Шинэ журам ломбардуудыг цэгцэлж чадсангүй

222311-26022018-1519620834-730626667-ломбХөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа банк бус санхүүгийн байгууллага хувьцаагаа олон нийтэд арилжаалах гэж байна. Өнгөрсөн лхагва гарагт Монголын хөрөнгийн биржид IPO хийсэн “ЛэндМН” бол технологид суурилсан бизнес моделийг нь эс тооцвол жирийн л нэг ББСБ. Бичил санхүүгийн зах зээлд багтах энэ ББСБ тэр бүр компанийн давдаггүй

Монголын хөрөнгийн биржийн амаргүй шалгуурыг хангаж, хөрөнгийн зах зээлд хөл тавилаа. Бас болоогүй, энэ зах зээлээс таван тэрбум төгрөг халааслахаар зэхэж байна. “ЛэндМН”-ийн үнэт цаасны андеррайтар Mirae Asset Securities Mongolia компаниас мэдээлснээр хувьцааны захиалга идэвхтэй байгаагаас үзвэл Монголын хөрөнгийн зах зээлээс хүссэн санхүүжилтээ ядах юмгүй татаж чадах нь. Бичил хэмээн бидний нэрлэдэг санхүүгийн зах зээлийн жижиг тоглогчид сүүлийн жилүүдэд улам томорч, өсөн дэвжсээр. Гэтэл ББСБ-тай нэг ангилалд багтах зарим тоглогч өсөн өндийх нь бүү хэл системээрээ ялзарчихсан явна. Энэ зах зээлийн нэг гол тоглогч болох ломбардуудын үйл ажиллагаа хэрээс хэтрээд удлаа.

Үйлчлээд удаагүй шинэ журам цаасан дээр үлдэж мэдэхээр байна

Гудамжны булан тохой бүрт салбараа нээж, Монголын хот суурингуудыг үл үзэгдэх тороор хэрсээр байгаа эдгээр бичил тоглогч “Биднийг хэн ч хянадаггүй” гэсэн шиг дураараа дургиж, ядарсан, мөнгө яаралтай хэрэг болсон иргэдийг хүүлж, олон монгол хүнийг өрийн хэлхээнд хүлсээр байна. Монголын төр 30-аад жил ломбардуудын толгойг илж, тодорхой журам, тогтсон байгууллагын хяналтад оруулаагүйгээс эдгээр хүүлэгч эмх замбараагаа алдчихаад байгаа.

Манай сонин ч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбардууд дүрэм журамгүй зохицуулалтын цоорхойд хэрхэн буглаж, эрээ цээрээ алдаж буйг хөндөн, цуврал хэд хэдэн сурвалжилга, нийтлэл хүргэсэн. Эдгээр нийтлэлийн дараагаас ломбардтай холбогдсон дүрэм журмыг холбогдох байгууллагууд шинэчилж эхэлсэн. НЗДТГ, нийслэлийн Цагдаагийн газар, Стандарт хэмжилзүйн газар, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, ШӨХТГ-аас хамтран барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд тавих журмыг шинэчилсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ломбардуудад хамаарах энэ журмыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон юм. Уг журамд зах замбараагаа алдсан занхгар ломбардуудыг чиглэсэн хэд хэдэн заалт багтсан.

Тухайлбал, “MNS 5274-2017” стандартад ломбардууд шөнө оройгоор бус зөвхөн ажлын цагаар ажиллах. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, хотын хөдөлгөөн ихтэй бүсэд үйлчилгээ явуулахыг хориглох. Ломбардаар дамждаг хулгайн эд зүйлийг таслан зогсоохын тулд нэгдсэн мэдээллийн сан боловсруулж цахимжуулахаар тусгасан байдаг. Учир нь тайлан тооцоо нь ихэвчлэн далд байдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд жилд дунджаар 30 гаруй тэрбум төгрөг эргэлддэг.

Үүний 7-8 тэрбум нь хулгайн эд зүйл байдаг аж. Гэвч энэ чихэнд чимэгтэй журам үйлчлээд бараг хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байгаа ч хэрэгжилт нь сул хэвээр. Дийлэнх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч уг журмыг хэрэгжүүлэх нь бүү хэл сонсож, дуулаагүй явна. Энхтайваны өргөн чөлөө буюу бидний нэрлэж заншсанаар МУБИС-ийн автобусны буудлын дэргэдэх “Хурд II” ломбард эрхлэгч уг журамтай танилцаагүй. “Зурагтаар шинэ журмын талаар мэдээ сонссон.

  • Үйлчлээд бараг хоёр сар өнгөрөх гэж байгаа ч журмын хэрэгжилт нь сул хэвээр.
  •  Манай сонины нийтлэлийн дараагаас ломбардтай холбогдсон дүрэм журмыг шинэчилж эхэлсэн.
  • Дийлэнх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч уг журмыг хэрэгжүүлэх нь бүү хэл сонсож, дуулаагүй явна.

Гэхдээ үзэж, хараагүй” хэмээн тус ломбардад суугаа залуу бүсгүй хэлэв. Бид энэ орчмын хэд хэдэн ломбардыг зориход нөхцөл байдал яг адил байлаа.  Учир шалтгааныг холбогдох байгууллагуудаас асуулаа. Гэвч хэрэгжүүлэхийг шаардах, хяналт тавих учиртай байгууллагууд арьсаа хамгаалсан, бие бие рүүгээ чихсэн хариулт хэлж байна.

Дур зоргоороо авирладаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнүүдэд улаан гэрэл болох шинэ журам хэрэгжиж эхлээгүй байна.

Тухайлбал, холбогдох шинэчлэлийн хүрээнд хулгайн эд зүйл дамжуулахыг таслан зогсоохын тулд цахим мэдээллийн сан үүсгэхээр болсон. Энэ сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хэрэгжилтийг хангах үүргийг нийслэлийн Цагдаагийн газар болон Үндэсний Дата төв хариуцахаар болсон. Цагдаагийн байгууллагаас харьяа дүүргийн ломбардуудад хяналт, шалгалт хийж, холбогдох техник хэрэгслээ бэлдэхийг сануулснаа Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлэв. Гэвч өнөөг хүртэл нэгдсэн систем идэвхжээгүй л байна.

Тэрчлэн ломбардууд “биднийг хэн хянахав” гэсэн шиг үүргээ гүйцэтгэж яваа албан хаагчдыг тоодоггүй болохыг зарим нь учирлав. Үүнээс гадна цагийн хуваарь, үйлчилгээний чанарыг сайжруулахад харьяа дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран ажиллах үүрэгтэй. Гэвч “Бид хэлтэс хянаж, шалгах үүрэгтэй байгууллага биш. Манай мэргэжилтнүүдэд торгох эрх байхгүй. Харин аль болох иргэд үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Бид дээрээс өгсөн стандарт, шаардлагыг тавьдаг. Гэхдээ стандарт бол хууль биш.

Материалаа бүрдүүлээд ирсэн хуулийн этгээдэд үгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй” гэж Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн хэлж байв. Ингэж хяналт тавих, сурталчлах үүрэгтэй холбогдох байгууллагууд үүрэг хариуцлагаас хөндийрөн, чиг үүргээ бие бие рүүгээ чихснээр итгэл дагуулж байсан дүрэм журам хөсөр хаягдахад хүрээд байна. Энэ зуур бичил санхүүгийн бизнес эрхлэгчид зохицуулалтын шинэчлэлийг тоолгүй том толгойлж, иргэдийг ч, албаныхныг элэг барьж сууна.

Уг нь энэ чиглэлийн зохицуулалтыг цэгцлэх, мөнгө хүүлэгчдийн хүлээсийг суллах, монголчууд сул чөлөөтэй амьсгалах боломж олгох алхмуудыг албаныхан 2014 оноос хойш хийх гэж оролдож байна. Гэсэн ч нүдээ олсон дүрэм журам баталсан ч хэрэгжилт нь одоогийнх шиг үлбэгэр, сул байснаас цаг хугацааны эрхэнд мартагдаж, завхарсаар өнөөгийн нөхцөлд байдалд хүргэчихээд байгаа юм. Энэ жишгээр бол үйлчлээд удаагүй шинэ журам ч цаасан дээр үлдэж мэдэхээр байна. Төрийн тогтоосон хууль журманд тоомжиргүй ханддаг даврагсдад даруулга гэдгийг мэдрүүлж, дүрэм журам сахиулахын тулд холбогдох байгууллагууд тууштай ажиллах шаардлагатай байна.

Г.Байгаль

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих