Сураг алдарсан лидерүүд

downloadАН сураг алдарчээ. Жил гаруйхны өмнө зас­гийн эрхэнд байгаагүй юм шиг, Ч.Сайханби­лэг, С.Баярцогт, Н.Алтанхуяг тэргүүтэй лиде­рүүд нь улс орны хамаг асуудлыг шийддэг, бодлого боловсруулж, удирдан чиглүүлдэг гол хүн гэгдэж яваагүй мэт, З.Энхболд парламент даргалж, ганц зандралтаар гишүүдийн үгийг таслан, алхны тог­шилтоор бүхнийг “чичрүүлж” суугаагүй юм шиг, энэ бүхэн зүүд зэрэглээ байсан мэт замхран оджээ.

Монгол Улс ардчиллын замаар замнаж, шинэ тог­толцоонд шилжсэн 30 шахам жилийн хугацаанд улс төрийн амьдрал, төр, засгийн үйл ажиллагаанд байнга нэр нь уяатай явсан, засгийн эрх ээлжлэн барьсан хоёр том намын нэг АН байгаагүй мэт, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дараалан ялагд­саныхаа дараа шинэчлэгдэж, улам бэхжин, шинэ цагийн өнгийг тодорхойлох нам болох их итгэл найдлага гишүүддээ төрүүлээгүй мэт, байгаа, үгүй нь мэдэгдэхгүй, нам гүм болж.

Өнгөрсөн хугацаанд туг ч барьж, тугал ч хариулж үзсэн, төлөвшвөл төлөвшиж, бэхэжвэл бэхжихээр болсон АН- ыг өнгөрсөн сонгуулиар дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ч хүчтэй сөрөг хүчин байж чадна гэдэгт нь итгэж найдсан. Гэвч УИХ-д суугаа есөн гишүүн нь ч, гудамжинд байгаа лидерүүд нь ч таг чиг.

ШИНЭЧЛЭЛ АН-Д ЮУ АВЧРАВ

Засгийн эрх барьсан дөрвөн жилд алдаа, оноотой ч ажил хийх гэж оролдсон АН УИХ-ын ээлжит сонгуулиар хэний ч төсөөлөөгүй ялагдал хүлээсэн. Дотоод эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй, ардчиллыг, намыг өмчилсөн хэдэн нөхрийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал нь шившигт ялагдлынх нь гол шалтгаан гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн билээ.

Гишүүд, дэмжигчид нь АН-ыг бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэх шат, гишгүүр бус, нам шиг нам болохыг, хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гарахыг, шинэчлэл шиг шинэчлэлийг, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болохыг хүлээж буйгаа тууштай илэрхийлсний хүчинд тус нам зарим өөрчлөлт хийсэн.

Найман жилийн хугацаанд МАН хоёр ч удаа Их хурлаа хуралдуулчихаад байхад нээлттэй, ардчилалтай гэж өөрийгөө өргөмжилдөг АН нэг ч үгүй, сүүлийн хоёр дарга нь Их хурлаараа батламжлагдаагүй, “хазгар доголон” эрх зүйн чадамжтай явсаар суудлаасаа буусан. Харин 2016 оны ялагдлынхаа “ачаар” найман жилийн дараа, гишүүдийнхээ асар их хүлээлт, шаардлагын дүнд тус нам Их хурлаа хуралдуулж, дүрмийн дагуу сонгогдсон даргаа батламжилсан билээ.

Шинээр сонгогдсон намын дарга нь “АН нээлттэй болно, бүхнийг гишүүд, дэмжигчдээсээ асууж шийднэ” хэмээсэн сайхан амлалтынхаа араас Үндэсний бодлогын хорооны гишүүд, шат шатны намын дарга нараа мөнгөөр уралдуулан сонгоод намын шинэчлэлээ дуусгав. Сонгуулийн дараа бужигнаж, хэл амаа уралдуулж байсан шинэчлэгчид ч сураггүй боллоо.

ЛИДЕРҮҮД ХААНА ЯВНА ВЭ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэгэнтээ “Манайх чинь их сонин нам шүү дээ. Гишүүдийнх нь хамгийн залуу нь 40 настай, хөгшин нь 50-тай” гэж билээ. АН-ыг хэдхэн хүнээр төсөөлдөг, тэгэхээс ч өөр аргагүй байдаг билээ. АН-ын лидерүүд хаачив гэхээр нөгөө л Н.Алтанхуяг, З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, Р.Амаржаргал нарыг хайдаг. Одоогийн байдлаар Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөх, З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Э.Бат-Үүл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар хааяахан энд тэнд харагдаж, бусад нь “ичээнд” орсон мэт “унтаа” байдалд байна. Р.Амаржаргал, Х.Тэмүүжин нар сошиалаар зэрвэс харагдахаас хэтрэхгүй, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар сонгуулийн ялагдлаас хойш бараа, сураггүй болсон  бөгөөд намынхаа их хуралд ч ирээгүй. Харин ойрын үед Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотойгоор шүүхэд дуудсан гэсэн мэдээлэл гарч, түүнийг санууллаа.

Гудамжинд гарахаараа л жагсаал, цуглаан хийдэг улс төрийн намуудын тогтсон заншлаар сарын өмнө АН төв талбайд жагссан. Энд дээр нэр дурдсан лидерүүдээс нэг нь ч ирээгүй. “Эрдэнэт үйлдвэр”, хүүхдийн мөнгө, татварын нэмэгдлээс эхлээд УИХ дахь бүлгийн гишүүдтэйгээ хамтраад “гол дүрд нь тоглож” болох олон асуудал өнгөрсөн хугацаанд боссон ч тэд таг чиг л байлаа

С.Эрдэнэ намын дарга болоод “Фракцын эрх ашигт хөтлөгдөж, хуваагдсан намаа нэг цул, гишүүдийн саналд тулгуурлаж, үйл ажиллагаагаа явуулдаг, бодлогын нам болгох нь миний гол зорилго. Намыг нэг цул байлгах хамгийн гол гарц нь гишүүдийн нам болох, гишүүдийн оролцоо, санал дээр тулгуурлаж аливаа шийдлээ гаргах. Шинэчлэгдсэн, гишүүдийн хүсэн хүлээж буй нам болгохын төлөө би хатуу зогсоно. Энэ зарчмаасаа алхам ч ухрахгүй. Зөв ч бай, буруу ч бай энэ зарчим дээрээ зогсож байгаад эцсийн үр дүнг нь харна. АН-ыг бодлогын институцийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, засгийн эрх авлаа гэхэд бэлтгэгдсэн боловсон хүчнээр төрийн албыг бүрдүүлэх чадвартай улс төрийн хүчин болгож төлөвшүүлэхийн төлөө ажиллана” хэмээн хэлсэн.

Энэ талаар фракцын төлөөллүүд ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Дуугүй байна гэдэг нь зөвшөөрсний тэмдэг гэж хэлэх хүн байдаг ч энэ удаа эсрэгээрээ. Ийн чимээгүй байгаа нь тэд намын даргынхаа хэлсэнтэй санал нэгдэж, “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байгаа” хэрэг биш. Нийгмийн хүлээлт, захиалга, гишүүдийнх нь уриалга, тэр бүү хэл эрх баригчаас хэн ч биш болгосон ялагдал нь ч задалж чадахааргүй амь бөхтэй бүлэглэлүүд С.Эрдэнэ даргынхаа байр байдал, хандлага, чиглэлийг дор бүртээ анзааран суугаа нь дамжиггүй.

Олны салхинд нисэж буй бор шувууны жиргэх нь, Э.Бат-Үүл тэргүүтнүүд Гэр хорооллын хөгжлийн нам хэмээгчийг Дээд шүүхэд бүртгүүлэхээр хөөцөлдөж, бусад нь ч С.Эрдэнэ даргатайгаа арга барил, бодлого чиглэл таарахгүй бол цаашид хэрхэхээ тооцон, нөөц төлөвлөгөө боловсруулж буй гэлцэнэ. АН-ын лидерүүд намаас зохион байгуулсан олон нийтийг хамарсан ажилд оролцохгүй, намаа төлөөлөн байр суурь илэрхийлэхгүй, ажин түжин байгаагийн цаана иймэрхүү байр байдлыг харзнаж, тандсан хандлага байгаа гэх.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин


URL:

Сэтгэгдэл бичих