Хариуцлагагүйн “зуд” нүүрлэлээ
Их Британийн олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Майкл Бэйтс Лордын танхимын хуралдаанд хоёрхон минут хоцорч ирснийхээ төлөө огцрох хүсэлт гаргаж байх юм. Эндээс хариуцлага гэж юу байдгийг харж болохоор байна. Гэтэл манайд юун хоёр минут. УИХ-ын гишүүн Б.Наранхүү намрын чуулган 39 удаа хуралдсаны 34-д нь суугаагүй байх юм. Чуулгандаа ганц ч ганхийхгүй, үг хэлж, асуулт асуугаагүй гишүүний нэг нь бас тэр. Хэдэн өдөр, сараар хуралдаа суухгүй, ажил албаа цалгардуулдаг эрхмүүдэд ногдуулдаг шийтгэл, торгууль гэж ер алга. Хариуцлага ярихаар бүрэн эрхийнх нь асуудлыг хөндөнө гээд нэгийгээ өмөөрч сууцгаах болж дээ. Нэг аав хүүхдээ зандарч “Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэхэд хүү нь “Төрийн томчууд худлаа яриад байхад би яагаад болдоггүй юм” хэмээн өөрийгөө зөвтгөж байхыг сонслоо. “Дээрээ гүйдлээ олохгүй бол” гэдэг л энэ байх. Ер нь алив сайн сайхан бүхний үлгэр дуурайл дээд төвшнөөс улбаалж эцэг эх, ахмад хүмүүсээр дамжин хүүхэд багачуудад хэвшиж тогтдог жамтай билээ. Сүүлийн үед Ерөнхий сайд хариуцлагын тухай чангахан дуугарах болсон. Харин ажил хэрэг болгож, зөв хэвшил, гольдролд нь оруулах вэ гэдэг л гол юм. Үүрэгт ажлаа эзний ёсоор хийдэг, хариуцлага, сахилга баттай ажилтнуудыг төлөвшүүлж чадвал улс эх орны ч, албан байгууллага, газруудын ч ажил төрөл жигдэрч сайжрах нигууртай билээ. Бусдын төлөө хариуцлага үүрч, дааж чаддаг хүний үйл хэрэг, үйлс бүтээл нь олны дэмжлэг авч, үргэлж дэвшин дээшилж байдаг юм. Сайн үйлс бүхэн олны нүднээс далд байсан ч тодорч, ил гарч байдаг билээ. Үүний цаана гагцхүү хариуцлага, ажил хэрэгч чанар, итгэл үнэмшил оршдог юм.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: