Голомт банк 2011 оны Монгол Улсын шилдэг банкаар дахин шалгарлаа
Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Голомт банкийг олон улсын нэр хүнд бүхий The Banker сэтгүүл 2011 оны Монгол Улсын шилдэг банкаар дахин шалгарууллаа. Энэ нь сүүлийн хоёр жилд Голомт банк уг хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртэж
буй үйл явдал юм. Түүнчлэн энэ оны дундуур Голомт банк дэлхийд тэргүүлэгч банк санхүүгийн сэтгүүл болох Euromoney-ийн шалгаруулалтаар үндэсний тэргүүлэгч банк болохоо дахин баталгаажуулж “Монгол Улсын шилдэг банк”-аар сонгогдсон билээ.
The Banker сэтгүүлээс уг шагналыг хүртэхэд Голомт банкны зах зээлд тэргүүлэгч байр суурь, эрчимтэй өсөлттэй санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, үйл ажиллагааны үр дүн, бизнесийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний тогтвортой өсөлт чухал нөлөө үзүүлжээ. 2010 онд Голомт банкны цэвэр ашиг өмнөх оноос 52.3 хувиар өсч 20 тэрбум төгрөгт хүрсэн ба сүүлийн 2 жилд нийт активийн хэмжээ нь 2 дахин өссөн байна.
Шилдэг банкуудыг шалгаруулахдаа The Banker сэтгүүлийн судлаачид дэлхийн тэргүүлэгч банкуудын ашиг, актив, 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн өсөлт, өөрийн хөрөнгийн өгөөж зэрэг санхүүгийн гол үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийдэг. Цаашлаад шинэ
санал санаачлага, технологийн дэвшлийг ашигласан байдал, зах зээл болон харилцагчдынхаа хэрэглээнд хувьсал хийж чадсан эсэх, үр ашигтай байдлаар бизнесээ өргөжүүлж, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг юм.
Голомт банк The Banker сэтгүүлийн дэлхийн ТОП-1000 банкны судалгаагаар нийт активийн өсөлтөөрөө дэлхийн ТОП 25 банкны 6-рт, 1-р зэрэглэлийн өөрийн хөрөнгийн өсөлтөөрөө дэлхийд 10-р байранд тус тус жагсжээ. Санхүүгийн үзүүлэлтийн хувьд
хүчирхэг байхын зэрэгцээ мэдээллийн технологийн дэд бүтцээ ахисан түвшинд гаргаж, өрсөлдөхүйц орчинд өндөр мэдлэг боловсрол бүхий мэргэжлийн ажилтнуудаа хадгалж үлдэж чадсан байна.
Тус банкны бас нэгэн онцгой амжилт нь чанаргүй зээлийн хувь хэмжээг хамгийн бага түвшинд барьж чадсан явдал юм. 2010 онд Монголын банкны системийн чанаргүй зээлийн хувь хэмжээ 7 хувиас дээш байхад тус банкных 2.1 хувьтай байв.
Лондон хотноо болсон шагнал гардуулах ёслолын үеэр Голомт банкны Иргэдийн банкны группийн Тэргүүн дэд захирал ноён Г.Ганболд, гардаж аваад буй шагнал нь Голомт банкны 1200 гаруй ажилтан, албан хаагчдын амжилтыг баталгаажуулж буйг онцолсон юм.
Мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал анхаарал татаж байгаагийн эсрэгээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгааг онцлон тэмдэглэсэн ноён Г.Ганболд хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд өндөр
үүрэг гүйцэтгэж байгаатай зэрэгцээд дунд орлоготой улс орны ангилалд багтсан. Энэ нь хөгжиж буй зах зээлийн эдийн засагтай улс орнуудаас хамгийн эрчимтэй хөгжиж байгаа улс болох Монгол Улсынхаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банк санхүүгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө хичээн зүтгэж байгаа бидний эрхэм зорилгыг баталгаажуулж буй явдал юм” гэж дурьдлаа.
The Banker сэтгүүл шагнал олгох үндэслэлдээ “Голомт банк компанийн засаглал болон эрсдэлийн удирдлагыг өндөр түвшинд сайжруулж чадсан нь тэдний олон амжилтуудын нэг хэсэг юм. Тухайлбал тус банк нь байгууллагын бүтэц зохион байгуулалт, Хувь нийлүүлэгчдийн хурлын журам, ТУЗ-ийн журам, Сонирхлын зөрчилтэй хэлцлийг хийх журмуудыг сайжруулан шинэчилжээ.Түүнчлэн Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд нь дэлхийн банк санхүүгийн салбарын арвин туршлага бүхий мэргэшсэн банкирууд нэгдэн оржээ” гэж тодотгожээ.
Дашрамд дурьдахад Голомт банк нь дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллагууд болох Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл болон Swiss-MO байгууллагуудаас хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулсан Монголын цорын ганц банк юм.
Үүнээс гадна олон улсын нэр хүнд бүхий үнэлгээний байгууллага болох Moody’s байгууллагаас Ba3 үнэлгээ, харин Standard & Poor’s байгууллагаас BB- үнэлгээ авсан нь Монгол Улсын B1 үнэлгээнээс давсан үнэлгээ авч дээрх байгууллагуудын шаардлагыг зэрэг хангасан Монголын анхны арилжааны банк болжээ.
URL: