Хогон дундах Чингис хаан ба ойлголтоо цэгцлэх цаг
Монголчууд бид Япончуудад Чингис хаанаа доромжлуулаад бөөн юм болж байна. Японд ажиллаж, сурч байгаа монголчууд Их хааныг доромжилсон комик номыг гаргасан компаний гадаа жагсаал хийлээ. Сошиал сүлжээгээр энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлэх хүн ч олон байна.
Энэ бүхэн сайн хэдий ч бид өөрсдийн оюун ухаан, ухамсарт өөрчлөлт хийхгүй бол өөрснөө Их эзэн Чингис хаанаа байнга доромжилж, гутаасаар ирснийг бас санах хэрэгтэй.
Монголчууд бид II мянганы суут эзэн Чингис хаан минь гэж хэн бүхэн цээжээ дэлдэх ч үнэн хэрэг дээрээ Чингис хаанаа хог руу чулуудчихдаг л ард түмэн шүү дээ.
Монголчуудын хамгийн өргөн хэрэглээ болох архи үйлдвэрлэгч компани бүр ашиг орлогыг гол болгон архиндаа Чингис нэр өгч, хаяг шошгыг хааныхаа зураг нэрээр чимэглэдэг.
Харин түүнийг нь уусан бид Их хааныхаа зураг, нэр бүхий шилийг элдвийн хог новштой холиод шидчихнэ. Ийм байдал тэртээ 1990-ээд оноос хойш одоо бараг 30 дахь жил рүүгээ дөхөж байгаа гээд бодохоор харамсалтай.
Монгол түмнийг архины хорт зуршилд живүүлэгч компани “Соёмбо”-ыг хүртэл архины нэр болгож, шошгондоо наасан. Ингээд Монгол улсын төрийн сүлдэнд байдаг соёмбо маань ч хог дээр олноороо хэвтэх болсон.
Энэ тухай Чингис, Чингис хэмээн цээжээ дэлдэгч нарын хэн нь ч үл дуугарна. Жил бүр өөр өөр өдөр төрсөн өдөр нь тохиодог дэлхийн цорын ганц хүн бол мөн л Их Эзэн Чингис хаан бөлгөө.
Ноён Ц.Элбэгдорж санаачлан дорнын зурхайн ёсоор Чингис хааныг өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн хэмээн тогтоосон. Гэтэл өвлийн эхэн сарын шинийн нэгэн гээч нь жил бүр өөр өөр өдөр тохионо. Тиймээс л төрсөн өдөр гэхэд эргэлзээтэй инээдтэй санагдана.
Сая хаврын тэргүүн Сар шинийн нэгэн өнгөрлөө. Харин шинийн наймны өдөр манайхан олноороо түүхт хайрханууд, шүтлэгт хад чулуу овоонуудаа зорьж эргэл мөргөл хийн түүнийгээ сошиалаар олонд хүргэцгээлээ.
Энд мөнөөх л хог.
Эзэн Чингис хааныг хэдэнтээ аварсан түүнээс хойш үеийн үед тахигдан шүтэгдэж ирсэн Бурхан Халдун хайрхан руу очиж эргэл мөргөл хийгчид гэхэд л дунд овооноос цааш явахгүй байх зарлигийг зөрчихөөс эхлээд тахилгат Их хайрханыг хогоор булсан тухай олонтаа бичигдэж байна.
За тэгээд Хөвсгөлийн Даян дээрхийн агуй, Сүхбаатарын Шилийн богд, Алтан-Овоо гээд л хаа сайгүй хог хөглөрч түүн дотор Чингис хааны хөрөг бүхий шилнээс эхлээд түүний дүртэй мөнгөн дэвсгэрт олноороо хэвтсээр байна.
Г.Хуяг
GEREG.MN
URL: