Үнэгүй музейн ууртай үйлчилгээ
“Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн хамааралтай бүхий л музей долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол хүүхэд багачуудаа баярлуулах маш том боломж юм. Гэр бүл, анги хамт олноороо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хамтдаа байх боломжийг бүрдүүлж өгсөн дээрх шийдвэрт талархаж байгаагаа хэлмээр байна. Гэвч…
Гэвч үнэгүй зүйлд хүч үгүй гэгчээр манай музейнууд, тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл дутагдаад байх шиг.
Одоо л элдвийг сонирхож, асуух насанд хүрсэн охиноо өчигдөр музей үзүүлэхээр дагуулж явлаа. Уг нь эхлээд төрийн музей дараа нь түүхийн музей, тэгээд үлэг гүрвэл үзье гэсэн төлөвлөгөөтэй ажлаас эрт гарсан юм. Чингис хааны хөшөөний өмнө зургаа даруулчихаад дотогш орлоо. Төрийн ордон маань цаана л нэг сүртэй шүү. Хөмсөг зангидаастай хамгаалалтынхны хажуугаар дотогш ороод тухтайхан үзмэр үзчихье гэж бодоод өлгүүрт хувцсаа өгтөл “авахгүй” гэж байна. “Яагаад дотор халуун байгаа шүү дээ. Хувцсаа өлгүүлчихье” гэтэл “Энэ олон хүний хувцсыг багтаах өлгүүр” байхгүй гээд нэлээд ширүүхэн хариулт өгч байна. За за. Олон хүүхэд бужигнаад төвөгтэй л байгаа байлгүй гэж ойлгоод охиныхоо хувцсыг өөрөө тэврээд музейгээ үзэж эхлэв.
Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хөргийг харж зогсмоор санагдсан ч охин минь тоосонгүй. Харин Монголын газрын зургийг нэлээд нухацтай харж, одоо хаана зогсож байгаа эмээ, өвөө нь хаана амьдардаг, өнгөрсөн зун очсон тэр их устай нуур хаана байдаг вэ гэгчлэнгээр ярилцлаа. Цааш явж, баатруудын хувцас хэрэглэлтэй танилцах үеэр Өгөдэй хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг харахаар өнгийхдөө охин минь шилэнд нь хүрчихсэн юм. Гэтэл цаанаас нэг бүсгүй “хөөш, шилэнд хүрч болохгүй” гэж байна. Дууны өнгө нь нэлээд залхсан, төвөгшөөсөн байдалтай. “Миний охин шилэнд нь битгий хүрээрэй” гэж хэлчихээд дотроо бол “хэдхэн өдөр тэсээд хүүхдүүд баярлуулчихаж болдоггүй юм байх даа” гэж бодоод өнгөрлөө. Гол талбайд хаадын хөрөг зураг өлгөөтэй байна.
“Аав аа энэ жаахан хүүхдийн зураг яагаад энд байгаа юм бэ” гэнэ. Нээрэн бидний хаанаар хоёр ч бага насны хүүхэд өргөмжлөгдөж байсан ч хаан ширээндээ нэг жил ч хүрэхгүй хугацаанд суужээ гэдгийг нь он цагийн тэмдэглэлээс нь харж болохоор. Гэхдээ илүү тайлбарыг охиндоо өгч чадсангүй. Тийм тайлбар бичээс ч алга. Нэр нь байна. Хаан ширээнд суусан хугацаа нь байна. Өөр мэдээлэл даанч хомс юм.
За тэгээд хэдэн бичиг цаас, Элчин сайдуудаас манайд дурсгасан шаазан эдлэлүүдээр нэг танхим үзмэрээ бүрдүүлжээ. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд буюу төрийн гурван өндөрлөгийн анхны сандалын өмнө охиныхоо зургийг дарчих санаатай тонгойтол “Энд зураг дарж болохгүй” гэсэн бас л нэг ширүүн дуу хоолой сонсогдлоо. Яамаар ч юм бэ дээ. Хүүхэд баярлаж, хөөрч, элдвийг үзэж, нүдээ баясгаж байна шүү дээ. Үүнийг нь хариад ээжид нь л үзүүлчих санаатай, өнөөдрийн аяллаа баримтжуулах гэтэл загинуулаад бүтэхгүй нь дээ. Хөмсөг зангидсан хүмүүс, үнэд эдлэлийн дэлгүүрийн худалдагч шиг л булан тохой бүр рүү сүрхий хялайж харцгаагаад л… Миний л хувьд бушуухан гармаар санагдлаа. Хулгайч эсвэл халамжийн үйлчилгээ авагчидтай харьцаж байгаа юм шиг хандаад байхаар чинь нэг муу юм аархах санаатай бушуухан гараад явчих гээд байхгүй юу. Ер нь гуйж үзэж байгаа биш дээ, ямар.
Тэгсэн охин минь энэ талаар юу ч бодох сөхөөгүй харсан болгоноо л “хөөх, пөөх, энийг хардаа, тэр нь гоё юм аа” гээд л дуу алдаад байв. Ийм цэвэр ертөнц гайхамшиг мэдэрч байхад би бухимдаад ч яах билээ гэж элдвийг бодож явахдаа нэг сонирхолтой зүйлийг харалгүй өнгөрөөд явчихаж л дээ. Харин охин минь олж харчихаад “аав энийг хар даа. Энэ юу вэ” гэнэ. “Аав нь ч ёстой наад зүйлийг чинь мэднэ л дээ. Энэ бол гар утас юм шүү дээ” гэлээ. УИХ-ын дарга эрхмийн барьж байсан гар утас төрийн музейд хадгалагджээ. Миний хувьд нэг их сонин санагдсангүй. Харин том дэлгэц маажиж өссөн охинд маань л их сонин санагджээ. Аав ийм жижигхэн дэлгэцтэй юм уу, товчлуур нь манай гэрийн утас шиг юм байна. Ардаа бас таны ажлын компьютер шиг олон дардаг юмтай юм байна” гэгчлэнгээр нэг бүрчлэн сонирхож, хуруугаараа зааж, тэрхэн агшнаас аз жаргал мэдрэгдэнэ. Тэгсэн цаанаас “шилэнд хүрч болохгүй шүү” гэдэг дуу дахиад л сонсогдлоо. Төвөгтэй юм бэ. Өчнөөн хүүхэд орж гарч байгаа энэ л өдөр та бүхэн минь хүлээцтэй байгаа ч дээ, тэгэх үү.
Ингээд уран зураг бүхий хаалттай нэг танхимыг үзээгүйгээ эс тооцвол хоёр том танхимаар орж, би ч тэр, охин минь ч тэр үзээгүйгээ үзэж, багагүй хугацааг зарцуулчихлаа. Удаан ч явсан ядарсан байлгүй, Үүдний бор арьсан буйдан дээр түр амсхийж аваад хоёул Үндэсний түүхийн музей үзэхээр гарлаа. /Төрийн музейд зураг авч болохгүй. Тиймээс зураг байхгүй. Ганц нэг хулгайн зураг бий…/
Үүдээр гараад л нээх сайхан эрх чөлөө мэдрэгдэв. Шилэн эдлэлийн дэлгүүрт хүүхэдтэй орчихоод хэцүү байдаг шд. Яг л тийм мэдрэмжийг алхам бүртээ мэдэрсээр байгаад гарч ирж байгаа хүн шүү дээ.
Уг нь гялс тойроод гараад ирье гэж ярилцсан хоёр бүтэн цагийг төрийн музей үзэхэд зарцуулж 16.20-д Чингис хааны хөшөөн хажуугаар гарч ирлээ. Тэгээд Үндэсний түүхийн музей руу алхах замдаа “Аав нь оюутан байхдаа энэ музейд хэд хэдэн удаа орж үзэж байлаа. Чингис хаан, хатантайгаа сууж байгаа. Бас Монгол дээл, хувцас, тэр үеийн эдэлж хэрэглэж байсан зэр зэвсэг, тогоо шанага, аяга таваг, хөгжмийн зэмсэгүүд гээд зөндөө гоё зүйлс энд байгаа” гээд л ярьж явахдаа охиныхоо гайхаж, догдолж байгаа нүдийг харах сайхан байв.
Гэвч… Дахиад л гэвч…
16.30 цагт түүхийн музей үүдээ барьжээ. Гадаа нь хүүхдээ дагуулсан эцэг, эхчүүд оруулчих л даа. Ажлаа тараад л ирлээ. Маргааш ирж амжихгүй болчихоод байна гэгчлэнгээр учирлаж зогсоо харагдлаа. Би ч яаж дутах вэ. “Танай цагийн хуваарь 19.00 цаг гэсэн байна. Гэтэл яагаад 16.30-д хаалгаа барьж байгаа юм бэ. Тэр холоос танай музейг л үзэх гэж ирлээ” гээд эцэг эхчүүдийн дундуур үгээ хэлээд авлаа. Тэгсэн “16.00 цагт орсон хүмүүс тойрч явсаар 18.30-д гарч ирнэ. Тэднийг гаргаад цэвэрлэгээгээ хийнэ” гэх тайлбарыг хаалга манаж зогсох ах хэлж байна. Хэрвээ бид төлбөрөө төлөөд орсон бол цоожтой хаалга мөргөхгүй л байх байсан болов уу. Үнэгүй учраас л хаалга эртхэн барихаар шийдэж дээ.
Нөгөө догдлол охины нүднээс арилж, “өө оруулахгүй гэж байна уу” гэсэн байдалтай над руу харлаа. За яах вэ. Эд нар хааж л байг. Гялс үлэг гүрвэлийн музей үзчихээд гарч ирээд кино үзье гэж охиноо аргадчихаад Тэнгис кино театрийн зүг такси бариад явлаа. Гэтэл бас л хаалттай. Бүр хаалгаа таг цоожлоод авчээ. Гадаа нь өдөр бүр 19.00 цаг хүртэл ажиллана гэсэн хуучин цагийн хуваарьтай. Харин хаалга дээрээ 17.00 цаг хүртэл ажиллана гэсэн шинэ цагийн хуваарь наажээ. Гэхдээ 16.50-д хаалга нь цоожтой.
“Өө …”. Ёстой л өө гэхээс өөр хэлэх үг олдсонгүй. Хүүхэд үзэхэд тохиромжтой хоёр музей нь яагаачгүй эрт хаалгаа барьжээ. Өмнө нь 19.00 хүртэл хэвийн ажлаад болоод байсан музейнууд үнэгүй үйлчилгээнд шилжихээрээ цагаасаа эрт хааж, анх удаагаа зорин ирж буй олон багачуудын догдлолыг үгүй хийчихлээ шүү дээ. “Маргааш нөгөөдрөөс дахиад ирье дээ охин минь” гэлээ. Харин өөдөөс “та ажилтай биз дээ” гээд сулхан дугарч байна. Зүгээр дээ охин минь аав яаж ийгээд охиноо музей үзүүлнэ ээ.
Харин “үнэгүй” нэрийн цаана төвөгшөөсөн үйлчилгээ явуулж байгаа музейн албан хаагчдад хандаж хэлье. Дараа нь би төлбөрөө төлж байгаад үзнэ. Тэр үед хэрхэн ярвайхыг чинь харах болно шүү.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
юун илүү үгтэй юм ,үнийг нь төлөөд үзэж чадахгүй бол дуугүй л зайл