Туслаач гэж малчид гуйгаагүй юм
Цаг хүндрэхээр л малчдад туслах аян өрнүүлж гадаад, дотоодоос “гуйлга” гуйдаг байдал хэвшил болчихлоо. Сүүлдээ малчдын өмнөөс хаягласан сүрхий жагсаалт гаргаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс татаас авч байгаа нь сүр дуулиан болж, нийгэм даяараа бухимдаж байна. Малчдад өгөх хандив авч ирээгүй хүүхдүүдийг бусдынх нь нүдэн дээр “цоллодог” дарамталдаг гэсэн нэгэн иргэний пост хүч авч, “Хүүхдүүд малчдад өргүй” гээд л нийгэм даяар жигшин зэвүүцэх хандлага газар авлаа. Ингэж малчдыг муулж, оо сойзоо бэлдэж ч чаддаггүй гэж арчаагүйгээр нь дуудаж байгааг өглөөнөөс үдшийн бүрий тасартал өвлийн тэсгим хүйтэнд сүргийнхээ хажууд бөөвийтөл суугаад тамхи нэрж буй тэр хөх өвгөн мэдээ ч үгүй яваа. Үнэндээ халуунд халж хүйтэнд хөрч насаараа мал дагасан малчны холч ухаан, хөдөлмөрийн үнэ цэнийг хотоос гарч хоёр уул давж үзээгүй наад захын “цагаан гартай” нэгэн цээжнийхээ бангаар нулимж, доромжилж сууна гэж хэн санахав.
Малчид хотын биднээс ч илүүтэй ном сонин уншиж, сурч судалж байж мал маллах арга ухаанаа “олж авдаг”, паартай байшинд найман цаг суугаад харьдаг биш хаврын хавсарга, цасан шуурга, аагим халуунд өдөр шөнийг үл ажран, хоолтой хоолгүй уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд малаа өсгөж амаа тосддог юм. Тэр хэрээр уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд унах унаатай, хүүхдүүдээ улсын их, дээд сургуулиудад хэнээс ч гуйхгүйгээр сургаж байна. Гадаадад ч мэргэжлийг нь дээшлүүлж цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, шинээр гарч буй хууль журмыг ч хүртэл судалж төрийн үйлчилгээг цаг алдалгүй авч байна. Өнөө цагт гэртээ зурагт, инернэтгүй, гаднаа машин, мотоциклгүй малчин айл нэг ч үгүй.
Чин үнэндээ байгаль дэлхий ивээлээ өгч, байгалийн давагдашгүй хүчин зүйл л малчдын хувьд хамгийн том шалгуур, бэрхшээл юм. Түүнээс малчид өнөөдөр оо сойз, гурил будаагаа бэлтгэж чадахгүйдээ биш. Байгаль дэлхий сайхан дулаарч ус унд, өвс ургамал элбэг дэлбэг байх юм бол тэдэнд өөр юу ч хэрэггүй. Харин ч зүдэрч яваа нэгнээ өргөж 5-10 мал үнэ хөлсгүй өгч малжуулж явдаг хүмүүс. Зарлаж сүр дуулиан болохгүйгээр эмнэлэг сургууль гээд тэрүүхэндээ хандив өгдөг нь нийтлэг үзэгдэл. Бүр сая саяар нь хандивлаад сургууль, цэцэрлэг тохижуулж байсан жишээ ч цөөнгүй бий.
Аль нэг байгууллагаас малчдын нэрийг барьж хандив тусламж цуглуулж л байдаг. Май гээд өгвөл мэдээж нэмнээнээс эхлээд хэрэгтэй. Тэр дундаа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн сэтгэл шингэсэн бэлэг гэвэл “Үгүй” гэхгүй л байх. Ер нь ингэж элдэв бусын жагсаалт гаргаж малчдад туслах нэрийдлээр тэдний хөдөлмөр зүтгэлийг харлуулахаа больё. Энд нэг зүйлийг онцлоход хамгийн гол нь малчид туслаач гэж гуйгаагүй юм. Дахин хэлэхэд, малчдад цаг агаар тогтуун сайхан байж, байгаль дэлхий ивээлээ хайрлахаас өөр юу ч хэрэггүй. Тэдэнд бүгд бий. Тиймээс малчдын нөр их хөдөлмөрийг хоосон шүлсээрээ гутаан доромжлохоо азная. Биднийг энд хий цэцэрхэж утсаа маажиж нэгнээ элдвээр шүүмжилж суухад малчид шоргоолж шиг хөдөлмөрлөж байгаа гэдгийг сана.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you10
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you7
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you 1
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/