Хууль зөрчсөн журам буюу зохицуулалт үйлчилгээний хураамж
Д.ОЮУНЧИМЭГ
Санхүүгийн салбарынхан өнгөрсөн жил 65.5 хувийн өсөлттэй байсан нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд тохиож буй дээд амжилт хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийв. Ямартай ч эдийн засгийг чадавхитай байлгахад санхүүгийн салбарынхны оролцоо тун чухал. Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд төдийлөн дэмжлэг хүсч “гонгинолдоод” байдаггүй. Тэд зах зээлийн зарчмаар унасан ч, боссон ч өөрсдийн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулан бизнес эрхэлж буй. Харин саяхан зарлагдсан санхүүгийн зах зээлийн өсөлтийн мэдээллийн дараа энэ салбарт оролцогчид “толгой байгууллага”-даа сэтгэл гонсгор явдагаа ярьж байв. Учир нь тэдэнд хууль зөрчсөн журмаар баталгаажсан татварын дайтай хураамж дарамт болдгийг сануулав. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ахлах референт Ц.Цэрэндэжид “Санхүүгийн зохицуулах хороо харъяа байгууллагуудаасаа бие даасан зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх журмаар жилд нэг удаа авдаг. Ингэхдээ тухайн компанийн жилийн цэвэр хураамжийн орлогоос 0.05 хувийг авдаг. Түүн дээр давхар даатгалын гадагш шилжүүлж буй хураамжаас 0.03 хувиар бодож авна. Тиймээс татварын хэмжээнээс давсан зүйл байхгүй” гэсэн юм. Санхүүгийн зохицуулах хороо ийнхүү төвлөрүүлж буй хураамжийг төсвийн орлогод оруулдаг хэмээн тодотгосон юм.
Гэхдээ… Аливаад учир бий. Жишээлбэл, даатгалын компаниас зохицуулалт үйлчилгээний хураамжийг авахдаа нийт даатгалын хураамжийн орлогын 0.5 хувиар бодож авдаг хэмээн эх сурвалж хэлэв. Энэ нь Татварын тухай хуулийг зөрчиж байгааг сануулсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хураамжийн орлого өсөх хэрээр хураамжид төлөх жилийн төлбөр ч өснө. Ингэснээр Санхүүгийн зохицуулах хороо салбараа сайн удирдаж өсөлтийг бий болгосон мэт харагдаж байгаа юм. Харин үүнд нь салбарынхан нь илт дургүйцэж буйгаа илэрхийлж байлаа. Хэдийгээр салбарын ажил эрчимжин, хөгжих нь таатай ч дан ганц аж ахуйн нэгжүүдэд бүх ачааг үүрүүлж байгаа нь хэт өрөөсгөл гэдгийг эдийн засагчид хэлсэн. Ямартай ч бид санхүүгийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд энэ талбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, бизнесийнхнээ дэмжих учиртай. Тиймээс хууль зөрчсөн эсвэл давсан дүрэм журам зохиодог араншингаа хязгаарлах нь эдийн засагтаа ч, салбарын хөгжилдөө ч дорвитой дэмжлэг болох буй за.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: