АТГ-ын дарга агсан Б.Дангаасүрэнгийн дүү Б.Дансал дэлхийн хүний эрхийн байгууллагт хандахаар болжээ
“Өдрийн шуудан”: Одоогоос яг гурван жилийн өмнө АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Дангаасүрэн Австралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Түүний үхэлтэй холбогдуулан Б.Дангаасүрэн агсны төрсөн дүү Б.Дансал Дэлхийн хүний эрхийн байгууллага, Азийн хүний эрхийн хороонд хандахаар болсон байна. Учир нь цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаад хоёр жилийн өмнө Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон юм. Б.Дангаасүрэн агсны төрсөн дүү Б.Дансал Улсын ерөнхий прокурорын газарт тэр дариу гомдол мэдүүлж хэргийг сэргээх хүсэлтээ илэрхийлсэн ч УЕПГ-аас “Австралийн цагдаагийн газраас хэргийн мөрдөн байцаах ажиллагааг хаасан. Хэрэгсэхгүй болгосон гэсэн мэдэгдэл ирүүлсэн тул хэргийн дахин сэргээх боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн байна. Тэрбээр УЕПГ-ын удирдлагууд солигдсонтой холбогдуулан өнгөрсөн наймдугаар сард тус прокурорын газарт хэргийг сэргээх хүсэлтээ дахин хүргүүлсэн ч боломжгүй гэсэн хариу өгчээ. Ийнхүү хэргийг сэргээх хүсэлтийг нь хүлээн аваагүй тул олон улсын хүний эрхийн байгууллагт хандахаар шийдсэн байна. Тэрбээр ах Б.Дангаасүрэнгийн үхлийн шалтгааныг гадны ямар нэгэн нөлөөтэй хэмээн тайлбарладаг. Учир нь түүнийг амь насаа алдсаных нь дараа эмнэлгийн задлан шинжилгээгээр гурван хавирга нь хугарсан байсан нь тогтоогдсон юм.
Т.Амур
Зохиогчийн эрх:
URL: