“ЭРДЭНЭТ”-ИЙН ТАЛААРХ УИХ-ЫН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
Иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.
Тэгвэл уг маргааныг Үндсэн хуулийн цэц өчигдөр/02.28/ Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, уг тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийн үндэслэлд:
“Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хэлэлцээрийг УИХ 2004, 2009 онд тус тус соёрхон баталжээ. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 15 дахь заалтад зааснаар УИХ Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэдэг. Түүнчлэн холбогдох хуульд Засгийн газар соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх ёстойг заасан.
Мөн УИХ-аас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэлгүй, өөрчилж, зөвхөн УИХ-д хадгалагдах бүрэн эрхэд Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолоороо халдаж Үндсэн хуулийн холбогдох заалт болон бусад хуулийн заалтыг зөрчсөн байна.
Иймд Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж заасны дагуу УИХ-ын 23 дугаар тогтоолоороо Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байна.” гэж заажээ.
URL: