“Викиликс” иргэдээ тагнадаг улсуудын баримтыг дэлгэнэ

Алдарт “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж өнгөрч буй долоо хоногт шинэ төсөл гаргаж байгаагаа зарласан. Нууц мэдээллээр мэргэшсэн тус сайт иргэдээ мөрдөхөд нь зориулсан технологи худалддаг компаниудын талаар нийтлэх аж. Энэхүү төслийн эхлэл Ж.Ассанжийн хэргийг Лондоны давж заалдах шүүхээр шийдвэрлэх өдөртэй давхацжээ.

“Викиликс”-ийнхэн “The Spy Files” сайтын нээлтийг зарласнаас нэг долоо хоногийн  дараа 300 гаруй баримт бичиг болон хэвлэлийн материал цацах юм байна. Тэдгээрт янз бүрийн цаг үед иргэдээ мөрдөж, тэдэнтэй холбоотой баримт сэлт дамжуулж байсан 25 улсын 160 компанийн тухай мэдээлэл багтжээ. Энэ бүх мэдээллийг хэрэглэгчийн хайлт, утасны сүлжээ болон цахим шуудангаар олж авч байсан гэнэ. Америкийн  IT чиглэлийн гигант HP компани нэрсийн жагсаалтад шинээр орсон байна. Түүнчлэн Ливийн сөрөг хүчний удирдагчдын араас  мөрдөх үйлчилгээг Муаммар Каддафид үзүүлж байсан Францын “Amesys” багтсан аж.

Ж.Ассанж төслийг танилцуулахдаа “Сүүлийн 10 жил дэлхийд цахим мөрдлөг явуулах бизнес хөгжсөн” гэжээ. Гэхдээ шинжээчдийн хувьд энэ нь гэнэтийн бэлэг болж чадаагүй. Ийм маягийн бизнес үүнээс өмнө байсан бөгөөд зөвхөн хэрэглүүр нь өөрчлөгджээ. Тагнуулын алба олон мянган жил байсаар ирсэн, мөн иргэдийн болон компанийн тухай мэдээлэл цуглуулах нь бизнес хүчээ авсан тэр үед “төржээ”. Ийм маягийн тоо мэдээ сэлтийг  худалдаж авах юм уу, цуглуулдаг байна. Учир нь хүмүүс чадавхитай түншийнхээ ажил хэргийн талаар, хэр найдвартай, төлбөрийн чадвартай эсэхийг мэдэхийг хүсдэг аж.  Тэгээд ч Ж.Ассанж илчилсэн мэдэгдэл хийж, худлаа ярьдаг хэмээн зарим шинжээч үзэж байна. Тэдний өгүүлснээр “Викиликс” хэрхэн байгуулагдсан түүх нь одоо болтол ойлгомжгүй байдаг гэнэ.

Ж.Ассанж  “Викиликс”-ээр дамжуулан төрөл бүрийн  асар их нууц мэдээг цацсанаар Европ болон Америкийн тагнуулын системийг өөрчилсөн билээ. Үүнтэй холбогдуулан тус сайт тусгай албаныхны хэрэгсэл байж магадгүй гэсэн таамаг бий бөгөөд харин ямар албаных гэдэг нь нууц хэвээр.
Шинжээчдийн тодорхойлсноор шинэ нууц дэлгэсэн нь Ж.Ассанжийн өөрийгөө сануулахыг оролдож байгаа явдал гэнэ. Энэ нь түүний хувьд цагаа олсон үйлдэл аж. Энэ сарын 5-нд Лондоны даваж заалдах шатны шүүх Ж.Ассанжийг Шведийн талд өгөх эсэхийг шийднэ. Хэрэв Шведийн талд шилжүүлэхээр болбол түүнийг Стокольмд хүчингийн хэргээр шүүх юм. “Викиликс”-ийг үндэслэгч саяхан “Хотыг  эзэл” хэмээх Лондоны хөдөлгөөний идэвхтэнүүдийг  дэмжих зорилгоор тэдэнтэй уулзсан байна. Үүнийг шинжээчид Ж.Ассанж өөрийгөө сурталчлах асар туршлагатайгаа хүмүүст харууллаа хэмээн дүгнэжээ.

Нэмж хэлэхэд, Ж.Ассанжийн шинэ нууц төслийг хэн ч хаахыг завдаагүй нь хачирхалтай.  Түүний сайт АНУ-ын дипломат, тагнуулын  нууц мэдээллүүдийг их хэмжээгээр нийтэлснийхээ дараа нэрд гарсан юм. Сүлжээгээр 260 мянган нууц баримт сэлт нийтлэгдсэний дараа Вашингтоны тал мөрдөх ажлаа эхэлсэн. Үүний дүнд “Викиликс”-д  мэдээлэл өгч байсан 22 настай Америкийн цэргийн  шинжээч Бредли Мэннингийг баривчилж, хорьжээ. Түүний шүүх хурал энэ сарын 16-нд болно.

Орчуулагч-сэтгүүлч Д.Түвшинтөр time


URL:

Сэтгэгдэл бичих