А.Баатархуяг: Төмрийн эринийхэнд…

712-1519377423Untitled-1(5)

Уг нь бид төмрийн эринд амьдарч байгаа ухаантай. Тиймээс аливаа улс орны хүч чадлыг гангийн үйлдвэрлэлээр хэмждэг. Чухам ийм учраас Мао Цэдун зөвхөн гангийн үйлдвэрлэлээр Их Британийг гүйцэх гэж улайрч байсан хэрэг. Эртний Грект дайнд баатарласан дайчинд хэсэг төмөр (металл) өгдөг байснаас медаль үүссэн гэдэг. Тэр үед Ахайчууд зэсээр зэвсэг хийдэг байсан.
Харин өнөөгийн Монголчууд медальд нь дуртай атлаа металлийг нь тоохгүй юм. 1990 оны дараахан Японы тусламжаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг байгуулсан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хөгжлийн амбиц нь гарцаагүй байх ёстой, “төмрийн эринийхний амбиц” байжээ. Аливаа улс орон төмөр боловсруулж чадвал автомашин үйлдвэрлэх боломжтой болдог. Чиргүлийн үйлдвэрээ автомашин үйлдвэрлэл болгон хөгжүүлэх хүсэл байсан гэдэг. Германы Круппын гангийн технолого энэ улсыг үргэлж босгож, дайнч болгож байсан. Орос, Хятад, Япон, АНУ болон хөгжингүй орнуудад гангийн, улмаар төмөрлөгийн үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн. Хөгжил бол энэ юм л даа! Гантай улс орон наад зах нь зэвсэгтэй…
Манай төмрийн эриний түүхийн амбиц бол “Прометей хэнд гал өгсөн бэ?” гэдэгтэй адил “Хэн анх төмөр боловсруулж хэрэглэсэн бэ?” гэдэг асуултыг тойрч эргэлддэг. Алтайн төмөрчин овог Түрэгүүд гэнэт түүхэнд давамгайлаад ирсэн нь төмрийн “ид шид”. Хэний төмрөөр Нирунчууд өмнөд хөршөө ялаад байгааг тэд мэдсэн хэрэг. Тэр цагт хятадууд ч хүнд, ир муутай, төмөр илдэнд цаас шиг зүсэгддэг хүрэл илднээсээ бүрэн салаагүй цаг. Зөвхөн мориор бус төмрөөр ааглаж байжээ. Төмөр зэв хөнгөн, хол тусгалтай, хөнөөлтэй. Тиймээс Буман “төмрийн оронд” Нируны хаанаас охиноо өгөхийг шаардсан хэрэг. Татгалзсаныг дорд үзлээ хэмээн босчээ. Тэгээд өөрөө хаан (кэхан) болж, эхнэрээ хатан (кэ хадун) болгов.
Монгол хэлнээ төмрийг нэрлэсэн ширэм, төмөр, ган, болд гэсэн үгс байна. Хувирч өөрлөгдсөн өөр үг ч байж магадгүй! “Дам”, “тэм” язгуур төмрийг заадаг. Энэ үг дэлхий даяар тархсан. Дамир, тэмүр, демир, тимур гэх мэтээр… бүгд төмрийг заадаг. Төмрийн технологийг баруунаас, Персээс авсан байж болзошгүйн нэгэн баталгаа болд. Хуучин бичигт “болод” гэж бичдэг энэ үгний “булат, болат” нэр нүүдэлчин лалынхны нэрэнд түгээмэл үлджээ. Тархсан нь шалтгаан нь түрэгийнх үү? монголын нөлөө юу? гэдэг эргэлзээтэй. Монголынх л болов уу! Япончууд гангийн технологи хөгжүүлэхдээ монгол бух (төмрийн зуух), хатаах аргыг авсан гэдэг. Ширэм, Ширэмүн (хүний нэр), ширээх гэх мэт төмөр боловсруулалттай холбоотой үгс элбэг бөгөөд мартагдахгүй байна. Ширмэн төмөр магнайтай, Шивээ хурц хэлтэй гэх мэт туульсийн зйүрлэл ч элбэг. Монголын түүхийн үечлэлд чулуун зэвсгийн үе, хүрлийн үе, тэгээд төмрийн үе л бий шүү дээ! Энэ төмрийг бид түрүүлж хэрэглэснээрээ энэ Ертөнцөд суу алдраа дуурсгасан, үүнд бидний хүчирхэгжлийн нэг нууц байсан гэдгийг яагаад ухдаггүй юм бол…
Их хааныхаа Тэмүжин нэрний учрыг ойлгодоггүйтэйгээ адил мунхаг харанхуйгаар түүхээ мартаж байна уу даа?
Хожим Монголчууд бууран доройтох цагтаа төмрийн технологио алджээ. Төмрийн технологийн хоцрогдлоос ч бууран доройтсон юм уу? Буу гэдэг чинь “ган” юм шүү дээ! Ингээд “ган” гэдэг үг өмнөөс хэлэнд нэвтэрчээ. Гэвч бүгдийг тавиад туучихаагүй, бүрэн мартчихаагүй нь Далай Чойнхор вангийн нутагт үлдсэн гангийн технологи. Хүрээний нандин шүтээний тоонд Туул голын цагаан сүмд тахисан гангаар хийсэн Ямандаг бурхан ордог байжээ. Тэр маш уран бурхныг VIII Богдын үед Далай Чойнхор вангийн хошуунд хийсэн гэдэг. Өндөр нь үзүүр тохой хэр. Барьсан зэвсэг сэлт цөм мөнгө, маш уран хийцтэй, гялалзаж байдаг, зэвэрдэггүй байжээ. Бас нэг ямаа унасан Дамжин Дорлиг, бас нэг Жамсран байсны тэргүүнд алт өргөсөн буюу алтаар будсан, бусад нь төмөр байжээ! Ердөө саяхны хүртэл “Ган төмөр гайгүй дээ, галын аясыг л дагана” гэж дуулдаг ард түмэн байв. Их юмны үлдэгдэл гэж…
Үүнийг өгүүлэхийн учир нь Ноён уулын орчим, өнөөх нь “Сентерра гоулд”-ын эзэмшил талбайн орчим Монголын түүхэнд энэ утгаар чухалд тооцох төмөр боловсруулж байсан бууцны үлдэгдэл байгаад хүмүүс төдийлөн ач холбогдол өгөхгүй юм. Аан, нэг тийм төмөр хайлуулж байсан юмны үлдэгдэл байдаг л юм… гэх үг олон сонслоо. Дэлхийд хосгүй Хүннүгийн хориг, бунхантай ч эн тэнцүү түүхийн ач холбогдолтой мэт санагдах юм. Ахин хэлэхэд бид төмрийн эринд амьдарч байгаа бөгөөд төмөр боловсруулах, металлургийн хөгжилд өөрийн байр суурьтай байж гэмээ нь энэ орчин үеийн улс үндэстний дотор өөрийн “хөгжлийн” байр сууриа эзлэх ёстой баймаар…
Уг нь “Сентерра гоулд”-ын ТУЗ “Гацуурт”-ын ордыг хэт үрэлгэн хэл ам ихтэйн учир орхихоор шийдсэн ч энд цалин авдаг монгол дарга нар цалингүй үлдэхээс айгаад зогсоохгүй байхыг гуйж, шүүхээр арга сүвэгчилж гүйлдэж байна гэлцэх боллоо. Бас ордыг Монгол компанид зарж, ашиг унагах гэж байгаа сурагтай…
Юу устгаж, юу сүйтгэж байгаагаа мэдэхгүй хүмүүс л урьдын түүх, өнөөгийн нийгэм, ирээдүйн хөгжилд аймшигтай хор хөнөөлтэй нь ингэж илрэх юмдаа… Коксждог нүүрс зараад байгаа гэдэг маань ган хайлуулах нүүрсний тухай л яриа гэдгийг ойлгоход тийм сүрхий ухаан сэхээ хэрэгтэй юм байх даа?
Төмрийн эриний түүхэнд түүхэндээ ч, одоо ч, ирээдүйд ч төмөргүй бол бид яанам билээ? Бид төмөртэй тэд төмөргүй цагт хэн хүчирхэг байв? Харин бид төмөргүй тэд төмөртэй цагт хэн нь хүчирхэг байх вэ? Бас бид төмрийг үл ойшоовол ирээдүйд яах юм бол доо?
А.Баатархуяг

 


URL:

Сэтгэгдэл бичих