Болор гавлын гайхамшигт нууцууд

27752019_390391611388468_9125483807837254843_nДэлхийн төгсгөл ойртож байгааг үзмэрч, зурхайчид нотолж, эрдэмтэн мэргэд үгүйсгэхгүй байгаа ч сүйрэл нь дөхсөн гэх энэ цэнхэр гариг дээр хүн төрөлхтний тайлж амжаагүй зүйл олон байна. Жишээ татахад, эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд Үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор хохимой энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эрдэмтэд одоогоор эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн Үхлийн бурхад Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий. Гэхдээ бас яг ч 13 биш, түүнээс олон хохимой олдсон гэх аж. 1927 онд Төв Америкийн “Болор“ хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын өвс ургамлыг шатаан цэвэрлэсэн байдаг юм. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагvй дүр зураг тодорчээ.

Хуучин хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч ирлээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо. Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод бяцхан охин Аннагаа авч явахаар шийдсэн байна. Энэ бол 1927 оны дөрөвдүгээр сар буюу Анна яг 17 нас хүрсэн жил байлаа. Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хvний толгойн хэмжээтэй, цэвэр уулын болроор хийсэн хохимой байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв. Гурван сарын дараа Анна хохимой олсон газрын ойролцоогоос гавлын доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжээ.

Энэ бол Үхлийн бурхдын анхны олдвор байлаа.  Анна энэхүү гайхамшигт олдвороо шөнө унтахдаа орныхоо толгой дээр тавиад нойрсдог байв. Гэтэл тэр үеэс эхлэн охин шөнөжингөө зүүдэлдэг болж, олон мянган жилийн өмнө амьдарч асан индиан омгийнхний аж төрөл, дайн тулааныг яг кино vзэж байгаа шиг харах болсон аж. Анна өглөө босоод аав болон бусад хүмүүст зүүдэндээ юу харсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Мөн охины зүүд юутай холбоотой болохыг эхлээд хэн ч тааварласангүй. Таахыг ч оролдох хүн байсангүй. Охин зарим өглөө юу ч зүүдэлсэнгүй гэж хэлнэ. Харин Аннагийн аав охиноо ийнхүү эртний индиан омгийнхний амьдралыг дахин дахин үргэлжлүүлэн зүүдлэх болсонд нэлээд гайхаж байлаа. Гайхаад зогссонгүй Аннагийн зүүд тэрхүү болор хохимойтой холбоотой юм биш биз гэх хардлага яагаад ч юм төрж эхэлсэн байна. Учир нь Анна болор хохимойг орныхоо толгой дээр тавиад хоноход зүүд үргэлжилдэг, өөр газар тавиад хонохоор огт зүүдэлдэггүй тайван амгалан нойрсдог болохыг тогтоожээ.

Аннагийн зүүд яг л олон ангит кино шиг байдаг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна үйл явдал хоорондоо маш нарийн уялдаа холбоотой өрнөнө. Түүний зүүдэнд одоогоос 1000 жилийн өмнө амьдарч асан индианчуудын нэгэн зэрлэг омгийн түүхэнд тэмдэглэгдэж, эрдэмтдийн хараанд өртсөн амьдралаас гадна урьд өмнө огт дуулдаж, сонсогдож байгаагүй үйл явдлууд орж ирдэг болжээ. Энэ үеэс эрдэмтэд охинд анхаарлаа хандуулж, Аннагийн зүүдийг хамт манах болсон аж. Хачирхалтай нь нойрсож байгаа Аннагийн толгойд хохимойг ойртуулахад тэрбээр гэнэт зүүдэлж, холдуулмагц жигд амьсгалан тайвнаар унтаж байжээ. 1960 онд Анна аавыгаа нас барсны дараа болор хохимойг шинжлэх ухааны эрдэмтдийн гарт өгөхөөр шийдэв. Энэ нь оновчтой шийдвэр болсон төдийгүй хохимойг судлах ажилд хамгийн түрүүнд урлаг судлаач Фрэнк Дортланд гэдэг хүн ханцуй шамлан орсон байна. Тэрбээр удалгүй орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор хохимой нь хүний гараар бүтээгдээгүй гэдгийг нотолсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг батлаад өгч. Ингээд эрдэмтэд дахин нарийн судалгаа хийхийн тулд тухайн үд кварц судлалаараа тэргүүлж байсан “Хьюлетт-Паккарт” пүүсийн шинжээчдэд хохимойг хүлээлгэн өгсөн байна. Гэтэл эрдэмтдийг урьд өмнөхөөсөө илүү цочоосон гэж хэлж болохоор гайхмаар үр дүн гарч эхэлсэн байна. “Хьюлетт-Паккарт” пүүс энэхүү болор хохимой нь Америк тивд анхны хvн суурьшихаас өмнө бүтээгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Мөн болор хохимой олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй гэдгийг батлав. Хамгийн сонирхолтой нь энэхүү хохимой нь 5,13 кг жинтэй, 125,4х203.4 мм байсан нь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагүй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ.

Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай өгүүлцгээжээ. Болор хохимойг гэрэлд тавиад харахад цаад талынх нь юмс яг цонхны шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг үзэгддэг гэнэ. Түүнээс гадна энэхүү хамгийн хатуу болроор хийсэн гавлыг чухам ямар багажаар, яаж урлан бүтээснийг “Хьюлетт-Паккарт” пүүсийнхэн тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ энэ гавлыг механик аргаар хийгээгүй, ийм аргаар урлан бүтээхэд лав л 100 орчим жилийн хугацаа шаардах болно гэдгийг судалгаанд оролцсон бүх эрдэмтэн баталсан байна. Эдүгээ уг хохимой нь Америкийн индианчуудын музейд хадгалагдаж байгаа бөгөөд сонирхсон хэн ч очиж үзэх боломжтой гэнэ. Гэхдээ болор гавал хүн төрөлхтөнд олдсон цорын ганц олдвор биш юм. Тухайлбал эдүгээ эрдэмтэд энэ олдворыг дээр өгүүлсэн эртний индианчуудын vлдээсэн Үхлийн бурхдын хамгийн эхний олдвор гэж үздэг. Харин энэ үеэс хойш олдсон болор хохимойн дийлэнх нь хийц чанараараа Аннагийн олсонтой дүйцсэнгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий нэлээд олон эрдэмтэнд гэнэт сонин бодол төрсөн байна. Тэд энэхүү болор хохимойг ямар хүнээс загвар болгон авсан байна вэ гэдгийг тогтоохоор шийджээ. Тэгээд юуны өмнө Аннагийн олсон хохимойг Нью-Йоркийн цагдаагийн газрын криминалистикийн лабораторид өглөө. Гэтэл уг хохимойг эмэгтэй хүний толгойноос загвар болгон авсан байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн үүний дараа бусад улс орнууд ч өөрсдийн олсон болор хохимойнуудаа ээлж дараалан шинжилгээнд хамруулж, эрэгтэй, эмэгтэй аль хүний толгойноос эх авсныг нь тогтоосон байна. Харин зарим эрдэмтэд эдгээр хохимой нь эрт дээр vед манай дэлхийд амьдарч асан харь гаригийн хүний гавал биш биз гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг.

Хамгийн сүүлд 1994 оны өвөл АНУ-ын Колорадо мужийн Крестано хотын ойролцоох эдлэн газраас болор хохимой олдсон байна. Уг эдлэнгийн эзний эхнэр мориор зугаалж яваад гялгар зvйл наранд солонгорохыг харсан аж. Тэрбээр сониуч зандаа хөтлөгдөн уг зүйлийг аваад үзтэл шил хайлуулан хүний хохимой толгой цутгаж байгаад дараа нь түүнийгээ базаад эв хавгvй болгосон гэмээр дүрстэй байв гэнэ. Түүнийг нь хожим эрдэмтэд судлаад үзтэл Аннагийн олсонтой ижил болор хохимой байх нь тэр. Харин яагаад ингэж базаад хаячихсан мэт мушгиж орхисныг өнөөг хүртэл хэн ч тогтоож чадсангүй. Харин эдгээр хохимой олдсон газарт хэдэн зууны турш хар гаригийн хөлөг үзэгдсэн гэх яриа амнаас ам дамжин ирсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тэрчлэн бусад мужаас ялгаатай нь энэ хотын мал сүрэг чухам юунаас гэмтсэн нь тодорхойгүй айхтар бэртэх нь элбэг тохиолддог гэнэ.  Эдүгээ харь гаригийнхны оюуны санааны хүрээнд манай дэлхийтэй харьцах радио дамжуулагчийн үүргийг эдгээр болор хохимой гүйцэтгэдэг байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглал нэлээд шуугиан тарих боллоо. Франц, Их Британи, Америкт олдсон хохимойг гартаа атган унтсан хvн хар гаригийн гэмээр ч юм шиг, эсвэл өвөг дээдэс маань гэмээр хүмүүстэй уулзан ярилцаж, тэр ч бүү хэл хүсэл мөрөөдлөө хэлэхэд хожим биелж байсан тухай яриа сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа эдгээр хохимойг хувьдаа эзэмшигч нас барсны дараа тэр нь ор сураггvй алга болдог явдал таагдашгүй оньсого болон үлдсэн юм. Мөн хүслийг биелүүлэгч гэж хэлж болохоор нэгэн болор хохимойн эзэн Хосе Индикез 1993 онд нас барахад эрдэмтэд гэрээс нь хохимойг хайгаад олоогүй гэдэг.

Ерөнхийдөө ийм маягаар болор хохимойн нууцыг тайлах ажил ид өрнөж байна. Ингэхэд болор хохимойг эртний өвөг дээдэс чухам юунд, ямар зорилгоор ашиглаж байсан нь сонин. Энэ талаар мөн л янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Төвдийн нэгэн ламаас олдсон “Макс” нэртэй хохимойг зөвхөн өвчин анагаах зорилгоор ашигладаг байсан хэмээн түүнийг худалдаж авсан шинэ эзэн Жон Паркс хэмээх эрдэмтэн ярьсан байх аж. Болор хохимой хүний сэтгэхүйд нөлөө үзүүлдэг гэж ярьсан хүн ч олон байх юм. Мөн болор хохимойтой харьцаад өвчин нь эдгэрсэн, эсвэл бүр эсрэгээр дордсон хүн ч цөөнгүй бололтой. Харин хамгийн хачирхалтай нь эдгээр болор хохимойг дэргэдээ тавьж унтсан хэн боловч Анна шиг эртний хүмүүс ёс заншлаа хэрхэн гүйцэтгэж байгааг яг л кино шиг зүүдэлдэг нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татсан хэвээр. Мөн бүх болор хохимойг шилэн дээр тавиад эгц доороос нь гэрэл тусгахад хоёр ухархайгаас нь яг л машины урд гэрэл асч байгаа мэт хурц гэрэл цацардаг нь гэрлийн хугарал судалдаг эрдэмтдийн толгойн өвчин болж байна. Тэгээд ч эдгээр болор хохимойнууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон гэж бодохоор бүүр ч сонин. Үхлийн бурхны 13 болор хохимой бие биеэ байнга харж байдаг тухай эртний индианчуудын домог бас нэгийг хэлдэг аж.

Тэдгээр болор хохимойг гэртээ хонуулсан нэлээд олон хүн шєнє янз бүрийн араатан амьтан архирах мэт чимээ гарсан гэлцдэг нь эрдэмтдийн сонирхлыг татдаг байна. Сүүлийн үед болор хохимойн араас зөвхөн эрдэмтэд ч биш үл мэдэгдэх хүмүүс ангуучлах болсныг хууль хяналтынхан илрүүллээ гэх мэдээ ч мэр сэр гарах болсон. Гондураст гэхэд Аннагийн олсноос дутахааргvй үнэ хүнд бүхий нэгэн болор хохимой олдсоныг үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан тухай мэдээ байдаг. 1943 онд Бразилийн нэгэн музейд бүлэг хулгайч нэвтрээд баригдсан бөгөөд тэд болор хохимойг хулгайлахаар Германы ’’Аненербе’’ хэмээх байгууллагаас илгээсэн хүмүүс болохыг нь тогтоосон. Германы тусгай албад болор хохимойг сонирхсон нь тухайн үед тус улсын хууль хяналтынхны сонирхлыг татаж байсан ч тэгсхийгээд мартагдсан гэдэг юм. Харин нэлээд хожим германчууд зөвхөн Бразилд ч биш Азийн бусад олон оронд болор хохимойн эрэлд элч төлөөлөгчөө илгээж байсан баримт бий гэлцдэг. Мөн Монголд ийм болор хохимой бий гэсэн гадаадын эрдэмтдийн мэдэгдэл бидний сонирхлыг татахгүй байхын арга алга аа.
13 Алмазан гавал
Дэлхий дээрхи Болор гавлын олдвор Эртний Азтек, Инк, Майя омгийнхны соёл иргэншил тархаж байсан нутаг болох өдгөөгийн Мексик, Төв, Өмнөд Америк тивээс ихэвчилэн олддог. Эдгээр гавлууд нь шинжлэх ухааны үүднээс 1000 жилийн настай байх магадлалыг эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Болор гавлыг чухам хэдийд бүтээсэнийг тодорхойлох бэрхшээлтэй байдаг. Учир нь Кварцйн насыг тодорхойлох аргагүй бөгөөд радио нүүрс усны аргыг энэ тохиолдолд ашигладаггүй аж. Анхны гавал 1924 онд Юкотан хойгийн ширэнгэн ойн дундах эртний Майя омгийн Лубаатун хотын балгаснаас олдсон ба архелогич Ф.А.Митчелл Хежес олсоныг түүний нэрээр уг Болор гавлыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Уг гавлыг 1960 онд урлаг судлаач Ф.Дорланд нарийн судалгаа хийж 152,4х203,2х152,4 см хэмжээтэй 5,13 кг жинтэй болохыг тогтоосон байна. Мөн гавлын арын хэсэгт призм, сувгийн систем байгааг илрүүлсэн байна. Энэхүү системийн ард лаа болон бусад гэрлийн эх үүсвэрийг тавихад гавлын нүдний суурь нүхэнд гэрэл гарах аж. Тэгэхээр баяр ёслолд зориулан бүтээсэн байх магдлалыг тэрээр дэвшүүлжээ. Түүнийг бүтээсэн гадаргуйд металл зүйлээр боловсруулсан ул мөр байхгүй, нууц нь бидэнд өвлөгдөөгүй, өнгөлгөөний өтгөн байж болох ба хамгийн энгийн тооцоогоор Индианчууд ийм аргаар өнгөлөхөд 300 жилээс доошгүй хугацааг шаардах аж. Ганцхан гавалд мөн их хугацааяа….. Ф.Дорланд 1970 онд уг гавлыг Кварцын үүсгүүр үйлдвэрлэлтээр тэргүүлдэг “Хьюлетт-Паккарт” фирмийн мэргэжилтэнүүдэд үзүүлсэн аж. Фирмийн инженер Л.Барре: “Бид гавлыг гурван дурангийн тэнхлэгээр судлахад 3-4 ургацаас бүтсэн, нэг цул болроос доод эрүүний хамт тасдан авсан байна. Моосын шаталбараар болор болон бусад алмаз төрлийн дараа ордог хатуужилт 7-той тэнцэнэ. Болорыг алмазаас өөр юу ч дийлэхгүй боловч эртний хүмүүс үүнийг чадаж доод эрүүг толгойтой холбон өлгөж өгсөн нь үнэхээр гайхалтай. Хутганы толгойгоор дарахад бяцрах тул эртний хүмүүс таслах явцад ямар нэгэн металл зүйлээр хөндөөгүй байна” гэсэн байна.

Харин экспертүүд “Ийм зүйл энэ ертөнц дээр байх ёсгүй, түүнийг бүтээгч криссталлограф болон тэгш хэмийн тэнхлэгийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс үүнийг бүтээх боломжгүй, учир нь боловсруулах явцад бяцран унах учиртай” хэмээсэн нь “харь гарагийханы бүтээл” хэмээх далд санааг агуулсан байдаг. Энэхүү санаа нь “Michell Hedges” гавлын дотор сансарын голограмм харагдаж нэг илэрч, нэг алга болж харсанаас үүдэлтэй аж. Болор гавлын эрэл үргэлжилсээр………

Кварц нь хамгийн их тархсан эрдсийн нэг боловч түүнийг эрдэнийн чулууны ангиллаас хасаж болохгүй юм. Түүнтэй ижил тийм гоё ягаан өнгөтэй өөр чулууг олоход бэрх. Шар өнгөтэй кварц болох цитрин нь молор эрдэнэтэй л өрсөлдөнө. Тийм ч учраас түүнийг молор хэмээн нэрлэж төөрөлдөж ирсэн нь саяхан. Усан болор хэмээн нэрлэгдэх өнгөгүй тунгалаг кварцийг алмазтай андуурах нь ч бий. “Түүнд алмазанд байдаг гэрлийн тоглолт бараг байдаггүй”.
Кварц нь пегматит, гидротермаль гаралтай байх бөгөөд түүний үндсэн ба шороон орд байдаг. Дээр дурдсанчлан өнгөөр нь нилээн хэдэн хэсэгт хуваах ба үйлдвэрт ашиглах зориулалтаар нь пьезокварц, оптикийн кварц, хайлгах, өнгөлгөөний хэмээн дөрөв хуваана. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд өргөн хэрэглэнэ. Их гоё кварц нь үнэт чулуунд орно.
Кварц нь дэлхийн олон оронд түгээмэл байдаг боловч онц тунгалаг, хав хар, алтан шаргал, ягаан, ногоон кварц харьцангуй ховор байдаг. Монголд кварцыг нэлээд анхаарч судалгаа хайгуулын ажил хийж ирсний үр дунд түүний 4 орд, 30 шахам илэрц олжээ. Манай улсын Төв, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймагт төрөл бүрийн кварц их байдаг. Үүнээс онц тунгалаг кварц Төв аймгийн нутаг Горхи, Зүүнбаянд байсныг эхлээд хятадууд, хожуу Орос, Монголын тал үндсэнд нь олборложээ.Болор пегматит гаралтай чулуунд тэр тусмаа боржинд их байдаг. Болор нь их том хэмжээтэй байх нь ховор бөгөөд Горхиос уртаараа 1 м гаруй, голчоороо 70см орчим олдсон нь дэлхийд том болорын тоонд орох юм. Оптикийн маш цэвэр кварц буюу болорын 1 кг цул блок нь олон улсын зах зээл дээр 1000 доллар хүурдэг гэсэн мэдээ бий. Сайн чанарын болор Бразили, Мадагаскар, АНУ зэрэг олон газраас олддог бөгөөд манай орны хувьд болорын хэрэгцээ улам нэмэгдэж байгаа болон үнэ ихтэйг харгалзан түүнийг нэмж хайх, олборлох, зохих хэмжээгээр боловсруулахад анхаарах хэрэгтэй юм.
Цитрин гэсэн нэр нь латины citirus лимон шар гэсэн үгнээс гаралтай. Цитрин нь байгаль дээр маш ховор тааралддаг. Бүр дундад зууны үеэс аметистийн кристаллийг шатаах замаар түүнийг гаргаж авдаг байсан ба шар молортой андуурах нь олонтоо. Смитсоновын их сургуульд 2258 каратын цитрины талст бий.
Аметист нь маш гоёмсог ягаан, цэнхэрдүү ягаан өнгөтэй байна. Гайхамшигтай үзэмжтэй 3 аметист британийн байгалийн түүхийн музейд байдаг ба 343 каратынхыг нь бразилаас, нөгөө хоёрыг нь Оросоос авчирсан түүхтэй.
Хаш чулуугаар хийсэн гавал Монголоос олдсон нь эдvгээ Канад улсад байна

-Майячуудын бvтээсэн болор гавал тvvнтэй холбоотой юу?-

1927 оны намар Английн судлаач А.Митчелл-Хэжес гэдэг хvн Тєв Америкийн одоогийн Белиз улсын нутаг Лубаантун хэмээх газар явж байгаад туйлын хачирхалтай нэг зvйлийг олжээ. Тэр нь цэвэр болроор vйлдсэн хvний гавал байв. Эмэгтэй хvний гавлыг яг хэмжээгээр нь дуурайлган хийсэн энэ зvйл хvний гараар бvтсэн гэдэг нь огт итгэмээргvй байлаа. Туйлын цэвэрхэн өнгөлсөн энэ гавлын эрүү нь их биетэйгээ холбогддог хэсэг хvртэл яг хүнийх шиг байв. Олсон цагаас нь хойш энэ гайхамшигтай олдворыг олон эрдэмтэн судалсан юм. Гэвч хэн, яаж хийсэн бэ гэдэгт одоо хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрээгvй байна. Орчин үеийн ямар ч өндөр технологиор ийм зүйлийг бүтээх аргагүй юм гэдэгт харин бүгд санал нэгджээ. Хамгийн ултай шинжилгээг 1970-аад онд алдарт “Хьюлетт-Паккард” компани хийсэн юм. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий тусгай лабораторид хийсэн энэ шинжилгээний дvнд уг гавлыг Америк тивийн энэ хэсэгт соёл иргэншил үүсэхээс нэлээд өмнө хийсэн гэж үзжээ.

Гэтэл ийм өндөр чанартай уулын болор тэнд огт тохиолддоггүй байна. Хамгийн гайхмаар нь 5 кг гаруй жинтэй энэ гавлыг нэг бүтэн болроор хийсэн байв. Энэ талаар “Хьюлетт-Паккард”-ын мэргэжилтэн Л.Баррэ ярьсан нь: “Гавлыг бүхэл болроор хийсэн байна. Гэтэл эрүү нь яг хvнийх шиг хөдөлдөг эд шүү дээ. өөрөөр хэлбэл эрүүг нь тусад нь хийгээд гавалд залгачихаагүй, нэг доор хийсэн гэсэн үг. Уулын болор бол асар хатуу эд. Ийм хатуу зүйлээр юм хийлээ гэхэд алмазаас өөр юм дийлэхгүй. Хамгийн гайхмаар нь ийм болор талст бүтэцтэй, дотоод даралттай эд учраас хурц үзүүртэй юмаар хөндлөө л бол бутарчих ёстой. Гэтэл хөндөхөөр барахгvй ийм нарийн юм хийчихсэн байгаа нь туйлын хачирхалтай. Физикийн хууль гэж бий, гэтэл энэ юманд тэр хууль үйлчлээгүй байна” гэжээ. Ямар нэг зүйлээр зүлгэсэн байлаа гэхэд энэ гавал дээр түүнийх нь ул мөр, ганц зураас боловч байсангүй. Хамгийн нарийн микроскопоор үзээд ч олдоогүй гэнэ. Бүр байлаа гээд элсээр өнгөлж хийе гэхэд 300 жил тасралтгүй зүлгэж байж л ийм юм гаргаж авна гэж “Хьюлетт-Паккард”-ынхан тооцжээ. Болор гавлыг ихээхэн нухацтай судалсан Фрэнк Жозеф гэдэг хүн уг гавлыг ямар нэг тодорхой хүний толтойг харж дуурайж хийсэн байж магадгүй гэж үзжээ. Тэгээд гавлаар нь хүний нүүр царайг тодорхойлон гаргадаг Нью-Йоркийн цагдаагийн лаборатори нэг талаас, нөгөө талаас далдыг хардаг гоц чадвартай хэдэн хүн гавлыг хоёр тал болж тус тусдаа судалсан байна. Гэтэл хоорондоо огт холбоогүй ажилласан хоёр талын дүгнэлт яг адилхан, залуухан эмэгтэй хүний гавлыг дуурайлгаж хийсэн байна гэж гарчээ. Тэрхүү эмэгтэйг тиймэрхүү л хүн байсан байх ёстой хэмээн таамаг зураг гаргасан нь ч хоорондоо тун төстэй байсан гэнэ. Митчелл-Хэжесийн хэмээн нэршсэн энэ гавал ганцаараа бус. Болор болон бусад чулуулгаар хийсэн 20 шахам гавал дэлхийн хэд хэдэн орноос олдоод буй. Бидний хувьд хамгийн анхаарал татмаар зүйл бол, тэдгээр гавлын нэг манай Монголоос олджээ. Эрт цагийн гайхамшигт соёлыг бvтээгч майя нарыг эдгээр гавлын гарал, үүх түүхтэй холбон таамагладаг. Гавлын учир начрыг тайлж өгүүлсэн домог майя нарт байсан гэх бөгөөд түүгээр бол нийтдээ 13 гавал энд тэнд буй, бүгдийг цуглуулж чадвал санаснаа бүтээж чадах их хүчийг олно гэдэг гэнэ. Мексик, Бразили, Америк, Франц, Орос болоод манай Монголоос олдсон гавлууд одоо энд тэндэхийн музей, мөн хувийн цуглуулгад бий. Канадад амьдардаг Жоки ван Дийтэн гэдэг холланд эмэгтэйд хамгийн олон буюу 9 гавал бий бөгөөд тэдний дунд манай “монгол” гавал байдаг. Цул хашаар хийсэн энэ гавлыг 1865 онд Баруун Өмнөд Монголоос Хятадын археологич Ен Фо V гэдэг хүн олж авсан гэдэг. Улмаар 1930 онд Данийн шашин номлооч Уткилен V археологичийн үр ач нараас худалдаж авчээ. Харин 1992 онд Уткилений хүүхдүүд “монгол” гавлыг ван Дийтэнд өгсөн ажээ. Ван Дийтэн цуглуулсан гавлаа ер бусын увьдастай гэж итгэдэг. Тархины хавдартай байсан нь гавлаар илсэний хүчээр шимэгдэж үгүй болсон гэнэ. Гавлуудынхаа далдын увидасыг хүртэхийн тулд урдаа өрж тавьж байгаад бясалгал хийдэг тэр нь ч үр дүнгээ өгдөг, наад зах нь л сэтгэл санаа асар ихээр тайвширч, ухаан бодол хачин сайхан цэлмэнэг гэнэ. Дийтэний өөрийн боловсруулсан аргаар гавалтай харьцахад өвчин эдгээдэг ч гэдэг. Түүнийг нь ч эрдэмтэд, учир мэдэх хүмүүс гэрчилдэг аж. Ерөөс гавлууд ямарваа нэг тайлахад бэрх нууцыг агуулж хүмүүст тэр нь янз бүрээр мэдэгдэж байсан жишээ олон. Наад зах нь л болор гавлыг олсон А.Митчелл-Хэжесийн охин Анна нэг шөнө хажуудаа тавиад унттал шөнөжин индиан хүн зүүдэлжээ. Маргааш нь гавлаа хол тавиад унттал тэгсэнгүй. Эргээд дахин гавал өвөртлөөд унттал хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан индианчууд, тэдний амьдрал зүүдэнд нь яг л кино шиг үнэн бодитой үзэгдэж байсан гэдэг. “Монгол” гавлын эзэн Дийтэн 9 гавлаа авч өдгөө дэлхийг тойрон, өөрийн нээсэн эмчилгээний практикаа сурталчилдаг байна, Харин “монгол” гавлын үүх түүх, учир начрын талаар дээр өгүүлснээс илүү тодорхой зүйл өнөө хэр үгүй. Энэ гавал анх олсон хятад эзнээсээ л Shui Ting Er гэдэг нэртэй явсаар ирсэн бөгөөд энд яаж ч үзсэн тэнгэр хэмээх монгол үг байгаа нь учиртай байж мэдэх юм.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа хүний гавлыг аяга, эрхи гэх мэт болгож их хэрэглэдэг байсан бөгөөд уг хаш гавлын олдсон цаг хугацаа нь хутагтын амьдарч байсан үетэй таарч байгаа нь сонин юм. Тэглээ гээд Дийтэнд байгаа гавлыг хутагттай шууд холбон үзэхгүй нь мэдээж хэдий ч, тэрхүү гавлыг хэн чухам яах гэж, бас яаж хийсэн, мөн ертөнцийн нөгөө өнцгөөс гарч ирсэн туйлын учир битүүлэг болор болон бусад гавалтай сайхь олдвор хамаа хэлхээ буй эсэх гэх мэт сэтгэл хөдөлгөм үй түмэн асуулт бидний өмнө тавигдаж буй нь “хэцүү” бөгөөд эдгээр асуултын хариуг хэзээ ч мэдэж чадахгүй нь лав гэж бодоход бүүр ч “хэцүү” санагдана.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=390391738055122&id=253416708419293


URL:

Сэтгэгдэл бичих