Н.Энхбаяр гуай та энэ санжгансан дугуйгаар хаа хүрэх нь вэ?
Монгол оронд 90 онд ардчилсан хувьсгал ялж, Зүүн Европын орнуудад ардчиллын цөн түрж байхад олон хүн социализм коммунизм гээч юмнаас бүр мөсөн салаа гэж итгэж байлаа. Учир нь тэр үед ард түмэн үнэхээр социализм коммунизм гээч үлгэр домгоос үнэхээр залхаад байсан билээ. Гэхдээ л тухайн үед хэсэг бүлэг хүмүүс хуучин коммунист намаа яаж ийгээд аваад үлдчих юм сан гэж чармайж явсан нь үнэн юм даг. Уул нь марксизм ленинизм гэдэг юм Монгол оронд зүгээр нэг ороод ирчхээгүй түүхийн ороо бусгаа цаг үед тохиолдлоор орж ирсэн бөгөөд энэ нь Монголын түүхийн салшгүй нэг хэсэг болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Марксизм ленинизм бол өнгөрсөн зууны түүхийг бичилцсэн гол үзэл суртлын нэг яах аргагүй мөн. Хамгийн анх Монголд 20-иод онд анх тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж, улс орноо Хятадуудын савраас яаж аврах вэ гэсэн хэсэг хувьсгалчид санаа нийлэн арга буюу залуу Зөвлөлт орноос тусламж гуйхаар Их Орос улсыг зорин оджээ. Харин тухайн үед шинэ тутам байгуулагдсан Зөвлөлт засгаас Монголын хувьсгалчдад хандан “та бүхэн манай улсаас тусламж гуйж байгаа бол манай сургаалиар явах хэрэгтэй, та нарт үүнээс өөр зам байхгүй” хэмээн марксизм ленинизмийг хүчээр тулган хүлээлгэсэн бөгөөд үнэндээ тухайн цаг үед Монголын хувьсгалчдад үүнээс өөр зам байгаагүй гэдэг. Тийнхүү яван явсаар 90 онтой золгож, Монгол улсад ардчилсан хувьсгал гарсан боловч, мөнөөх коммунист намынхны байр суурь хэв хэвээрээ оршин тогтносоор байлаа.
Тус нам анх Д.Бодоо, С.Данзан зэрэг хувьсгалчдын үед Монгол ардын нам гэдэг нэртэй байгаад дараа нь Элбэгдорж Ринчино болон Зөвлөлтийн комминтерны даалгавар гүйцэтгэгчдийн шахалтаар Монгол ардын хувьсгалт нам гэдэг шинэ нэртэй болжээ. Энэ нам өнгөрсөн зууны Монголын түүхэнд маш их үүрэг гүйцэтгэж, бас маш их олон хүний цусаар гараа угаасан түүхтэй нам билээ. Ямартай ч 90-ээд оны үед Монгол улс коммунист үзэл суртлаас татгалзаж, ардчилсан нийгэмд хагас дутуу шилжин орсон боловч өдгөө хүртэл энэ улс орныг хуучин коммунист угшилтай нам удирдан жолоодсоор байгаа нь үнэхээр харамсалтай юм. Гэхдээ өнөөгийн МАН, АН хоёрыг хоёуланг нь яг таг коммунист намууд гэж хэлэхэд хэцүү ч угшил гарвал нь хоёулаа дээр өгүүлсэн коммунистуудаас гарвалтайг бид бүгдээрээ сайн мэднэ. Ийнхүү хуучин нэртэйгээ ардчилалд шилжин орсон Монгол улсын ууган улс төрийн хүчин МАХН нэгэн өдөр хурлаа хийж, ”манай нам анх МАН гэдэг нэртэй байсан, тийм учраас Монгол ардын нам гэсэн хуучин нэрээ буцааж авах нь зөв гэсэн шийдвэр гарган намынхаа нэрийг анх ардын хувьсгалчдын нэрлэсэн МАН гэсэн нэрээр нэрлэвэй. Гэтэл энэхүү шийдвэрийг Н.Энхбаяр тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс эрс эсэргүүцэж “МАХН бол Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн нам, тийм учраас бид энэ нэрээ хадгалж авч үлдэнэ” гэсэн бөгөөд эдүгээ тус нам энэ нэрээрээ Монголын улс төрд үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр тус нам үнэндээ Монголын улс төрийн орон зайд өөрсдийнх намынх нь гишүүдийг эс тооцвол ямар ч жинтэй байр суурь эзэлж чадахгүй байгаа юм. Мөн ард түмний олонхийн дэмжлэг авдаг эсэх нь ч туйлын эргэлзээтэй байдаг. Тус намыг зэрвэсхэн харахад санхүүгийн ямар ч чадавхгүй, мөн боловсон хүчний хувьд асуудалтай, яг л хуучин Зөвлөлт засгийн анхны ажилчин тариачны люмпен пролетариуудаар эгнээгээ бүрдүүлсэн большевик нам шиг харагдаж байгаа бөгөөд үүгээрээ улс төрийн хувьд өсөж дэвжиж, амжилт олох нь туйлын эргэлзээтэй нам юм. Гэхдээ МАХН-ынхны ярьж хэлж байгааг сонсоход маш их зөв зүйтэй юм ярьж байгаа нь ажиглагддаг. Хамгийн наад зах нь тэд өнөөгийн Монгол улс дахь олигархын тогтолцоо, авилга хээл хахууль, оффшор данстнуудыг бүр мөсөн устгах гэх мэт маш зөв зүтэй зүйлүүдийг ярьдаг. Гэхдээ тэдний цаашдын ажил үйлс амжилт олох эсэх нь маш бүрхэг байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. МАХН-ынхны өөр нэг сонин зүйл бол тус нам өөрсдийгөө социал демократ үзэл баримтлалтай нам гэдэг ч зарим үед уг намаас яалт ч үгүй коммунист үзэл суртал үнэртэж байдаг нь хүмүүсийг ихээхэн эгдүүцүүлдэг. МАХН-ын удирдлага саяхан энэ оны эхээр өдгөө даян дэлхийд аюулын харанга дэлдээд байгаа терроризмыг экспортлогч гэгддэг коммунист үзэл суртал дээд зэргээр шингэсэн Хойд Солонгост айлчилсан бөгөөд энэхүү үйлд явдлыг Монголын олон нийт яаж хүлээж авсныг мэдэхгүй ч улс төрийн хүрээнийхэн болон төр засгийн эрхмүүд туйлын эмзэглэн хүлээн авсан гэдгийг хэлэх нь зүйтэй юм.
Өнөөдөр Хойд Солонгос улс даян дэлхий дээр зөвхөн аюул заналыг түгээн дэлгэрүүлээд зогсохгүй олон улсад цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчин дэлхий дахинд аюул учруулж байгааг нийт хүн төрөлхтөн бүгдээрээ мэдэх билээ. Гэтэл ийм улсаас цэрвэх ёстой байтал МАХН-ынхан тус улсад айлчилж байгаа нь туйлын гайхалтай бөгөөд үнэхээр эмгэнэлтэй юм. Ямартай ч намынх нь дарга нар нь Хойд Солонгост айлчилдаг, авлига албан тушаалын наймааг цэцэглүүлэгч гэсэн нэр зүүсэн хүнээр удирдуулсан МАХН-ынхан яг л салж унах гэж байгаа нэг санжгансан дугуйг санагдуулаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдөр МАХН гэдэг санжгансан дугуйг унаад хаа хүрэхийг хэнбугай ч мэдэхгүй бөгөөд магадгүй тэр өөрөө ч мэдэхгүй гэдэг нь үнэн юм. Хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн түүхээсээ огт сургамж авдаггүй гэж нэг мэргэн хүн хэлсэн байдаг. Мөн Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Индира Ганди энэнээс дутуугүй сайхан үг ч хэлсэн байдаг. Тэрээр нэгэнтээ: “Хүн төрөлхтөнд түүх гэж гэж нэг гайхамшигтай багш байдаг, харин сурагчид нь даан ч найгүй” гэж хэлжээ. Энэ үгийг сонсоход нэг их сүрхий үг биш юм шиг санагдаж байж болох ч үүн шиг үнэн үг дэлхий дээр хаана ч байхгүй юм. Өөрөөр хэлбэл түүх дахин давтагдах магадлалтай гэсэн үг. Хэрвээ 20-р зуунд коммунистуудын тарьсан гэм нүглийг Хамаг Монголчууд мартвал үнэхээр аймшигтай юм болно гэдгийг ард түмэндээ сануулахын тулд үүнийг бичив. Тийм учраас бид бүгдээрээ ядахнаа Баабар гуайн хэлсэн ”Бүү март, мартвал сөнөнө“ гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй гэж хэлмээр байна.
Undesten.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхбаяр санжигнах болоогуй.