ГАДНЫ ИРГЭД МОНГОЛЧУУДЫН ГЭНЭН ИТГЭМТГИЙ ЗАНГ АШИГЛАН ЛУЙВАР ХИЙХ БОЛЖЭЭ
1960-аад оны эхээр компьютерыг арилжааны зорилгоор ашиглаж эхэлсэн үеэс кибер гэмт хэргийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Энэ цаг үеэс хойш цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо борооны дараах мөөг шиг цар хүрээгээ тэлж улс үндэстэн дамнах болсон нь анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй.
Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн хохирогчид манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсоныг цагаадгийн байгууллагаас анхааруулж буй. Ялангуяа гадны иргэд олон улсад “419 залилан”, “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн захидал” гэж нэршсэн цахим шууданг ашиглан луйвар хийх болжээ. Монголчуудын гэнэн итгэмтгий зан, мөнгө олох, мөнгөө өсгөх гэсэн хүслийг далимдуулан их хэмжээний эд хөрөнгөөр хохироож ашиг олох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Саяхан манай улсын нэр бүхий иргэнийг Франц улсын иргэн Сatherine гэх нэрээр залилсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Тэрээр манай улсын иргэнд Morandcathenicole@gmail.com хаягаар холбогдон жилийн хоёр хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10.000-900.000 еврогийн зээл олгоно гэж итгүүлсэн байна. Ингээд зээлийн төлбөр гэж 28.000 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2015 онд 7 иргэн, аж ахуйн нэгж хохирсон бол 2016 онд 4, өнгөрсөн онд ес болж өсчээ. Иргэдэд нийт 800.134 ам.доллар, 20.700 евро, 100 сая төгрөгийн хохирол учирчээ.
Хохирсон иргэд залилагч этгээдийг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, зүс царайгаа харалцаагүй, уулзаагүй хэрнээ арганд нь ордог гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв. Энэ магадгүй иргэд бодит амьдрал дээр сугалаанд оролцоогүй мөртлөө хонжвор таарлаа гэхэд итгэдэг зангийг нь ашигладаг бололтой. Иймд та фэйсбүүкээр элдэв сонжоо, зээл олгоно гэсэн зард итгэхгүй байхыг зөвлөе.
URL: