Фэйсбүүкийн нүүр буддаг аппликэйшн ашиглаад, 6 сая гаруй төгрөгийн хохирол амсчээ
Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрчимтэй өсч, гэмт хэрэгтнүүдийн арга улам нарийсаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Тодруулбал, фэйсбүүкээр дамжуулан “20 жилийн дараа та”, “Мартаар хэн хэн танд бэлэг өгөхийг хүсэж байна вэ”, “Та хэр аюултай хүн бэ” гэх мэт сонжоо, аппликэйшнээр нууц үгээ алдах эрсдэл байгааг албаныхан сануулсаар байна.
Гэвч, нүүр номоор хөврөх “худал” сонжоонд итгэгчдийн пост багассангүй. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн иргэн сүүлийн үед тренд болоод байгаа нүүр буддаг аппликэйшн ашиглаад 6 сая гаруй төгрөгийн хохирол амссан тухайгаа нүүр номондоо нийтэлжээ.
Тодруулбал, тэрбээр, “Өчигдөр нэг найз минь утастаад, “Сайн уу, ажил чинь бүтсэн үү, найз нь хол яваад арай гэж л банк орж мөнгө шилжүүлсэн” гэдэг байгаа. Харин би “Ямар мөнгө хэзээ, ямар дансаар. Би тэгж бичээгүй, ямар ч данс явуулаагүй” гэж хэлээд хэсэг бодов. Удаа ч үгүй над руу facebook-ээр бичилцсэн зурвасын зургийг дараад явууллаа. Ямартаа ч анхааруулга болгож Facebook дээрээ зар бичиж тавилаа. Над руу хэвлэлийн мөнгө хийх дүү ярихгүй байсан учир юмыг яаж мэдэхэв гээд залгаж асуулаа. Өөдөөс “Өчигдөр таны faceook-ээр явуулсан. Лхагвасүрэн Дагва гэсэн Голомт банкны данс руу 6 сая төгрөг хийсэн” гэдэг байгаа.Би ч байдал бишидсэнийг ойлгонгуут цагдаа руу харайлгав. Миний бичсэн зарыг хараад олон хүн над руу утасдав. Чамайг л гэж бодоод шууд мөнгө хийсэн, заримд нь байхгүй болохоор хүнээс олоод хийсэн гэж утас нэг хэсэг зав чөлөөгүй байв. Бодлоо, хэцүү үе тохиолдоход тусалж дэмжих олон сайхан найзуудаараа бахархавч хайран мөнгө, өөр хүнд очжээ гэж бодохоос нуруу руу хүйт оргилоо.
Одоогийн байдлаар мөнгөний тоо нэлээн ихдэх шинжтэй. Цагдаа нар өчигдөр оройноос хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хэргийн эзнийг сүлжээгээр олж тогтоох, мөнгө үрэгдэхээс нь өмнө олж авах гээд одоо хүртэл шуурхай ажиллаж байна. Та бүхнийг сэрэмжлүүлэх үүднээс тодорхой бичлээ. Анхааралтай байгаарай. Утсаа зарах, шинэ утас авах, фэйсбүүкээ нээгээд хаалттай орхих, хүнд нууц үгээ хэлэх, хамаагүй зураг дээр дарах, кино үзэх, татаж авах, элдэв бусын асуултад хариулахгүй байхыг анхааруулъя. Би гурван хоногийн өмнө сэтгүүлийн нүүрэн дээр таны зураг хэрхэн тавигдах вэ гэсэн постоор ороод татаад авсан байсан. Тэр үед миний бүх мэдээлэл алдагдсаныг сүлжээгээр тогтоосон. Хамгийн сонирхолтой нь зурвас бичиж, мөнгө гуйсан бүх хүмүүсийг найзуудын тооноос хассан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нэлээн гараад байгааг цагдаагийнхан анхааруулж байна. Хэрвээ ийм асуудал танд тулгарсан бол бусдыг сэрэмжлүүлэхээ битгий мартаарай. Сошиал ертөнцөөр аялахдаа болгоомжтой байхгүй бол горьгүй болжээ, манайхаан” хэмээн нийтэлжээ.
Тиймээс, та хэд наслах вэ, таны индиан нэр юу вэ, хэдэн хүүхэдтэй болох вэ гэх мэт зүйлсийг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Мөн мөн ойр дотны хүнээс чинь мөнгө гуйсан чат ирвэл сонор сэрэмжтэй байж, заавал өөртөө нь холбогдож асуухыг зөвлөж байна.
Мөн та санаатай болон санамсаргүй байдлаар, фэйсбүүкийн сонжоо, аппликейшн ашигласан бол нэн даруй фэйсбүүкийнхээ нууц үгээ солих ёстойг анхаарна уу???
Дашрамд, Худлаа гэдгийг нь мэдсээр байж, хуурамч сонжоо, аппликейшн ашиглаж, өөрийгөө болон ойр дотнынхныгоо эрсдэлд оруулахаа больцгооё…
Т.Гэрэл
Zaluu.com
URL: