Бидний хөгжил гэж үү
Бид үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж чадан ядан хичээж байгаа боловч нийгэм маань тийм боломж олгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Бидний үрс ээжийнхээ гэдсэнд бүрэлдэж эхэлсэн цагаасаа л авлига гээчийг их бага ямар нэг хэмжээгээр мэдэрнэ.
Яавал гайгүйхэн эмнэлэгт төрөх вэ, хэрхэн осол эндэгдэлгүй эсэн мэнд амаржих вэ гэдэг асуудал гэр бүлийн өмнө тулгарах бөгөөд энэ нь нь эх барих эмч, сувилагчдын гарыг хэр зэрэг цайруулснаас шууд хамаардаг. Ингэж гар цайлгах нэртэй авлига өгч байж бяцхан үрс маань хорвоод эсэн мэнд мэндэлдэг нь нууц биш. Эрхэм хувь зохиолоор эрдэнэт хүний биеийг олж төрчхөөд харьяаллын ба харьяаллын бус, төлбөрийн чадвартай ба чадваргүй эцэг эхтэй, эрх мэдэлтний ба жирийн ардын хүүхэд гэх мэтээр ялгаварлан гадуурхагдана.
Цаашид тэд өсөн томорч нийгмийн харилцаанд илүү түлхүү оролцох шаардлага зүй ёсоор урган гарна. Тэд гэр бүлийн орчноос анх удаа хөндийрч цэцэрлэгт орох хэрэгцээ шаардлага тулгардаг, Цэцэрлэгт орохдоо хандив нэртэй авлига өгч байж элсэнэ. Эс өгвөөс харьяаллын бус, хүүхдийн тоо гүйцсэн гэдэг шалтгаанаар авахгүй. Цэцэрлэгтээ хандиваар орсон жаалууд маань их эрдэм сурахаар бас л далд нэртэй авлига өгч сургуулийнхаа босгыг алхана.
Иймэрхүү зам туулсан ирээдүйн эздэд маань сурах хүсэл эрмэлзэл байх уу. Тэд томчуудаасаа авлигаар бүх юм бүтдэг гэдгийг хуулбарлан мэдсэн шүү дээ. “Ээжээ манай багшид гайгүй бэлэг өгчих. Дүн гарах болж байна” гэж охин маань хэлж байна хэмээн нэгэн найз маань халаглан ярьж байсан юм. Энэ хүүхдийн үг Монголын боловсролын байгууллага уналтад оржээ гэдгийн баталгаа бус уу.
Хэрэв багшид нь бэлэг өгч зусардахгүй бол таны хүүхэд гадуурхагдана шүү дээ. Сүүлийн үед чанартай чанаргүй хувийн сургуулиуд газар авч тэнд л сургавал хүүхдийнх нь сурлага сайжирна гэж эцэг эхчүүд үзэх болж. Гэтэл сайны хажуугаар садаа гэгчээр хүүхдэд бодит бус дүн тавин эцэг эхчүүдийг нь төөрөгдүүлэн тэднийг татах ажиллагаа ч байдаг гэх. Яагаад гэвэл хуучин сургуульд суралцаж байснаасаа дүн нь ахидаг болохоор хүүхдээ сайжирлаа хэмээн эндүүрдэг бололтой.
Хүүхдийн тоо их байх тусам тухайн сургуулийн орлого нэмэгдэх учир ийм бодлого баримтлахыг ч үгүйсгэх аргагүй юм. Авлигын буянаар өндөр оноотой дүгнүүлж чадсан ирээдүйн эзэд маань мөнгө л байвал бүтэхгүй зүйл гэж байхгүй гэдгийг заасан заагаагүй яс махандаа шингэтэл ойлгочихсон. Туулсан амьдрал нь тэдэнд нь ийн ойлгуулжээ. Тэд их дээд сургуульд элсэх тухай толгойгоо гашилган бодохоос илүү авлигаар их дээд сургуульд элсэх тухай бодно.
“Гүйх нохойн урдуур гүйхгүй нохой саад” гэгчээр жирийн ардын толгойгоороо яваа хүүхдүүдийн хуваарийг ичих ч үгүй булаахыг яана гээч. Сургуульдаа орсон хойноо сурсан ч юмгүй хий цагийг өнгөрөөж, авлигаа өгөн дүнгээ тавиулсаар төгсөж одно. Энэ хоосон толгойтны оронд чаддаг нэг нь орсон бол эцэст нь гарах үр дүн нь арай л дээр байх байсан юм.
Төгсөөд ажлын байранд очих болохоор анхнаасаа ямар замыг туулсан тэр л аргаа ашиглах нь мэдээж. Тэдэнд ичих булчирхай айх, эмээх, нэрэлхэх зан гэж байхгүй. Тэд байгууллагынхаа дарга, эрх мэдэлтэнд таалагдахын тулд ямар ч аргыг хэрэглэж магад. Тэдэнд хүнд авлига өгч, зусардан бялдуучлах шиг амархан ажил үгүй. “Сайн” ажиллаж суудалдаа бат шигдээстэй байхын тулд “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй”-гээр улайран тэмцэлддэг шүү дээ.
Тэд голдуу байгууллагынхаа даргад бялдуучлан зусардаж, хий гэснийг нь үг дуугүй биелүүлдэг үнэнч албат байх ба хууль бус ажиллагаа бусармаг булай бүхнийг нь хөхиүлэн дэмжигч байдаг. Арга ч үгүй энэ байдлын тод томруун жишээ хажууханд нь ил байж байдаг болохоор даган дуурайхад хялбар. Тодруулбал, төрийн эрх мэдэлтнүүд сонгуульд нэр дэвшин гарч ирэхийн тулд хэрхэн улайрч байгааг бэлхнээ харж байна.
Энэхүү нууц хуйвалдаан олны нүдэнд ил далд янз бүрийн хэлбэрээр явж байгааг бид мэдсэн ч мэдээгүй юм шиг л царайлж, зарим нь хэлээд ч засал авахгүй болохоор тэгж ингэсхийгээд чимээгүй болдог нь нууц биш. Тэднийг дээгүүрээ бялуугаа хувааж идэх гээд улайран тэмцэж байх хооронд ард иргэдийн сэтгэлгээ өдрөөс өдөрт ядууран, нийгмийн гаж үзэгдэл хэрээс хэтэрчээ. Агаар, хөрс, ус, экологийн бохирдол туйлдаа хүрч, харь орны иргэд хамаг бүгдийг минь цөлмөн үндэсний аюулгүй байдал алдагдаад аль хэдийн эхэлчихжээ.
Орон нутгаас нийслэлд алба хувийн ажлаар ирсэн албаны төлөөлөгчид тойргийнхоо гишүүдтэй уулзах гэж саарал ордны босгыг элээхэд хүрнэ. Тэдний хэн нь ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай санал сэтгэгдэл, шүүмжлэл хэлэх гэж ийн зүтгэсэнгүй. Нөгөө л тулга тойрсон цэцэрлэг, сургуулийн дээвэр янзлах, эмнэлэгтээ машин авах хөрөнгө мөнгө гуйхаар хөвөрдөг шүү дээ. Энэ мөнөөх л бидний нийгэм иймэрхүү сэтгэлгээг тархинд маань суулгаад байгаа хэрэг шүү дээ. Төр нь анхнаасаа иргэдийн дуу хоолойг сонсож байгаагүйн уршгаар иргэд ялангуяа залуучууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй байна.
Жишээ нь, Засаг захиргааны нэгж бүрт иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг сүржин нэртэй даржин ажилтай байгууллага бий. Харьяалагдах хороо нутаг дэвсгэрийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сайн дураараа очиж суудаг иргэд цөөхөн дөө. Иргэдээ татах бодлого ч сул. Хэрэв төрийн эрх баригчид маань иргэдийнхээ дуу хоолойг сонсож, арга хэмжээ авч чаддаг сан бол Иргэдийн төлөөлөгчдийн хурал арай ийм ирцтэй байхгүй л байх байсан биз ээ.
С.Хангай http://www.niigmiintoli.mn/
URL: