“Монголын зэс корпораци”-аас 1 их наяд 31 тэрбум төгрөг суутгаж 49 хувийг ТӨР мэдэлдээ авна
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах тухай УИХ-ын 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа гаргалаа. Цэц дээр ийнхүү унасан “Монголын зэс корпораци”-ийн тухайд Цэцийн их суудлын хуралдаанаар уг асуудлаа хэлэлцүүлэх хуулийн боломж бий. Гэхдээ дараагийн удаа ч, шийдвэр тэдний биш УИХ-ын талд гарах магадлал өндөр харагдаж буй юм.
УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийн үндэслэлд “Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 15 дахь заалтад зааснаар Улсын Их Хурал Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстойг заасан. Мөн Монгол Улсын Их Хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж заасны дагуу Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заасан байгаа юм.
Түүнчлэн “Монголын зэс корпораци” 49 хувийг авахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байгааг Д.Сугар хэлнэ лээ.
Тодотгоход, Монгол Улсын засгийн газар ээлжит бусаар хуралдаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар шийдвэр гаргасан билээ. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компаниудын 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож, төрийн өмчид буцааж авах шийдвэрийг гаргалаа гэж мэдэгдсэн. Ингэснээр УИХ-ын 2017 оны 23-р тогтоолд заасны дагуу 49 хувийг холбогдох харилцан суутгах тооцоог хийх замаар төрийн өмчид авахаар боллоо гэсэн юм. ОХУ-ын 49 хувийг эзэмшиж байсан талд 400 сая 270 мянган долларыг “Монголын зэс” ХХК төлсөн. Үүнийг 23-р тогтоолын дагуу харилцан суутгал хийх замаар шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.
Ингэхдээ Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгож байсан зээлүүд, мөн Сэлэнгэ аймагт орших концессийн гэрээг хүчингүй болгож, түүний 217 тэрбум төгрөгийн хөрөнгийг суутгалд оруулж тооцох, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг Монголын зэс ХХК-руу шилжсэн мөнгийг мөн суутгалд тооцох зэрэг харилцан суутгах замаар 400 сая 270 мянган долларыг шилжүүлэхээр засгийн газар шийдвэрлэсэн.
1 их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг харилцан суутгаж шийдвэрлэх юм. Үүний дараагаар 49 хувийг төрийн өмчид авах ажлыг төрийн холбогдох албаныханд даалгасан
Үүнийг нь “Монголын зэс корпораци” хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.
Өмнө нь Улсын дээд шүүх ”Монголын зэс корпораци”-ийн талд шийдвэр гаргасан тухай мэдээллүүд гарсан. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ талаар хэлэхдээ “УИХ-ын 23-р тогтоол гараад бүтэн жил болох гэж байхад өмнөх засгийн газар харилцан суутгал хийх асууддлыг шийдвэрлээгүй байхад 49 хувийг төрийн өмч гэж бүртгэчихсэн. Энэ асуудал дээр Улсын дээд шүүхийн шийдвэр гараад хүчингүй болгосон. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрийн ялгаа бол ЗГ тооцоогоо хийгээд төлсөн мөнгө, улсаас тойруугаар болон шууд авсан мөнгөн дүн тэнцэж байгаа тул харилцан суутгал хийгээд, дахиад Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмч гэж бүртгэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаж байна.
Монголын зэс ХХК-ийн зүгээс ямар нэг шүүхэд гомдол гаргах нь тэдний асуудал. УИХ болон Засгийн газар зүй ёсны шийдвэрээ гаргалаа. Шаардлагатай байгаад шүүхэд очвол Засгийн газар зөв шийдвэр гаргасан гэх нотлох баримтаа гаргаад өгөх болно” гэсэн.
За харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “2014 онд тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яам, Кю энд Си компанийн хооронд байгуулсан барьж ашиглах шилжүүлэх тухай концессийн гэрээ хийсэн. Ингэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүй байхаар тохиролцсон.
Дарханы металургийн үйлдвэрийн цогцолбор, Төмөртэйн ордын Болд төмөр ерөө гол компанийн Хандгайт өртөө хүүртэлх 33,4 км автозам, ачиж буулгах терминал барих, сэлэнгэ аймгийг дайран өнгөрөх олон улсын автозамтай холох 95 км хүнд даацын хатуу хучилттай автозам барих, Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэлх 110 КВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станцын хамт барих, шинэчлэн сайжруулах, барьж ашиглах шилжүүлэх төрлөөр улсын төсвийн санхүүжилт авахгүй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх концессын гэрээ байгуулагдсан. Гэтэл 2015 онд анх барьж ашиглах шилжүүлэх нөхцөлтэй хийгдсэн гэрээг барьж шилжүүлэх болгон өөрчлөөд 240 тэрбум 772 сая төгрөгийг улсын төсвөөс үнэт цаас, вексел хэлбэрээр мөнгөжүүлээд авчихсан.
Энэ нь концессын зарчим, нийтийн эрх ашгийг хангах гэх мэт төсвийн үндсэн зарчмыг зөрчиж байгаа тул энэхүү 2015 оны Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо. Тухайн компаниас 240 тэрбум 772 сая төгрөгийг буцааж төлүүлэхээр боллоо. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг харилцан суутгах асуудалтай холбогдож харилцан хамаарал бүхий этгээдүүд учраас дээрх мөнгө суутгагдан тооцогдож байна.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны сүүлээр байгуулагдаж “Монголын зэс” ХХК-тай ажлын хэсэг 4 удаагийн уулзалт хийсэн байна” хэмээн мэдээлсэн юм.
Эх сурвалж: Hunnu.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Маш зөв шийдвэр гарсан байна. Жирийн иргэн би баярлаж байна. Элбэгдоржийг хурдан шоронд хийгээчээ.