Д.Чандмань: Ёс зүйн дүрэм биднийг хазгай гишгэх аргагүй болгосон
Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, Засаг дарга Д.Чандманьтай ярилцлаа.
-Монгол Улсын 2012 оны төсвийг баталлаа. Танай аймгийн тухайд төсөв хэрхэн хуваарилагдав?
-Манай аймгаас сонгогдсон УИХ-ын хоёр гишүүнээрээ дамжуулан бид саналаа уламжилсан. Бидний 100 хувь ороогүй ч орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөв боломжийн хэмжээнд батлагдсан. Эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Говь-Угтаалд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга бариулахаар олон жил ярилаа. Зураг төсөл, төсвийг гаргаад Сангийн яаманд хүргүүлэхэд хасагддаг. Дэлгэрхангай сум 1960-аад онд баригдсан чулуун эмнэлэгтэй.
Гэтэл энэ мэт зайлшгүй шаардлагатай зүйл төсвөөс хасагдсан нь жаахан харамсалтай. Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж буйд орон нутгийнхан баяртай байдаг. Тухайлбал, Улаанбаатар Мандалговийн чиглэлийн 104 км хатуу хучилттай замын хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкны төсвөөр шийднэ. Мандалговь-Даланзадгадын 160 км хатуу хучилттай зам, Мандалговь-Тавантолгой Оюутолгой чиглэлийн 200 кВт-ын хос шугам барих ажил эхэлсэн. Театр, МСҮТ-ийг шинэтгэн өргөтгөнө.
-Орон нутагт төсөв захиран зарцуулах эрх өгөхөөр ярьдаг ч хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Шалтгааныг нь юу гэж боддог вэ?
-Орон нутгаас хураасан татвар, хураамж төвд төвлөрдөг. Манай аймаг төсвөөс татаас авч байна. Өнгөрсөн жил аймгийн Засаг даргын мэдэлд 800 сая төгрөг өгнө гэсэн ч хасагдаж танагдсаар 400 сая болсон. Гэсэн атал орон нутгийн эрх мэдлийг, төсвийг нэмэгдүүлье гэж ярьдаг. Дундговь аймаг хүн ам цөөн. Энэ жил аймаг бүрт тэрбум төгрөг олгох саналыг парламент дэмжээсэй.
Цаашид аймгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн засвар зэргийг улс орны хөгжлийн хэмжээний бүтээн байгуулалтыг парламент шийдвэрлэдэг болох ёстой. Нэг аймгийн даргын мэдэлд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эрх мэдэл өгөхөд асуудлаа шийдвэрлэж, нөгөө талаар Засгийн газар, парламентад дарамт шахалт үүсгэх нь багасна. Ийм зохицуулалтгүй учраас байшингийн дээврээс дусаал гоожиход хүртэл гишүүнд ханддаг.
-Төсвийн шинэтгэлийн тухай хуулийн төсөл хүлээгдэж байна. Уг нь орон нутагт ашиг тусаа өгөх хууль болмоор санагддаг?
-Төсвийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай болсон гэж аймгийн удирдлагуудаас санал авсан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Эрдэнэбат, Өвөрхангай аймгийн Засаг дарга Тогтохсүрэн нар ажлын хэсэгт багтсан. Хуулийн төсөл бэлэн болсон байтал парламент хэлэлцэхгүй байна. 2012 оны сонгуулиас өмнө баталбал УИХ-ын гишүүд чинь ажил хийдэг, хэлсэндээ хүрдэг юм байна гэсэн бас нэгэн талархлыг иргэдээс хүлээнэ. Өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн төслийг голчилж яриад Төсвийн шинэтгэлийн тухай хуулийн төслийг үлдээгээд байх юм.
Сонгуулийн хууль батлагдах гэж байна. Орон нутгийн удирдлагын хувьд ямар санал бодолтой явдаг вэ. Шүүмжлэлтэй хандах зүйл байна уу?
-Аймгийн Засаг дарга нартай сонгуулийн хуулийн ажлын хэсэг, намын бүлгийнхэн тодорхой мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. Монгол Ардын Нам болон АН-ын бүлэг холимог тогтолцоогоор 48:28 хувилбараар сонгууль явуулна гэж зөвшилцсөн учраас санал зөрөх зүйл байхгүй. Гэхдээ хуулийн төсөлд ард түмний сэтгэл санаанд нийцэхээргүй зүйл байгааг бид хэлсэн. Хэлэхээс ч аргагүй.
-Тодруулбал?
-76 дотроо гулсаж, шилжиж орох асуудал байна. 48 нэр дэвшигч мажоритарт өрсөлдөөд гарч чадаагүй хэсэг нь арагшаа гулсаж пропорционалиар сонгогдох 28 хүнийхээ урдуур орж намын нэрээр сонгогдох болоод байгаа юм. Ард түмэн сонгоогүй хүнийг тухайн нам “энэ сайн хүн” хэмээн оруулах нь сонгогчдын сонголтыг хүлээж авахгүйтэй адилхан зүйл. Ийм тохиолдолд иргэд дургүйцнэ. Ингэж сонгогдсон гишүүн ч ажил хийхэд амаргүй байх болов уу. Аль аль нь бодох ёстой. Гадаад оронд ийм зүйл алга гэдэг. Заавал гадныхныг дуурайх уу.
Монгол ахуй, сэтгэлгээ, орчинд буулгах гэдэг өөр. Дундговь 47000 хүн амтай. Ингэж цөөрсөн нь цөлжилт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой. Тавантолгой, Оюутолгойг чиглэсэн 40 тонноос дээш даацтай машинууд Дундговийн нутгаар дайран өнгөрдөг. Зарим үед 24 цагт 500 машин явдаг. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж очиж нөхцөл байдалтай танилцаад “Танай аймагт хүний эрх зөрчсөн хамгийн том асуудал энэ байна” гэсэн. Ингэж эрхээ зөрчүүлж буй нутгийнхан парламентад ганцхан төлөөлөлтэй байх зөв үү, буруу юу.
УИХ-д төлөөлөл цөөн байх нь энэ бүх хөгжил зогсоно гэсэн үг. Тиймээс 48-д багтаж нэр дэвшээд ”унасан” биш олны итгэлийг хүлээсэн хүнийг 28-д оруулах хэрэгтэй. УИХ орон нутагт ажилладаг хүмүүсийнхээ үгийг сонсох байх. УИХ-д олон суудалтай хоёр нам зөвшилцөж 48:28-ыг гулсахаар оруулсан нь УИХ-ын 76 гишүүн дархлаа тогтоосонтой адил зүйл. Гаднаасаа ийм дүр зураг харагдаж байна. Гадаад дотоодод суралцсан, мэдлэг боловсрол өн дөртэй залуусыг иймэрхүү байдлаас болоод парламентад орох боломжгүй болгож мэднэ.
-Орон нутгийн сонгуулийн хуулийн талаар юу хэлэх вэ. УИХ болон орон нутгийн сонгууль хамт явуулахаар хуульчилсан байгаа?
-Хуулийн төсөлд хүргэх санал байдаг. Бидний хувьд орон нутгийн сонгууль амин чухал. УИХын сонгуультай цуг явуулахаар хуульчилсан. Ажлын хэсгийнхэн хоёр намын бүлгийнхэн хамт явуулахгүй гэж тохиролцсон тухай хэлсэн. Гэхдээ хоёр сонгуулийг хамт хийж ч магадгүй, бэлтгэлээ сайн базаагаарай, нутгийнхны итгэлийг хүлээсэн, шударга, ажил хийж бүтээж чадах хүмүүсээ тодруулаарай гэлээ. Бид үүний төлөө, ялалтын төлөө явна. Харин УИХ-ын сонгуультай хамт хийвэл жинхэнэ холион бантан болно.
Сонгогчид нэг дор олон сонголт хийхэд бэрхшээл учирна. Үүнийг аль нам нь хамаагүй парламентын гишүүд маань өөр цаг хугацаанд явуулах шийдвэр гаргаасай гэж хүсэх байна. Багийн дарга болоод ажил хийдэггүй, архи уудаг нөхрийг иргэд нь харж байгаа. Монгол Ардын Намын Бага хурлаар Ёс зүйн дүрэм баталлаа. Маш чухал үлгэрлэл. Одоо том, жижиг гэхгүй улстөрийн бүх нам Монгол Ардын Намаас жишээ аваад сонгуульд оролцох учиртай.
Түүнээс биш зөвхөн Ардын намынхан ёс зүйн гэрээгээ дагаадбусад өрсөлдөгчид нь ёс зүйгүй аашлаад байвал яах вэ. Үүнийг орон нутгийн сонгуулийн хуульд тодорхой болгох шаардлагатай. Сонгуульд ёс зүйгүй авирладаг нөхөдтэй ёс зүйтэй өрсөлдсөөр байгаад ялагдвал яах вэ. Орон нутагт хэнийгээ сонгохыг ард түмэн таньдаг, мэддэг. Янз бүрийн ярианд эргэлзэж мөнгө өгөхөөр нь “за яахав, ганц удаа” гээд санал өгдөг зүйл гардаг. Энийг зогсоох ёстой.
-Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших эрхгүй байгааг сонгогчид хэрхэн хүлээж авдаг вэ?
-Байж боломгүй зүйл. Сонгогдох эрхээ зөрчүүлсэн хэрэг. Үүний зэрэгцээ төрийн өмчит болон орон нутгийн өмчийн компанийн захирал, дарга нар сонгуульд өрсөлдөхийг хориг лосон заалт явна. Нутагтаа шал гарсан хүмүүс нь төрийн өмчит байгууллагыг тэргүүлдэг. Иргэдийнхээ итгэлийг хүлээгээд төлөөлөгч болдог. Гэтэл үүнийг хориглож байгаа нь утгагүй. Энэ мэтээр сонгуулийн хуульд бидний саналыг аваасай, тусгаасай гэж хүсэх байна.
-Төрийн албан хаагчдыг орон нутагт нэр дэвших эрхгүй болгосноор орон нутгийн хурлын чадамж буурсан, танил нөхөд, ах дүүс олонтой хүн сонгодог боллоо гэсэн шүүмжлэл бий?
-Үнэний ортой. Төрийн албан хаагч нэр дэвших гэхээр ажлаа өг гэсэн заалт оруулахаар хэн ч ажилгүй, орлогогүй болохыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс танил нөхөд, ахан дүүс, нутаг нугаараа цуглараад “за энэ жил тэрийгээ багийн Засаг дарга болгоё. Ажилгүй юм. Түүнийгээ ИТХ-ын төлөөлөгч болгоно” гэдэг үзэгдэл бий болсон. Үүнийг сонгуулийн хуулиар зохицуулах учиртай.
-Монгол Ардын Намын Бага хурлын талаар өөрийн үнэлэлт дүгнэлтээ хэлэхгүй юу?
-Манай намын Бага хурлын II хуралдаанд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд С.Батболд маш сайн, тодорхой илтгэл тавьсан нь бүх төлөөлөгчдийн талархлыг хүлээсэн. Эдийн засгийн талаар цаашид ямар арга хэмжээ авах, зорилго гарцыг тодорхой тусгасан. Улстөрийн талаас ч тэр намынхаа байр суурийг тодорхой оруулсан байна. Бага хурал ардчилсан халуун дулаан уур амьсгалд боллоо. Олон хүн санал бодлоо илэрхийлж үг хэлсэн. Ёс зүйн дүрэм маань чам бай болсон. Биднийг сонгууль, улс төрийн өрсөлдөөнд ороход хазгай гишгэх аргагүй болсон.
Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуульд бүх нам ёс зүйн дүрэмтэй болж ормоор байгаа юм. Зохион байгуулалтын асуудал яригдаж 14 хүн нөхөн сонгогдсоны найм нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байлаа. Бид Бага хурлаа ойр ойрхон хийж, гаргасан шийдвэрээ ард түмэндээ танилцуулж байвал зүгээр. Ялангуяа намын даргын тавьсан илтгэлийг нэг бүрчлэн олон нийтэд ойлгуулж хүргэхэд анхаармаар байна. Бага хурлын үеэр ахмадууд маань зөвлөлөө, шүүмжлэлээ, залуучуудаа сонслоо. Ер нь л авах гээхийн ухаанаар хандсан хурал болсон.
-Танай намын хорооныхон “Тусгаар тогтнолын ордон”-ы нээлтийн үеэр Монгол Ардын Намын Удирдлагуудад бэлгэдлийн зураг гардуулж байсан.
-“Тусгаар тогтнолын ордон” зөвхөн Монгол Ардын Намынх биш ард түмнийх. Хэн ч орж үзэж сонирхож болно. Дундговь аймгийнхаа Монгол Ардын Намын хороо, гишүүдийн өмнөөс намын дарга, Ерөнхий сайд С.Батболдод залуу зураач Ч.Дорждэрэмийн “Намрын дунд сарын шинийн 17” гэдэг сайхан зохиомжтой зураг дурсгасан. Уяан дээр эмээл хазаартай морьд багширсан бэлгэ дэмбэрэлтэй зураг. 2012 оны сонгуульд мориндоо мордоод ухасхийхэд ялалт бидэнд ирнэ гэсэн утгаар төсөөлсөн юм.
Дундговь дуу хууртай нутаг. Улаанбаатарт аймгийн соёл урлагийн өдрийг хоёр удаа зохион байгууллаа. Манай нутгийн хоёр ардын жүжигчний араас 120 орчим гавьяат, төрийн шагналтан төрсөн. Энэ бүхнийг үнэлж Засгийн газраас манай аймагт “Дуу хуурийн өлгий Дундговь” гэсэн брэнд нэрийг өгсөн.
-Сонгууль ойртсонтой холбогдуулан Монгол Ардын Намаас сонгогдсон аймгийн дарга нарыг элдвээр гүтгэж бичих боллоо. Таны тухайд ийм зүйл гарав уу?
-Засаг дарга болоод хоёр жил болж байна. Намайг судалж, эрж хайж, олигтой баримт материал олоогүй учраас заавал ол хэмээн тушаасан сураг гарсан. Захиалгаар хэвлэлээр хүнийг гүтгэдэг зүйлийг манайхан болих хэрэгтэй. Заавал муулах биш, сайн зүйлийг нь бичиж болно шүү дээ. Би хувьдаа нээлттэй шударга байхыг эрхэмлэж ил тод ажиллахыг хүсдэг. Тиймээс булхай луйвар хийсэн гэгдэхээс айх юм алга.
URL: