ЗГХЭГ -ын дарга Г.Занданшатар АТГ- т ажиллаж, Авлигатай тэмцэх тухай Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр АТГ-ын дарга тэргүүн, комиссар Х.Энхжаргал Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцах Ажлын удирдамжийг гардуулав.
АТГ-аас “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна.
Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ.
Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал “Хүнд” байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
Шалгалтын тайланг Үндэсний Аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж зөвлөмж боловсруулан бүх яамны сайд нарт хүргүүлсэн байна.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Транспэрэнси Интернэшнл байгууллага” 2017 оны Авлигын төсөөллийн индексийн дүнг зарлаж байна. Тайлангаас харахад, дэлхий нийтээр авлигатай тэмцсээр байгаа хэдий ч ихэнх улс орнуудын урагшлалт нь хэт удаан байна. Судалгаанаас харахад авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дийлэнх орнуудад сүүлийн 6 жилд ахиц дэвшил гараагүй гэж дүгнэжээ. Тодруулбал, авлигад өртсөн байдлыг 180 улсын түвшнийг жагсаан 100 хүртэлх оноогоор дүгнэдэг бөгөөд “100” оноо авбал авлигагүй гэж үздэг бол “0″ оноо авбал өндөр авилгатай орны тоонд ордог.
Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан байна. Өөрөөр хэлбэл, манай улс 2017 онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлсөн бас нэг шалтгаан нь төрийн институцууд болох аудит, шүүхийн байгууллагуудын хараат бус байдал суларч байгаа нь сөргөөр нөлөөлсөн. Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлсөн хэмээн үзжээ.
Иймд цаашид хууль тогтоох байгууллагууд нь улс төр бизнесийн бүлэглэлээс бүрдсэн авлигажсан капитализм бүлэглэлийн нөлөөнөөс ангид байх ёстой. Мэдээлэгчийг хамгаалах хуулийг батлах ёстой. Хэвлэл мэдээлэл ба иргэний нийгмийг улс төрчдийн нөлөөлөл, дарамт шахалтаас ангид байлгах, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг хууль зүйн орчин шаардлагатай. Улс төрийн намуудын ба санхүүжилт хууль сул байгаа нь авлигын нэг гол шалтгаан болж байна.
Түүнчлэн төсвийн зарцуулалтад хариуцлага ба ил тод, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх нь нэн чухал. Төрийн албан хаагчдыг ур чадварт суурилан томилж, улс төрийн томилгоо, нөлөөллийг таслан зогсоох хэрэгтэй. Мөн АТГ-ын байр суурийг ганхуулж, хууль зүйн орчныг сулруулахыг оролдох явдал ажиглагдах болсон ба харин ч эсрэгээр нь Авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улам эрчимжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Дэлхийн Шударга байдлын төслийн үнэлгээнд дурдсанаар шүүгч, прокуроруудын хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатайг “Транспэрэнси Интернэшнл байгууллага” онцолсон.
Залуус, иргэд авлигын эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлж, технологийн дэвшлийг ашиглахаас гадна Хэвлэл мэдээллийн оролцоог эрс нэмэгдүүлэх нь чухал гэв.
Erennews.mn
Товч тодорхойлолвол
Төрийн албаныхан бол үнэндээ төр ба иргэний хооронд хийгээд тавьцан том жижиг цоожнууд болсон. эдгээр төрд ажиллагсад гэгчид нь иргэд, байгууллагын төлсөн татварын мөнгөөр цалин авч, дээр нь бүхний түгжээ болж хааж, боож тээглэж амьдарч байгаа хувалзнууд. Энэ олон бүх шатны том жижиг цоожнуудыг мөнгө, хээл хаууль, авлигадаж тайлна, үгүй бол татвар төлөгчид хохирч, улс орон хөгжихгүй цоожлогдон хоцрогдож үлдээд байгаагын нэг том шалтгаан энэ. Гэхдээ энд бүгдийн хамруулсангүй, мэр сэр үнэнч, сэтгэлээсээ ажилладаг хүмүүс төрд бий л байх.