АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарт доромжлуулаад байгаа Ж.Цолмон гэгч хэн бэ?
Бидний цөөхөн монголчууд бие биеэ арай л хэтэрхий хэмлэж байх шиг. Эх хүн, эмэгтэй хүний хувьд бүсгүйн заяаг адилхан олж, төстэй зовлон, жаргалыг туулж явдаг нэгнийгээ өмөөрөхөөсөө илүү мэргэжлийн өвчиндөө автагдаж нэмж хачирлаж явсан минь худал биш юм. Харин одоо өөрийн эрхгүй өмөөрөх сэтгэл төрлөө. Янз бүрээр доромжлон бичсэн мэдээлэл, коментуудыг сошиалаас харж, уншиж суухдаа Ж.Цолмон гэгч хэн юм бол гэх сониуч зандаа хөтлөгдөж бага зэрэг судалсны эцэст АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын бичээд байгаа шиг наад захын мэдлэггүй, наад захын шаардлага хангаагүй хүн биш шиг санагдсан учир зориуд бичье гэж бодлоо. Дөнгөж саяхан түүний бичсэн “Цагийн зурвас” номыг нь ч авч уншсан юм. Орчин цагийн Монголын 50 жилийн түүхийг өөрийн түүх дээрээ үндэслэн он тооллын дарааллаар бичиж бидний туулж өнгөрүүлсэн амьдралыг эргэн санагдуулахаар маш энгийн үгээр уншууртай бичсэн ном байв. Хэн ч ингэж өөрийн амьдралыг дэлгэн тавьж байгаагүй бөгөөд ямар зоригтой хүн бэ гэж бодогдож билээ.
Ж.Цолмон гурван үеийн эмч хүн юм байна. Түүний өвөө нь нутаг усандаа нэртэй маарамба, хувараг хүн байж. Аав нь ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн орлогч захирлаар ажиллаж, НҮБ-д Монгол Улсаас ажиллах захирлын хэмжээнд хүрсэн анхны монгол, эмч, дипломатч хүн юм байна. Ээж нь нярайн эмч. Гучин жил ханилж буй нөхөр О.Оч нь мэргэжлийн дипломатч хүн юм байна. Хоёр охинтой. Том охин нь саяхан Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна. Нөхрийнх нь өвөө Монгол Улсын наймдахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав, аав нь анагаахын алтан үеийнхний нэг, эмгэг физиологийг Монголд үндэслэгч О.Од гэгч эрдэмтэн хүн юм байна. Од багш, Цэрмаа багш гээд энэ хоёр хүнээр хичээл заалгаагүй 60,70,80, 90-ээд онд Анагаахыг төгссөн эмч ховор гэлцдэг юм билээ.
Ж.Цолмонгийн хувьд Орос гуравдугаар сургууль, АУИС-ийг төгсөж, магистр, доктрын зэргийг мөн сургуульд хамгаалсан АУ-ны доктор, профессор, Анагаахын сургуулийн удирдах зөвлөлийн даргыг таван жил хийсэн хүн юм байна. Токиогийн Анагаах ухааны их сургууль, Бүх Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэн, АНУ-ын Харвардын их сургууль, ОХУ-ын III Анагаах ухааны их сургууль, Солонгосын Гажиг заслын эрдэм шинжилгээний хүрээлэнд нарийн мэргэжил эзэмшиж, мэргэжил дээшлүүлж чамгүй мэдлэг олсон хүн гэлтэй. Ажил байдлын хувьд ажлын анхны гараагаа Анагаахын сургуульд багшаар эхэлж, эрдэм шинжилгээний байгууллага, Элчин сайдын яаманд ажиллаж, Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байсан нэгэн аж. Дэд сайд хийж байхдаа төрөөс нэг ч мөнгө гаргалгүй төрөх эмнэлгийн асуудал нэн тулгамдаж байх үед Нэгдүгээр амаржих газрын арын нурж унах гэж байсан байшингийн оронд 150 ортой төрөх эмнэлгийг санаачлан бариулж байсан. “Бороо Гоулд” компани мөнгийг нь гаргаж би ярилцлага авч байсан билээ. Төрөөс нэг ч дэмжлэг авалгүй үндэсний эмч нарыг бэлтгэхэд асар их хөрөнгө оруулалт хийж, цусны хорт хавдартай хүүхдүүдэд зуун тавь гаруй сая төгрөгөөр олдохгүй байсан эм тариаг нь хүртэл олж өгч, эрүү нүүрний төрөлхийн болон олдмол гажигтай олон хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж, уруул тагнайн сэтэрхийтэй 50 гаруй хүүхдэд яс шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийж байсан гээд хүмүүнлэгийн үйлс олныг хийж байсан юм билээ. Энэ бүгдийг нь харахаар “Наад захын шаардлага хангаагүй” гээд бичүүлээд байгаатай нийцэхгүй л байна. Ер нь тэгээд хүнийг янз бүрээр хэлж, бичүүлж ажилдаа үлдэнэ гэдэг юу л бол. Үлдэх гээд л улайраад байгаа нь ч ямар учиртай юм. Ямарч байсан түвшин сайхан амьдралтай, эмч бол эмч, эрдэмтэн бол эрдэмтэн, яах аргагүй Анагаахын бүтээгдэхүүн, энэ сургуультай удам судраараа холбоотой хүн юм байна. Мэддэггүй нэг нь мэдэж аваасай гэж бичлээ. Нэг нэгнийгээ хэмлэхээ больцгооё. Би түүний тэвчээр, хатуужлыг гайхнам.
З.Гэрлээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: