Будда хэрэгтэй юу?

f5820a67f7b2f70fbig- Хэрэв
. эхнэр хүүхдээ өндөр настай ээж аавдаа даатгаж орхиод,
. эцэг эхээс өвлөж авсан эд хөрөнгөө (өөрөө олж цуглуулаагүй байж) ядууст тарааж өгчихөөд,
. төрийн өндөр албан тушаалаас татгалзаж, ажил албанаасаа гарч, бусдын өмнөөс хариуцлага үүрэхээс зайлсхийгээд
. улс орон, ард түмнийг хүнд байдалд байхад нь амиа хичээн өөрийн дураар тэнүүчлэн одож
. нэг их гүн ухаан бясалгал гээд солироод явчихсан этгээдийг ер нь юу гэж нэрлэвэл зохилтой вэ? гэхэд

- Амиа хичээсэн өөдгүй новш, Агуу ихийн хэнээтэн л гэх байх даа. гэж хариулахад

-Уг нь зөв л дөө. Гэхдээ түүнийг хүмүүс гэгээрсэн Будда л гээд байгаа юм даа. гэсэн гэдэг.

Өнгөц уншихад инээдтэйч, үнэндээ хорвоо ерөөсөө ийм. Гэвч хорвоогоос Будда гэдэг хүний үүсгэсэн шашин сурталыг аваад хаячихъя гэж төсөөлье. Юу төсөөлөгдөж байна вэ? “Ямарч л гэсэн хүн эргэж төрдөг, хойд нас байдаг” гэсэн ойлголтууд хүн төрөлхтний оюун санаанаас хамгийн түрүүнд арилан алга болж байгаа биз? Энэ ойлголт хэрэв бидэнд байхгүй байсан бол өнөөгийн бидний амьдран буй ертөнц ямар байх бол? Яг одоо та “ганц л амьдрана” гэдэгт бат итгэлээ гэж бод. Юу хамгийн түрүүнд таны тархинд бууж ирж байнав? Хамгийн түрүүнд ганцхан амьдрах насандаа өөрийгөө л жаргаая гэсэн бодол од харвах шиг л тархинд чинь харван орж ирж байгаа. Тэгээд энэ ертөнц “ганц л удаа амьдарна” гэсэн үзэл бодолтой хүмүүсээр дүүрэн гээд төсөөлье. Хаа сайгүй л архидалт, зугаа цэнгэл, амиа хичээлт болдог юм байгаа биз дээ. Энэ насандаа л амьдрах юм чинь баригдахгүй л бол юу ч хийж, юуг ч сүйтгэсэн яадгийн… Хуулийн цаана ямар бурхан гэж байх биш. Ер нь ерөнхийлөгчийн өрөөнд ороод ерөнхийлөгчийг алаад ганц өдөр ерөнхийлөгчийн өрөөнд тансаглаж байгаад буудуулж үхсэн ч ер нь яадгийн… Ганц л амьдрах юм чинь… Ямар үхсэн хойно намайг хэн босгож ирж надаас хариуцлага тооцох юм?! Тээ? Ахиад цаана нь амьдрал байхгүй ш дээ. гэх зэргээр түмэн янзын ад чөтгөрийн бодол хүн төрөлхтөн бүрт бодогдож эхлэнэ. Тэгээд тэд бодлоо хээрэгжүүлж эхэлбэл яахав??? Юу болох бол??? төсөөлдөө… Аймшигтай байгаа биз?! Тэгвэл энэ Будда гэх нөхөр хэрэгтэй хүн байхнэ.

Гэхдээ энэ нөхөр өнөөгийн бидний нийтлэг ойлголт шиг
. ажил албаа гүйцэтгэж байхдаа
. эхнэр хүүхэдтэйгээ гэр орондоо амьдарч байхдаа
. эд хөрөнгө, эрх мэдэлтэй байхдаа
. нийгмийн өмнө хариуцлага үүрч байхдаа
яагаад гэгээрч болоогүй юм бол?, тэр их мэдлэг, оюуныхаа охь шимийг олон нийтэд яагаад номлож болоогүй юм бол?

Чөлөөт цагаараа энэ бүхнийг амжуулж болно ш дээ. Хэрэв л тийм агуу оюунтан, сэтгэгч байсан юм бол???
Тэгэхээр энэ оюуны ажил гэдэг бидний мэддэг өнөө “эрдэм шинжилгээний ажил диссертаци, удирдан зохион байгуулах ажил, менежмент, ном дурьдатгал” бичих боловсруулахтай адил зүйл байх нуу? Үгүй юм шүү дээ. Оюуны ажил буюу гүн ухаан гэдэг зүйл нь олон сургууль төгсөж деплом өвөртлөх, олон ном уншиж мэдлэг хуримтлуулах, өндөр соёлтой улс оронд явж их юм үзэхийг хэлдэггүй юм байна л даа.

Гүн ухаан гэдэг “учир шалтгааны чанадад нэвтэрч, нийт хүн төрөлхтөнд хэрэгтэй сэтгэхүйн үнэн мөн”-нийг олж ирэхэд л оршдог аж. Мэдлэг боловсрол гэдэг бол энэ олж ирсэн үнэн мөнийг тайлбарлан бичсэн ном хэвлэлийг уншин судлахыг хэлдэг аж. Мужааны мод хөрөөдөх аргачлалч гэсэн эрдэм мэдлэг. Улс орны удирдах “удирдахуйн арга барил” ч гэсэн эрдэм мэдлэг. Үүнд сурч боловсрох хэрэгтэй. Гэвч энэ үнэн мөнийг олох арга зам бол бидний өнөөгийн ойлголтоос тэс өөр зүйл. Бид ухаантан гэхээр л их ном уншсан, олон депломтой хүнийг хэлдэг гэж боддог шүү дээ. Энэ чинь тийм биш юм. Төрөлх ухаант, төрөлхийн гэгээрэл эгээрэхүйн авъяас билигтэй хүн л гүн ухаан гэх зүйлрүү орох боломжтой. Хүн бүр Эйнштейн, Циолковский биш л дээ. Тийм хүн тун ховор. Гэвч бидний дунд мэр сэр байдаг.

Харин тэднийг бид өөрсдийн мөчиг тачиг ухаан, буруу ойлголтынхоо хүрээнд эвдэн үгүй хийдэг. Оюун ухааны бясалгал өөрөө өөртөө хийдэг, гоц гойд ухаантай хүүхдүүдээ бид мэдлэг олгож байна гээд баахан хэрэгтэй хэрэггүй мэдээллээр бөмбөгдөөд ухаан санааг нь самууруулдаг байна. Бас эд хөрөнгө, ахуй амьдралаар нь дарамт ачаа үүсгэн бясалгах, эгээрэх тэр боломж нөхцлийг нь хаан боогдуулдаг байна. Ингэснээр Монгол оронд ухаантан ховордож, мэдлэгтэн олширсон юм байна л даа. Дан мэдлэгээр бас улс үндэстэн явдаггүй юм байна л даа. Бидний дунд яруу найрагч гэх баахан учир солио нь мэдэгдэхгүй солиотой хүмүүс яваад байдаг Бид тэднийг өдөр бүр ад үзэж Нацагдорж, Ренчин, Чойном, Дашбалбарууд шигээ амьдад нь авсалдаг. Дараа нь түүнийг гайхамшигт оюун билгийг нь үнэлж, алтаар хөшөө дурсгал босгох нь холгүй магтан хүндэтгэдэг. Амьдралын жам мэтээр л бид төсөөлдөг л дөө. Гэтэл тэр амьдралын жам биш бидний оюун санааны буруу ойлголт, мөчиг тачиг ухаан ухамсарт л хамаг буруу нь байгаа юм ш дээ.

Жишээ нь: Хамгийн ойроороо би өөрөөрөө жишээ авъя. Би анх эхээс төрөхдөө л шашир дэл мэт үстэй, нар зөв, нар буруу эргэсэн хоёр эргүүлэгтэй, мэнгэ гарагийн тохироо тохирон мэндэлсэн хүүхэд байсан. Бага балчир насандаа санаснаа хэлэхэд л биелдэг. Мэргэн түргэн ч байсан байх. Соц үе байсан болохоор өвөө, ээж хоёр маань үүнийг үл тоож, намайг бусдаас нуудаг байсан. Тэгээд би өөрөөгөө нэлээд мэдэрч байх ахуйд, сургуульд орох жилийн өмнөх жил би маш хүндээр өвчилж, бүтэн сар гаран ухаангүй байж, жил тойрон эмнэлэгт хэвтснээр миний тэр их билиг авъяасын омог дарагдсан байх, Тэгээд ч тэр юмуу сургуульд ороход энэ эрдэм мэдлэгт суралцах нь надад дарамттай мэт санагддаг байсан.

Түүндээ ч би 3-р анги төгсөх жилээ хичээлийн эрхлэгч дээрээ ороод анх “сонгон суралцах хичээл” гэдэг зүйлийг үндсийг эрхлэгчдээ ярьж билээ. Багш маань инээвхийлэн намайг анхааралтай сонсоод гаргасан. Харин 4-р ангидаа орохоор ирэхэд тус хичээлийн эрхлэгч маань раионы боловсролын хэлтэсийн даргаар дэвшээд явчихсан байж билээ. Түүний хойт жил “сонгон суралцах хичээлийн хөтөлбөр боловсруулагдаж. Сурагчдад сонгоны ангиуд нээгдэж эхэлсэн ба бүх хичээлүүд дээр белет боловсруулан улсын шалгалт өгдөг байсныг халсан юм. Мэдээж миний анх ярьсныг хичээлийн эрхлэгч Мажиг гуай бид хоёроос өөр хүн мэдэхгүй, гэрчлэхгүй л дээ. Гэхдээ л бага ч гэсэн миний хувь нэмэр орсон л байх гэж боддог юм. Энэ нь би өөрөө өөртөө бясалгах гэсэн тэр орон зайд мэдлэг олгох гэсэн хөтөлбөр саад болоод байсан болохоор үнэндээ өөрийгөө хичээлийн дарамтнаас өөрийгөө чөлөөлөх гэсэн л оролдлого байсан юм.

Гэвч надад тийм эрх чөлөө олдохгүй явсаар өнөөгийн энэ галзуу солиотой хүний төрхийг олж авсан юм. Нэг талаасаа би харамсдаг юм. Энэ нийгмийн дарамт намайг ямар хүн болох байсныг ямар хүн болгочихов? гэж харамсдаг. Нөгөө талаасаа бол яахав дээ Бусдын жишиг амьдарч яваадаа олзуурхдаг. Олзуурхдаг гэдэг нь хэрэв би төрөлх ухаан, оюун билгээрээ явсан бол бурангуй нийгмийн үед амь насаараа хохирох ч байснуу бүү мэд шүү дээ. Гэвч одоо би гэгээрч гийгэх нь өнгөрсөн учир миний араас төрөх олон олон авъяас ухамсарт хүүхдүүдийг миний араас битгий орчихоосой, энэ хүн төрөлхтөн ийм хүмүүсийг ойлгоосой. Дэмжээд сүйд болдоггүй юмаа гэхэд тэдэнд бүү дарамт учруулаасай, өөрөөрөө хөгжих боломжийг нь хүндэтгэх тэр боломжийг нь ойлгож боломж олгоосой гэхдээ үүнийг бичиж сууна. Ижил хүйстэн хийгээд сэтгэгцийн эмгэгтэй зэрэг хүмүүст бид хүндэтгэлтэй хандаж болсон юм. Оюун ухааны өндөр төвшний, гоц авъяастай хүмүүстээ бид бага ч гэсэн хүндэтгэлтэй хандаж болноо доо. Ийм хүмүүс энгийн хүний ойлгохооргүй гаж сонин авир араншин гаргадаг Жишээ нь дээрхи Будда шиг… Үүнд нь энгийн хүмүүс маш аймшигтай зэрлэгээр хахир хатуу ханддаг. Амьдралын хэвшил загвараас нь өөр л хандлаг гаргавал хүмүүс түүнийг хамгийн аймшигтайгаар ганцаардуулж шийтгэдэг.

Гэвч эцэст нь тэр хэв загвар зөрчсөн этгээдийн зөв болон төгсдөг. Үүгээрээ ийм хүмүүс анархийст, хэт давруу үзэлтэн, зальтангуудаас ялгардаг. Ийм хүмүүс эцсийн үр дүн зөв л гэж тооцсон бол ямарч хууль дүрэм, орчлонгийн жам ёсыг ч зөрчин зоригтой хөдөлдөгөөрөө гоц хүмүүсийн онцлог илэрдэг. Ийм хүмүүсийг ойлговол ертөнц ямар сайхан болох бол. Тэд үргэлж хүн төрөлхтөнд сайн сайхан бүхнийг авчирдаг болохоор энэ ертөнц амьдын диваажин болох байсан даа гэж би дандаа боддог юм даа.

Батболд.Х


URL:

Нэр: зочин Огноо: 27 February 2018

Оюун ухааны өндөр төвшний, гоц авъяастай хүмүүстээ бид бага ч гэсэн хүндэтгэлтэй хандаж болноо доо. Ийм хүмүүс энгийн хүний ойлгохооргүй гаж сонин авир араншин гаргадаг Жишээ нь дээрхи Будда шиг… Үүнд нь энгийн хүмүүс маш аймшигтай зэрлэгээр хахир хатуу ханддаг. Амьдралын хэвшил загвараас нь өөр л хандлаг гаргавал хүмүүс түүнийг хамгийн аймшигтайгаар ганцаардуулж шийтгэдэг.Санал нэг байнаа одоо ямар үнэлэмжийн хэмжүүрээд явахаа шийдэж ядсан хэцүү үед амьдарч байна шүү дээ

Сэтгэгдэл бичих