тусам улам санагддаг юм байна даа. Тэр хүний хэвлий, алтан савнаас нь гарсан юм чинь арга ч үгүй юм даа. Тоглолт үзэхээр ирсэн настай хүмүүсийг харахаар хацраа өгөөд үнсүүлмээр санагддаг. Ээжийгээ санасных л юм байлгүй дээ.

-Таныг эмээгийн хайртай охин байсан гэж сонссон. Багадаа хоёр бууралтайгаа ойр өссөн юм аа даа?

-Хамт амьдардаг байсан. Эмээ миний эцэг, эхийн хуралд сууна. Ер нь эмээгийнхээ өвөрт унтах дуртай хүүхэд байсан. Эмээгээс минь сүү шиг хачин гоё үнэр үнэртдэгсэн. Махлаг хүн байсан болохоор надад их нөмөр нөөлөгтэй санагддаг байж билээ.

-Магадгүй анхны дуугаа эмээ­ гээрээ заалгаж байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Эмээ, ээж хоёр ардын дуунуудыг их сайхан дуулна.

“Бөмбөр бөмбөр модондоо

Бүргэд шувуу бөөрнө дөө

Бөөрөнхий биеийг минь өсгөсөн

Ээжийнхээ ачийг яанам бэ…” гээд л дуулна. Энэ дууг анх эмээгээсээ сурч байлаа.

-Ээжийн энтэй эгч гэдэг. Та эгч нартайгаа Мартын 8-ны баяраа тэмдэглэдэг үү?

-Би баяраар ажлаа хийдэг хүн шүү дээ. /инээв/ Надад хоёр сайхан эгч бий. Бас нэг авга эгчтэй. Ямар ч байсан духаа үнэрлүүлэх гурван эгчтэй хүн дээ. Эгч нар маань миний тоглолтыг тогтмол үздэг. Өөрсдөө ч сайхан дуулна. Нэг нь ардын дуу, нөгөө нь зохиолын дуу сайхан дуулдаг.

-Ээжтэйгээ өнгөрөөсөн хам­гийн сайхан Мартын 8-ныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Дээхнэ үед ээждээ цэцэгтэй ил захидал дээр сэтгэлийн үгээ бичиж өгдөг байсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр гэж Мартын 8-ныг тэмдэглэдэг байлаа шүү дээ. Олон жил гадаадад сурсан болохоор ээжтэйгээ Мартын 8-ны баярыг тэмдэглэсэн нь цөөхөн. Би ханийнхаа ээжтэй маш дотно байсан. Ээж гэж дуудах хүнгүй үед ханийн минь ээж надад энэ үгийг хэлэх боломж өгсөн юм. Ханийн минь ээж миний Мартын 8-ны тоглолтын өмнө нас барсан нь надад хэцүү байсан. Тоглолтоо цуцлах гэсэн ч боломжгүй байсан учир тэр тоглолтод дуулах надад хамгийн хүнд байсан. Ер нь сайн сайхан нэр төртэй явах нь аав, ээжийнхээ ачийг хариулж буй хэрэг гэж боддог доо. Хүний эцэг эх өөр зүйл хүсдэггүй байх. Би өөрөө эмээ болсон. Ээж, эмээ хүнд түүнээс өөр сайхан зүйл гэж юу байхав дээ. Эрүүл саруул, энх тунх, амар амгалан байвал сэтгэл өег байдаг юм. Тийм юмтай болохсон гэсэн шуналгүй болчихдог юм байна. Ер нь хүн эцэг, эхийнхээ сэтгэлийг зовоохгүй амьдрах ёстой юм.

 

Б.Сэлэнгэ unen.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих