МАН, МАХН-ын хооронд хэлцэл эхэлжээ
МАХН хэмээх ерэн жилийн түүхтэй нам “шинэчлэл” дор нэрээ сольж, МАН болсноос хойш тэдний араас нэгэн айдас дагах болсон нь МАХН хэмээх Н.Энхбаярын нам юм. МАХН-ын орон зайг МАН-тай булаалдаж яваа МАХН нэрээ албан ёсоор бүртгүүлэхээсээ ч өмнө ах намын рейтингийг хувааж эхэлсэн. Энэ янзаараа ирэх сонгуулиар МАН-ын саналыг хувааж мэдэх МАХН-тай эвсч оролцох нь эрх баригч намд ээлтэй гэдэг нь ойлгомжтой болсон юм. Тэгвэл МАН, МАХН эвсэх нь ч тодорхой болж байх шиг байна. Тус хоёр намын удирдлагуудын хооронд энэ талаар яриа хэлцэл эхэлсэн, Н.Энхбаяр, С.Батболд нар уг асуудлаар уулзаж ярилцсан мэдээлэл байна.
Ингэхдээ Н.Энхбаяр Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг дуудаж уулзсан бөгөөд хоёр нам эвсч, сонгуульд оролцох тохиолдолд 10 суудлыг МАХН өгөх хувилбар яригдсан бололтой. Юутай ч олон хүний таамаглаж байсанчлан МАН, МАХН хамтран нэг хүн болж сонгуульд оролцохоор шамдаж байгаа нь тодорхой аж. Харин суудлын тоо, хоорондын өгөө аваа нь ямар нөхцөл болзолд хүрэх нь л хараахан тодорхойгүй гэнэ.
Улс төрийн намуудын рейтинг тогтоох судалгаагаар Ардчилсан нам нэгдүгээрт, МАН хоёрдугаарт, МАХН гурваас зургадугаарт эрэмбэлэгдэх болсон. Харин МАН, МАХН нэгдсэн тохиолдолд тэдний саналын хувь АН-ын рейтингээс өндөр болж байгааг олон судалгаа харуулж буй юм. МАН араасаа дагаж буй МАХН хэмээх айдастайгаа тэврэлдэж чадвал Ардчилсан намын өмнө маш том сорилт, хана хэрэм босч байна гэсэн үг.
URL: