Пёнчаны өвлийн олимп өндөрлөв
Орон нутгийн цагаар 2-р сарын 25-нд XXIII удаагийн өвлийн олимпын наадам БНСУ-ын Пёнчанд хаалтын ёслолоо хийлээ.
Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах өвлийн олимпын наадам өндөрлөснийг мэдэгдэж, энх тайвныг хүсэн мөрөөддөг олимпын зориг санааг дахин нотолсон бөгөөд зохион байгуулагч орон, сайн дурынхан өвлийн олимпыг урагштай зохион байгуулахад оруулсан хүчин чармайлтад талархлаа илэрхийлсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хаалтын ёслолд оролцов.
Дараагийн өвлийн олимпыг зохион байгуулах хотын хувиар Бээжин хотын дарга Чэнь Жинин олимпын таван цагирагт тугийг хүлээн авчээ. Бээжин 8 минутын тоглолт гаргаж, Хятад улсын эртний соёл түүх, орчин үеийн шинжлэх ухаан технологийг бүрэн төгс уялдуулсныг дэлхий дахинд үзүүлсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпин видео бичлэгээр дэлхий дахинд урилга тавьж: “2022 онд Бээжин хотноо болзъё ” гэжээ.
Энэ удаагийн тэмцээнд Норвеги, Герман 14 алтан медаль авч, алтан медалийн жагсаалтад зэрэгцэн тэргүүлж, Норвеги нийт 39 медалиар өвлийн олимпын шинэ рекорд тогтоосон байна. БНСУ 17 медалиар зургаад орсон нь Умард Европ, Умард Америкийн мөс цасны спортын хүчирхэг орнуудын дараа орсон байна. Хятад улс 1 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль авч, медалийн жагсаалтын 14-д орлоо.
Дараагийн өвлийн олимп 2022 онд Бээжин, Жанчхүүд болно.
Сарантуяа ХОУР
URL: