АВЛИГАЧДЫГ МАН-ААС ХӨӨВӨЛ М.ЭНХБОЛД, С.БАЯР, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР НАРААС ЭХЛЭХ БОЛОВ УУ…
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй эрх баригч намын удирдлагууд өчигдөр анхан шатны үүрийн дарга нартай “Тусгаар тогтнолын ордон”-д уулзалт хийсэн билээ.
“Эх орончдын баяр”-ын өдрийг угтан зохион байгуулсан дээрх арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. МАН-ын анхан шатны үүрийн дарга нар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт, МАН-ын шинэчлэлт, цаашлаад улс орны эдийн засаг, өнөөгийн байдал, хөгжлийн талаар асуулт асууж, хариулт авсан.
Тухайн өдрийн болон Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа шийдвэртэй үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм. Тэрээр “МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэдгийг онцолсон нь Монголын нийгэмд хамгийн их хүлээгдэж байгаа ажил хэрэг билээ. Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд мэдээлсэн. 2016 оны сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлт бүхий эдийн засагтаа улс орныг МАН хүлээж авсан. МАН төрийн эрхийг барьж, жил хагасын хугацаанд шантралгүй ажилласаны үр дүнд 2017 оны эцсээр Монгол Улсын эдийн засаг 5.1 хувьд хүрсэн гэдгийг мэдээлсэн нь Монголын нийгэмд бас л хүлээгдэж байсан үзүүлэлт юм.
Мөн тэрээр Засгийн газраас Сахилга хариуцлагыг шат шатанд сайжруулах, Эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлээр тууштай ажилласанаар чамлахааргүй үр дүнд хүрч байна гэдгийг тодотгосон. Нөгөө талаар “Төсвийн тодотгол” хийхгүй байхаар шийдвэрлэсэн талаар ч дурдаад авна лээ. 2018 оны батлагдсан төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Тодотгол нэрийн дор эдийн засаг, төсвийн эмх замбараагүй байдал үүсдэгийг таслан зогсоож байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын анхан шатны гишүүдтэй уулзахдаа хэлсэн нь бараг л 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш төсвийн тодотголын талаар анхны зоримог мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд болгосон юм.
Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн сууж хариуцлага ярьж, тооцож ажиллаж эхлэх болов уу. Харин хариуцлага ярьж, авлига хээл хахууль авсан албан тушаалтнуудыг МАН-аас хөөж эхлэнэ гэхээр хамгийн эхлээд томчуудаасаа эхэлж таарах гээд байдаг. Тухайлбал Монголын нийгэм хамгийн сайн мэдэх Улаанбаатарын газрыг баруун солгойгүй зарж, үрж, авлигадаж өөрөө ганц өдөр бизнес хийж үзээгүй байж жинхэнэ “Төрөөс төрсөн тэрбумтан”-гуудыг магнайлж байгаа УИХ-ын дарга М.Энхболд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны 10 сарын 7-нд С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг гарын үсэг зурах эрхийг олгосон тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавиулж “Жаст” группыг “Стандарт” банкнаас 109 сая ам доллар зээлэх боломж олгуулсан тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга асан, өнөөдрийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар гээд томчуудаасаа эхлэх зайлшгүй шаардлага үүсч таарна. Яагаад гэвэл УИХ-ын дарга М.Энхболдыг Монголын тэрбумтангуудын нэгэн, ганц өдөр ч бизнес хийж үзээгүй мөртлөө хагартлаа баяжсан гэдгийг Монголчууд андахгүй сайн мэдэж байгаа. Тэгвэл ганц өдөр бизнес хийж үзээгүй М.Энхболд дарга нэг хүний байтугай нэлээн хэдэн хүний насаараа мөрөөдөөд ч цуглуулж чадахгүй тэр их мөнгийг чухам хаанаас олсон байж таарах вэ. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын охидууд АНУ-д тэр олон хаусыг ямар мөнгөөр худалдан авч, зарж борлуулж байдаг хэрэг вэ. Тэд ямар ажил хийж, ямар хөрөнгө оруулалт татсанаараа Оффшор бүсэд хэд хэдэн данстай болцгоосон хэрэг вэ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг хэдэн жилийн цалингаа хуримлуулж Булган аймагт хурдан удмын адууны ферм байгуулж, төрсөн дүү нь ямар ажил хийж, хэдэн жилийн хуримтлал үүсгэхээрээ оффшор бүсэд данс эзэмшиж ихээхэн хэмжээний мөнгийг эргэлтэд оруулж байдаг хэрэг вэ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар хэдэн жилийн цалингаа хуримтлуулахаар хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн эзэн болж, өнөөдөр Арабын шейх шиг баян цатгалан амьдардаг юм бол. Эдгээр нөхдийн хөрөнгө мөнгөний эх үүсвэр, оффшор бүсэд нуусан их хөрөнгийн хэмжээг тодруулах ёстой. Төрд алба хашсан эрхмүүд ямар эх үүсвэрээр тийм их хөрөнгө мөнгө цуглуулж дөнгөснийг нь АТГ, Тагнуул, шүүхээр тогтоолгохоос ажлаа эхлэх ёстой болов уу, эрхэм Ерөнхий сайдаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны үг, үйлдэл бүрийг Монголын ард түмэн маш анхааралтай ажиглан харж, дараагийн шийдвэрүүдийг чинь анхааралтай чагнаж, хүлээж байгааг битгий мартаарай. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж Монголчууд зүгээр ч нэг хэлцдэг юм биш. Мөн “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэж ч ярьдаг. Энэ бүхэн өчигдөр таны хэлсэн, Монголчуудын урам зоригийг сэргээсэн эр зоригтой үгсийг зүгээр нэг салхинд хийсээд явчих хамхуул төдий биш байгаасай гэснийг л сэрэмжлүүлсэн, сануулсан мэргэн үгс билээ. Одоо та хэлсэн үгээ хэрэгжүүлэх, МАН-ын толгойд хачиг, хамхуул мэт гүн бат шигдэн зоогдсон авлигачид, хээл хахуулиар эзэн хаан мэт баяжигсадыг МАН-аас хөөн гаргаж, шударга шүүхийн өмнө аваачих эр зориг шаардсан, басхүү Монголын ард түмний халуун дэмжлэгийг хүлээх хүнд бэрх ч ирээдүйн сайн сайханд Монгол Улсыг хөтлөх шударга ёсны тэмцлээ айж эмээлгүй, дундыг баримталж ая тал засалгүйгээр дайчин шударгаар эхлүүлэх цаг нь болсон.
БНХАУ-ын дарга Си Жиньпин “Авлигачтайгаа тэмцвэл ХКН сүйрнэ гэдгийг би мэдэж байна. Харин авлигачтайгаа тэмцэхгүй бол эх орон минь сүйрнэ, та нар мэдэж байгаа” хэмээгээд 89 сая гишүүнтэй ХКН-ын нэг сая гаруй авлигачдыг хатуу ширүүн шийтгэж өнөөдөр ч авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдсэн болгонтой үнэхээр хатуу тэмцэж байгааг дэлхий нийт анхааралтай ажиглан харж байгаа. Авлига хээл хахуулийн хэрэгтнүүдтэйгээ хатуу ширүүн тэмцэл өрнүүлэхээс гадна эдийн засгаа эрчимжүүлж, 2050 он гэхэд БНХАУ-ыг дэлхийд тэргүүлэх эдийн засагтай, хамгийн их валютын нөөцтэй орон болгох зорилт дэвшүүлэн амжилттай ажиллаж байгаа Си Жиньпин дарга БНХАУ-ын түүхэнд Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа орох хамгийн нэр хүндтэй удирдагч болоод байгаа нь ард түмнээ ядуурлаас ангижруулж, авлигач нартайгаа хатуу ширүүн тэмцэл өрнүүлсний л үр дүн билээ. Өнөөдөр тэрээр БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж 2023 онд БНХАУ-ын даргын албан тушаалыг 10 жил хашаад буусныхаа дараа дахин хугацаагүйгээр БНХАУ-ыг тэргүүлэх боломжтой болохоор чармайж түүнийг нь ч ХКН-ын 88 сая гишүүн халуун дотноор талархан хүлээж авч байгаа талаар яригдаж эхлээд байгаа. Энэ бүгд зөвхөн авлигач нартайгаа хатуу ширүүн, энэрэлгүй тэмцэж БНХАУ-ыг үсрэнгүй хөгжлийн маш зөв замаар итгэл төгс удирдаж байгаагийн л шагнал нь юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд ч ийм замыг сонгох, ийм замаар итгэл төгс урагшлах бүрэн боломж нээлттэй байна. Харин хэлсэн үгэндээ эзэн болж, алгуурлалгүй шударга ёсны төлөөх тэмцлээ эхлүүлэх хэрэгтэй байна. Цаг алдвал та харин хэн ч биш болж Монголын ард түмэн ч “Бас л нэг худлаа ярьдаг нь байна” хэмээгээд түүхийн тавцангаас арчин хаях болно. Үүнийг л бодож ажлаа яаралтай эхлүүлэх хэрэгтэй санагдана.
Д.Түвшин
24tsag.mn
URL: