ХЭРЭГЛЭГЧИД ОРГАНИК ХҮНСИЙГ ЭРХЭМЛЭЖ БАЙНА

Монголын хүнсний бүтээгдэхүүний салбарт томоохон байр суурь эзэлдэг үндэсний үйлдвэрлэгч UFC групп эх орныхоо хөрс шороонд ургасан байгалийн цэвэр түүхий эдийг ашиглаж, үйлдвэрлэлийн нарийн технологийн дагуу эко шат дамжлагаар үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, органик хэрэглээг бий болгож хэвшүүлэх зорилготой “Органик үйлдвэрлэл, органик хэрэглээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Энэ талаар UFC группын Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай цөөн хором ярилцлаа.

UFC групп “Органик үйлдвэрлэл, органик хэрэглээ” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Ямар учраас органик гэж ярих болов?

Хүн төрөлхтөний түүхийн ихэнх хугацаанд хөдөө аж ахуй нь органик байсан бөгөөд зөвхөн 20 дугаар зуунд л синтетик химийн бодисууд хүнсний үйлдвэрлэлд их хэмжээгээр орж ирсэн. 1940-өөд оны үед аж үйлдвэржсэн хөдөө аж ахуйн эсрэг органик фермийн аж ахуй эрхлэх хөдөлгөөн өрнөсөн бөгөөд “Ногоон хувьсгал” гэсэн нэртэй байжээ. Өмнө нь шууд фермээс худалдаж авах үйл ажиллагаа давамгайлдаг байсан бол хэрэглээ өсөхийн хэрээр тэдгээр шууд холбоос нь багасаж хүнсний дэлгүүрүүдийн байр суурь нэмэгдсэн. Органик гэдэг нь орчин үеийн синтетик пестицид буюу химийн бордоо хэрэглэхгүй ургуулсан, генийн хувьсалтай организм агуулаагүй, аливаа цацраг туяа, аж үйлдвэрийн шийдлүүд эсвэл химийн нэмэлт оролцуулалгүйгээр боловсруулсан хүнсийг хэлдэг. Өнөөдөр дэлхийн олон оронд органик хүнсийг зах зээлд нэвтрүүлэхэд үйлдвэрлэгч компаниудаас тусгай сертификат шаарддаг болсон. Өөрийн улс орны болон олон улсын байгууллагуудын органик бүтээгдэхүүний стандартуудыг баримталж үйлдвэрлэсэн хүнсийг органик хэмээн нэрлэдэг. Манай компанийн хувьд МҮХАҮТ-аас гаргасан ОРГАНИК БРЭНД бүтээгдэхүүний шаардлагуудыг бүрэн хангаж Монголын анхны органик бүтээгдэхүүнээр шалгарсан, мөн олон улсын стандартад нийцсэн байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнд олгодог барааны тэмдэг “Ногоон зураасан код” эзэмших эрх бүхий анхны бүтээгдэхүүнээр Монгол Улсаас шалгарсан. Монгол Улсаас анх удаа олон улсын нэр хүндтэй шагналуудыг хүртэж, хэрэглэгчдэдээ органик бүтээгдэхүүн хүргэхийг зорьж “Органик үйлдвэрлэл, органик хэрэглээ” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид химийн бодис болон бордоо ашиглаагүй, Монгол орны эрүүл хөрсөнд ургасан улаан буудай, цэвэр байгалийн гаралтай чацаргана жимс зэрэг түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Монголын хүнсний бүтээгдэхүүний зах зээлд шинэлэг өнгө аястай, шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарч Морьтой Чингис гэж хэрэглэгчид нэрийдсээр одоо Монголын №1 бүтээгдэхүүн болжээ. Бүтээгдэхүүнийхээ нууцлал, чанарыг хамгаалах талаар яаж ажиллаж байна вэ?

Бид зах зээлд шинээр Чингис бүтээгдэхүүн худалдаанд гаргаад 3 жилийг ардаа үдэхэд багагүй зүйл хийж дотоод гадаадын зах зээлд амжилт үзүүлсээр байгаад баяртай байна. Анх Чингис брэндийн сав баглаа боодол болон чанарын судалгааг хийж байх үед тус брэндийн шошгыг “Чингис хаан ба 9 өрлөг” хэмээх уран зургаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү зураг нь Монголын нууц товчоонд гардаг баатруудын дүрийг тусган туурвисан бүтээл байдаг. Шилний мөрөн дэх цацаг хэлбэрийн зураас нь есөн хөлт цагаан тугийг, хормойн хээ нь газар шороог, шилний ёроол нь дэлхийн бөмбөрцгийг төлөөлсөн бэлэгдлээр бүтээсэн юм. Чанарын хувьд улаан буудайн тансаг зэрэглэлийн спирт, зөөлрүүлсэн ус зэргийг ашиглаж, олон удаагийн эко шат дамжлагыг дамжин үйлдвэрлэгдсэн цэвэр цагаан архийг хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ нь нэг ёсондоо ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ороогүй, цэвэр цагаан архи буюу ОРГАНИК гэсэн үг юм.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхний шатнаас эцсийн шат хүртэл хяналт шалгалтыг сайтар тавьж ажилласны үндсэн дээр хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн Морьтой Чингис бүтээгдэхүүний арын хэсэгт буй наалтыг халаахад 9 өрлөгийн нэрс тодрон гарч ирэх технологийн нууцлалтай. Энэ нууцлал нь тухайн бүтээгдэхүүний бусдаас ялгарах нэг давуу тал юм.

Бүтээгдэхүүний чухал хамгаалалт бол бөглөө байдаг. Энэ сараас эхлээд бүтээгдэхүүний шинэчлэл хийж бөглөөгөө шинэчилж байгаа гэж дуулсан.

Орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн чанартай бөглөөгөөр бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой байдаг. Эс тэгвээс буцааж савлах, дахин ашиглах зэрэг сөрөг үр дагавар гарах өндөр магадлалтай. “Морьтой Чингис” бүтээгдэхүүний хувьд лонхны бөглөө нь Европын холбооны улсуудад нэвтрээд буй сүүлийн үеийн шилдэг технологи болох далд бөглөө, давхар хамгаалалттайгаар хийгдсэн. Уг бөглөө нь онгойлгосны дараа дээш гарч ирээд, буцаж ордоггүй онцлогтой. Мөн шингэнийг буцаан савлах боломжгүйгээрээ давуу талтай юм. Энэ сарын сүүлээс Морьтой Чингис бүтээгдэхүүн шинэ бөглөөтэй худалдаанд гарч байна. Энэ нь эцсийн дүндээ хэрэглэгчдийн худалдан авч байгаа  бүтээгдэхүүн улам илүү найдвартай болж, баталгаажиж буйн нэг илрэл юм.

Монголын шилдэг 10 компанийн нэг UFC групп Монголын төдийгүй дэлхий нийтийн зайлшгүй хэрэгцээ болоод байгаа эрүүл, чанартай органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорин ажиллаж байгаад  сэтгүүлч миний бие  талархаж байгаагаа илэрхийлье.

Сэтгүүлч Э.Ганчимэг


URL:

Сэтгэгдэл бичих