“РИО ТИНТО”-Г ГААГИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ӨГӨХ ЦАГ БОЛСОН ГЭВ ҮҮ
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто” группийг Гаагийн олон улсын шүүхэд өгнө гэх мэдэгдлийг таван жилийн өмнө хийж байв. Учир нь “НҮБ-аас байгалийн нөөцөд тулгуурлан хөгжиж буй орнууд байгалийн нөөцдөө эзэн байх үүднээс халдашгүй дархан эрхийг тунхаглаж 1803 дугаар шийдвэрийг гаргасан. Үүний хэрэгжилтийг Гаагийн шүүх хянадаг. Тиймээс бид тус шүүхэд хандана. Мөн НҮБ-ын удирдлагад энэ талаар мэдээлэл явуулахаар болсон. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байхдаа хөрөнгө оруулагч нар Монгол Улсын Засгийн газартай “Good faith” буюу шударга хэлэлцээрийн болон тэгш эрхийн зарчим баримтлаагүй. Үүнээс гадна “Рио тинто” групп говийн усны нөөцөд заналхийлж байна” гэсэн юм. Гэвч энэ асуудал тэрүүхэндээ намжсан.
Тэгвэл Оюу толгойн компани өдөр бүр 5-6 сая ам.долларын борлуулалт хийгээд хоёрхон хувийг татвар, цалин, ашиглалтын төлбөрт өгдөг тухай Б.Жаргалсайхан өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Мөн тэрбээр “ГААГ-ын олон улсын шүүхэд хандан гэрээг сайжруулах, эргэн харах бололцоо байна. С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарын хийсэн энэхүү гэрээг ингэж сайжруулахаас өөр аргагүй. С.Ганбаатарын арван жилийн өмнө ярьснаар олон улсын шүүхэд Оюу толгойн гэрээг өгвөл гэдийсэн Рио Тинто-гийн чих зөөлөрч мэднэ” хэмээжээ.
Учир өнөөдрийг хүртэл Монгол Улс өөрийн баялаг болох “Оюутолгой”-доо эрчим хүч нийлүүлэх хэмжээний давуу эрх эдэлж чадахгүй байна.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангана. Ингэхдээ дөрвөн жилийн дотор гурван хувилбарын аль нэгийг сонгох үүрэг хүлээсэн аж. Харин энэ сарын дундуур ”Оюутолгой” ХХК-аас “Өмнөд бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан станцыг барих гэрээг цуцаллаа” гэх мэдэгдлийг гаргасан юм. Энэ дагуу Эрчим хүчний яамнаас бусад албаны хүмүүстэй мэдээлэл хийж, “Таван толгой ЦС”-ын ТЭЗҮ бэлэн хэмээн мэдэгдсэн юм. “Таван толгой”-н Цахилгаан станц баригдаж “Оюутолгой”-д цахилгаан нийлүүлэх нь Монголын эрх ашигт нийцнэ. Энэ ойлгомжтой зүйл. Гэхдээ сар шинийн өмнөх мэдээллээр бол “Оюутолгой” компани арай өөр ойлголттой байхаар харагдаж байна. Тэд өнгөрсөн баасан гарагт “Оюу толгой” компани уурхайг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах ажлын явцын талаар тодруулга хийж байгаагаа мэдэгдсэн байна.
Ингэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг шийдвэрлэх ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд үүнд уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбарыг эргэн судлаж байна. Энэ ажлын хүрээнд бид шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандах болно. “Оюутолгой” компани эрчим хүчээ Монголоос авна гэсэн заалтыг түдгэлзүүлснийг Засгийн газар сэргээсэн.Өнөөдөр Хятадууд болохоор 200 сая ам.долларын эрчим хүч нийлүүлж буй. Харин цаашид тэд “Тавантолгой”-н цахилгаан станцыг биш уурхай дээрээ ЦС-ын ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Ийнхүү Рио Тинто Монголын баялгийг давуу эрхээр ашигласаар байна….
П.ГОО
Оллоо.мн
URL: