Ноолуурын салбарынхан тулгамдсан асуудлаа танилцуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Кашмер Холдинг” ХХК-ийн “Эвсэг” брендын үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ноос ноолуурын салбарын үйлдвэрлэл, ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим саналыг сонслоо.
“Кашмер Холдинг” ХХК нь 1981 онд буюу социализмын үед байгуулагдсан үйлдвэрийн суурин дээр үйл ажиллагаа явуулж, 30 гаруй жилийн турш 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж, 40 гаруй жижиг үйлдвэр болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг захиалгат ажлаар дэмжиж жил бүр 30-аад тэрбум төгрөгийн сүлжмэл, нэхмэл, оёмол, ширмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалдаг байна. Мөн ОХУ, Итали, Швейцар, Герман, Англи, Япон, Казакстан улсад бүтээгдэхүүнээ борлуулан жил бүр 2.5-аас доошгүй тэрбум төгрөгийн татвар бүрдүүлж, ногдол ашиг хуваарилдаг байна.
Гэсэн ч тус үйлдвэр болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад тулгарч байгаа нийтлэг асуудал цөөнгүй байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь НӨАТ-тай холбоотой санал байв.
Тухайлбал, үйлдвэрийн удирдлагууд болоод салбарын холбоод хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан “Манай малчид өмчийнхөө эзэн болсноос хойш түүхий эд бэлтгэлээр малчдад олгогдсон мөнгөн хөрөнгийг тооцоход чамлахааргүй дүн гардаг. Гэхдээ малчид, түүхий эд бэлтгэгчид НӨАТ төлдөггүй. Харин малын гаралтай түүхий эдээс ганцхан ноолуураас л НӨАТ авдаг. Монголын банкнуудын зээлийн хүү харьцангуй өндөр байгаа зэрэг нь үндэсний компаниудыг эргэлтийн хөрөнгийн хомсдолд байнга өртүүлж өрсөлдөх чадварыг нь бууруулдаг” гэхчлэн төрийн зохицуулалт шаардсан цөөнгүй асуудал, бэрхшээл байсаар байгаа талаар дуулгасан юм.
Түүнчлэн салбарын холбооны нэгтгэн гаргасан ноолуурын салбарын хөгжилд дэмжлэг болох зарим асуудлыг Төрийн тэргүүнд танилцуулж, дэлхийд ноолууран бүтээгдэхүүнийг сурталчлах маркетингийн хөрөнгө зарцуулах, экспортын банк бий болгох, зарим тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, тогтвортой ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах зэргээр нийгмийн асуудлыг ч хөндөж байв.
Мөн тогтвортой үйлдвэрлэл эрхэлж гурван жил дараалан нэг сая ам.доллараас дээш борлуулалт хийж, татварын өргүй ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдэд тодорхой хөтөлбөрөөр буюу тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм бол үйлдвэрлэгчдэд маш том дэмжлэг болно гэж салбарынхан санал гаргасан юм.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, салбарынхны дэмжлэг хүссэн асуудлыг сонссоны дараа Төрийн тэргүүн:
“Би ноолуурын салбарын үйлдвэрлэлийн бэрхшээлийн талаар сайн мэднэ. Энэ үйлдвэр нийгэм, эдийн засаг хүнд үед гаднын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт авалгүй хүнд хэцүү үеийг даваад гарсан үйлдвэр учраас зорьж ирсэн. Уул уурхайн биш малын гаралтай “сэргээгддэг баялаг”, салбараа дэмжих талаар Монголбанк, Засгийн газартай уулзаж ярилцаад, санал солилцоод явж байгаа. Намайг Хөдөө, аж ахуйн сайдаар ажиллаж байхад жилд 6000 тонн ноолуур гардаг байсан бол одоо 10 мянган тонн болж, дэлхийн ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийн 60 хувийг Монгол Улс, малчид дангаар бүрдүүлж байна. Ийм том салбарын бүтээгдэхүүний жилийн борлуулалт болоод ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид бодлогоор дэмжих юм бол жилд 800 сая ам.долларын орлого олж, 300 сая нь түүхий эдэд зарцуулагдах ёстой тооцоо судалгаа бий. Хэрвээ, ноолуурын салбараас л гэхэд жилдээ л нэг тэрбум ам.долларын орлого олоод байх юм заавал уул, уурхай гэхгүй шүү дээ. Алт, зэсээсээ дутахгүй баялгаа дэмжихийн тулд нэн тэргүүнд түүхий эдээ худалдаж аваад бүртгэлжүүлэх асуудал бий. Тиймээс үйлдвэр дээр ирж танилцаад, та нарын саналыг авч байгаа, одоо энэ салбарынхан жижгээсээ том хүртэл бүх үйлдвэрлэгчдээ оролцуулаад саналаа нэгтгэх ёстой” гэлээ.
URL: